Гэхдээ дөрвөн эрхэм хурлаа тасалжээ. Гишүүн Д.Загджав, Л.Гүндалай, Д.Дамба-Очир, Э.Мөнх-Очир нарыг Тамгын газрын бүртгэлд тийн тэмдэглэсэн байна. Энэ “ангийн” нэлээд дуулиантай дөрвөн гишүүн чуулганы нээлтийн өдрийн ирцийг “Т” үсгээр мялаав. Гишүүн Батж. Батбаяр, Л.Болд нар гадаадад, Ц.Дашдорж орон нутагт ажиллаж байна. “Хамуг Монголын Хөдөлмөрийн нам”-ыг үндэслэгч гишүүн Ц.Шинэбаярын бие чилээрхжээ. Бусад нь нээлтийн ёслолдоо ирсэн байв. Р.Буд гишүүн төв хийцийн саарал дээл, Д.Оюунхорол гишүүн ташуу энгэртэй хар торгон дээлээр нээлтийн ёслолдоо гоёж, бусад гишүүд хослолтой иржээ. Нэг үе хоргой торго, булга халиугаар гангарч ирдэг байснаа бодоход манай гишүүдийн “цээжний хор” арилсан бололтой.
Чуулганы нээлтэд төрийн гурван өндөрлөг бүгд ирж суудлаа эзэлсэн ч Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлсэнгүй. Ерөнхийлөгч нэгдсэн төсвийн төсөв хэлэлцэх үеэр үг хэлдэг уламжлалтай. Тэгэхэд нэг мөсөн хэлэх үгээ хэлэхээр болсон бололтой. Ерөнхийлөгч тааллаараа чуулганы үйл ажиллагаанд оролцож үг хэлэх хуулийн заалттай тул ганцхан УИХ-ын дарга чуулганаа нээж Төрийн дуулал эгшиглүүлэн үг хэлсэн юм.
УИХ-ын дарга энэ удаа үг авахдаа жаахан “чих хатуу” гишүүдээсээ хариуцлага нэхлээ. Ядаж байхад эрхэм гишүүд чуулганы үйл ажиллагаанд бэлтгэж хийх ёстой байсан байнгын хороодын гурван өдрийн хурлыг бүгдийг тасалчихсан. “Та биднийг амаргүй их ажил хүлээж байна. Өндөр хариуцлагатай ажиллацгаая” гэж Д.Дэмбэрэл дарга отгон намрын чуулгандаа морилсон гишүүддээ анхаарууллаа. Улс орны эдийн засаг, нийгмийн амьдрал нааштай сайхан байгааг УИХ-ын дарга үгийнхээ эхэнд онцолж байв. Урьд өмнө байгаагүй олон, 13 сая төл хүлээж авсныг, 480-аад мянган тонн үр тариа хурааж авах төлөв гарсныг, 130 гаруй мянган тонн буудайн нөөц бүрдүүлэх боломжтойг, гурилын үйлдвэрлэл хоёр дахин өссөнийг, уул уурхайн хөрөнгө оруулалт илтэд нэмэгдсэнийг онцлон дурдлаа. Эдийн засгийн өсөлтийг энэ онд 7,8 хувиар төлөвлөсөн нь Засгийн газрын тооцсоноор 12 хувь болж нэмэгдэх төлөв гарчээ. Хэрэглээний үнийн өсөлт оны эхнээс 5,2 хувьтай, инфляцыг нэг оронтой тоонд барьж чадсангы дуулгав. Үндэсний статистикийн хорооны мэдээнээс үзэхэд хүн амын бодит орлого сүүлийн дөрвөн жилд хоёр дахин өссөн гэсэн эерэг мэдээллийг УИХ-ын дарга үгийнхээ эхний хэсэгт хүргэв. Гэвч бодит амьдралд хэр байгааг гишүүд өөрсдөө чуулганы завсарлагаар тухайлж үзсэн биз.
Алдаа дутагдал байгааг спикер бас санууллаа. Үйлдвэрлэл, уул уурхайн бүтээн байгуулалт эрчимжиж байгаа бүс нутгуудад сургууль, эмнэлэг, соёл, цахилгаан эрчим хүч зэрэг нийгэм, дэд бүтцийн талаар зайлшгүй хийх ажлууд хугацаа алдан хоцорчээ. Зэсийн баяжмал, газрын тос, төмрийн хүдэр, нүүрс боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг хойш тавьсаар байгааг анхааруулав. Ингэснээр эдийн засгийн эрчимтэй хөгжлийг хангах, ажлын байр олноор бий болгох боломжийг алджээ.
Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын тал Оюутолгойн 50-иас доошгүй хувийг эзэмших тухай УИХ-ын шийдвэрт тусгасан заалт шударга гэж УИХ-ын дарга үзлээ. Олон жил хамтран ажиллах түншлэгчдийн бие биедээ хүндэтгэлтэй хандах соёлтой харилцаа нь Оюутолгойн зэснээс ч илүү үнэ цэнэтэй гэдгийг бас сануулна лээ. Тавантолгойн баялгийг ашиглахдаа гадаад орнуудын оролцоо, үндэсний компани байгууллага, иргэдийн эрх ашгийг зөв шийдвэрлэх зохистой бодлогыг явуулах ёстойг анхаарууллаа.
Сонгуульд амласан 1,5 сая төгрөгийн амлалтаа марталгүй биелүүлэхийг, гэхдээ эхийг нь эцээж тугалыг нь тураалгүй инфляци хөөрөгдөлгүй хийхийг УИХ-ын дарга гишүүддээ хэлсэн. Дахин мөнгөний амлалт авахгүй байхыг ч хатуу сануулсан юм. Сонгуулийн өмнөх жилийн төсөв, мөнгөний бодлогыг баталж, Сонгуулийн хууль, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хамтдаа зүй зохисоор хийх нь мөн л сонгогчдын өмнө хүлээсэн амлалт болохыг дурдаж байлаа.
Дандаа төрийн албыг бөөцийлөх тухай ярьдаг эрхэм гишүүд тэднийхээ цалинг 53 хувиар өсгөхийн сацуу хувийн хэвшилтэй түншилж ажиллах талаар анхаарахаа мэдэгдлээ. Хариуцлага, дахиад хариуцлага гишүүдийг хүлээж буйг эрхэм спикер сануулсан юм. Чуулганы нээлт ердөө 22 минутад багтаж дуусав.