
УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт ер нь сэргэлэн эр шүү. Улсын төсөвт хөрөнгө мөнгө шаардлагатай, хүнд хэцүү байх үед Оюутолгой төслийн хэлэлцээрт орж байлаа. Энэ хэлэлцээр нь амжилттай болж, улсын төсөвт томоохон хөрөнгө оруулалт хийх “донор” ажиллагаа болсон. Харин өнгөрсөн баасан гарагт С.Баярцогт сайд дараагийнхаа “донор” ажиллагааг зохион байгуулав. Тэрбээр Сангийн яамны ажилтан, албан хаагчдын “100 санхүүч-100 донор” хөдөлгөөнийг эхлүүлэн Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цус хандивлах арга хэмжээг зохион байгуулсан байна. Энэ нь ч цаагуураа Сангийн яамны нэр хүндийг өргөх ажил болов. Гэхдээ С.Баярцогт сайд өөрөө энэ ажилд гар бие оролцсон нь хэр зөв шийдвэр байсан юм бол. Өнөөдрөөс УИХ-ын намрын чуулган эхэлж байгаа. Чуулган эхлэнгүүт мэдээж ирэх оны төсвийн талаар ярина. Мөн зарим орд газрын гэрээг шинэчлэн өөрчлөх асуудлыг ч энэ намрын чуулганаар хэлэлцэх нь тодорхой. Өнөөдрөөс эхлээд сонин хэвлэл, телевиз, радиогийн гол, гол нийтлэл, нэвтрүүлгүүд түүн рүү болон Сангийн яам руу чиглэх нь тодорхой. Донор сайд ч мундахгүй их ажилтай байх нь.
Б.Энхмөнх"Улс төрийн тойм" сонин