-Сонгуулийн хуулийн төслөөр танай намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Намрын чуулганы хамгийн эхэнд хэлэлцэх асуудал бол Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Өнгөрсөн баасан гаригт хуралдсан ажлын хэсгийн хамгийн сүүлийн хуралдаанаар МАН-ын бүлгийн ажлын хэсгийн гишүүд Ардчилсан намын гишүүдэд тодорхой санал тавьсан. Нэг нь 52:24, нөгөөх нь 50:26 гэсэн хоёр хувилбар дэвшүүлсэн. Манай намын бүлгийн зүгээс өнгөрсөн хаврын чуулганаар ажлаа явуулах үүднээс 38:38 гэсэн хувилбарыг санал болгож, харилцан ойлголцож, Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаа баталъя гэсэн. Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар МАН-ын бүлгийн ажлын хэсэгт орсон гишүүдийн тавьсан саналыг хэлэлцэж, цаашаа яах вэ гэдгийг шийднэ. Хоёр бүлгээс албан ёсоор шийдвэр гараагүй байхад ажлын хэсгийн гишүүд тодорхой мэдээлэл өгөхгүй гэж тохирсон. Миний хувьд МАН-ын бүлгийн ажлын хэсгийн гишүүдийн тавьсан саналыг сүүлийнх гэж бодохгүй байна. Энэ чигээр нь баталчихгүй байх. Эхлээд намын бүлэг ярилцана. Тэгээд тодорхой алхам хийх болно.