-МАН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар ямар асуудал хэлэлцсэн бэ?
-Бүлгийн хурлаар төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ. Гишүүд төсвийн тодотголыг яаралтай гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Дутуу байгаа хөрөнгө оруулалтыг яаралтай гүйцээх шаардлагатай. Асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж тохирлоо.
-Төсвийн тодотголоор юу анхаарах ёстой гэж гишүүд үзэв?
-Энэ жилийн төсөвт орон нутгийн чанартай хөрөнгө оруулалтын ихэнхэд 10 хувь орчмыг тавиад л хийсэн байсан. Хөрөнгө оруулалт дутуу учраас нэлээд компанийн үйл ажиллагаа зогссон. Эсвэл компани өөрийн хөрөнгөөр хийгээд мөнгөө аваагүй хүлээж байгаа. Өр бий болсон. Түүнийг маш хурдан нөхөж олгох нь зүйтэй гэж үзлээ. Энэ пүрэв гаригт төсвийн тодотголыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх ёстой.
-Гол ямар объект дутуу байна гэсэн бэ?
-Тойрог бүрт сургууль, эмнэлгийн засвар, барилга, гүүр гэсэн зүйл яригдаж байна.
-Сонгуулийн хуулийн төслийг ярилцсан уу?
-Энэ удаа үгүй. УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ асуудлыг ярилцахаар болсон байна. Тэд санал гаргах байх. Манай бүлэг ажлын хэсэг хуралдуулахад бэлэн.
-Ардчилсан намаас санал ирэхгүй бол танай бүлэг хүлээж цаг алдах байдал үүсч болох уу?
-Хуулийг аль болох хурдан батлая гэж байгаа. Энэ долоо хоногоос ажлын хэсгүүд хуралдаж эхлэх болов уу гэж бодож байна. Байнгын хороодын хурлын завсар зайгаар ажлын хэсэг хуралдаж тодорхой саналуудыг бие биедээ тавих байх.