Мередит Кершер гэгч Британи оюутныг хүчирхийлж, хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй Италийн Аманда Нокс, Рафаэл Солисито нарын давж заалдах шатны шүүх үргэлжилж байна. 2007 онд Италийн Перугия хотод Британийн 21 настай оюутныг хүчирхийлж, амийг нь хөнөөж, эд зүйлийг нь хулгайлсан хэрэгт дотуур байрны өрөөнд хамт амьдарч байсан Итали оюутан Рафаэл Соллесито, найз бүсгүй Америк оюутан Аманда Нокс нар буруутайг 2009 онд анхан шатны шүүхээр тогтоож тэдэнд 25-26 жил шоронд хорих ял оноосон юм. Харин Рафаэл Солисито, Аманда Нокс нар 2010 онд давж заалдсанаар шүүх хурал өдий хүртэл хойшлогдсоор ирсэн аж. Дээрх хэрэг Итали, Их Британи болон АНУ-ын сонин хэвлэлүүдээр шуугиан тарьсан нь хэргийг буруу тийш хөтөлж, нотлох баримтуудыг гажуудуулсан гэсэн шүүмжлэл гарах болсон юм. Охиныг хөнөөсөн хутга, сэжигтнүүдийн ДНХ-ээс авсан шинжилгээний хариу одоо ч маргааны сэдэв болсон хэвээр байгаа юм. Харин үүний дараа Аманда Нокс, Рафаэл Солисито нар өөрсдийгөө буруу шүүлтийн золиос болсон хохирогчид гэж үзэх болсон байна. Аманда Нокс, Рафаэл Солисито нарын өмгөөлөгчид тэднийг алдаатай, хянаагүй нотлох баримтын золиос болсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгохоор хичээж байгаа бол яллагчид анхан шатны шүүхээс тэдэнд оноосон 25-26 жилийн ялыг бүх насаар нь хорих ялаар өөрчлүүлэх санал оруулаад байгаа юм. Италид суралцаж байсан Британийн оюутныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй Аманда Нокс гэгч үнэхээр гэмт хэрэгтэн үү эсвэл гэм буруугүй хохирогч уу гэдэг нь одоо ч шүүгч нарын толгой гашилгасан асуудал хэвээр байгаа юм.
Н.Энх