Боливт жагсаал үргэлжилсээр байна

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

Боливт жагсаал үргэлжилсээр байна

Боливийн Ерөнхийлөгч ард түмнээсээ уучлалт гуйж, Засгийн газрын сайд нар нь огцорчээ. Байгаль орчныг  сүйтгэх шийдвэр гаргасныхаа төлөө тэд ийм алхам хийсэн байна. Гэвч тэднийг буруутгасан Боливийн иргэдийн тэмцэл зогссонгүй, улам эрчимжиж эхэллээ.

Боливид эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна. Тус улсын иргэд Амазон мөрний сав нутагт автозам тавихыг болиулахын тулд ийн жагсаж байгаа билээ. Одоогийн байдлаар Боливийн нийслэл Ла Паз хотод 1000 орчим хүн цуглаад байгаа аж. Жагсаалыг удирдаж байгаа хүмүүсийн нэг болох Адольфо Чавез “Бид зорилгодоо хүрэхээс нааш тэмцлээ зогсоохгүй” хэмээн мэдэгджээ.

Эсэргүүцэгчдийн хувьд өнгөрсөн наймдугаар сараас хойш Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, жагсаал зохион байгуулж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт хууль сахиулагчид тэднийг хүчээр тараасан байна. Гудамжинд жагсаж байсан 1500 орчим хүний эсрэг 500 цагдаа зогсож, нулимс асгаруулагч хий цацаж, нэлээд үймээн болжээ. Үүнээс болж дөрвөн хүн нас барсны дунд гурван сартай хүүхэд байсан. Мөн 37 хүн сураггүй алга болсны долоо нь хүүхэд байсан тухай жагсагчид мэдээлсэн байна. Боливийн эрх баригчид “Хэн ч амь насаа алдаагүй” хэмээн мэдэгдсэн боловч жагсагчдын хэлсний дагуу хэрэг үүсгэн шалгахаар болсноо мэдээлжээ. Үүнээс болж Боливийн Дотоод хэргийн сайд Сача Льоренти огцорсон байна. Уг нь тэрбээр хүний эрхийн төлөөх тэмцлээрээ нэрд гарсан нэгэн байжээ. Гэвч жагсаалыг хүчээр тарааснаас болж Дотоод хэргийн яамыг хүчтэй шүүмжилж байгаа нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна. С.Льорентиэс гадна Боливийн Цагаачлалын асуудал  хариуцсан албаны дарга Мария Рене Куирога, Батлан хамгаалахийн сайд Сесилия Чакон нар огцорчээ.

 Энэ бүхний дараа Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес төрийн мэдлийн телевизээрээ “Бид өршөөл эрж байна. Ийм хурцадмал байдал үүсч, олон хүнийг бэртээж гэмтээнэ гэж би ч,  Засгийн газрын гишүүд ч бодоогүй” хэмээн мэдэгдсэн байна. Мөн тэрбээр авто зам барих ажлын явцыг зогсоож, ард нийтийн санал асуулга явуулахаар болжээ. Жагсагчдын хувьд ямар ч зэвсэггүй байгаа бөгөөд Э.Моралесыг шүүмжилсээр байгаа юм. Тэдний удирдагчдын нэг Росарио Баррадас “Бид түүний хэлсэн үгэнд огт итгэхгүй байна. Тиймээс  тэмцлээ үргэлжлүүлнэ” гэжээ.

Боливийн эрх баригчид үндэсний парк болон тусгай хамгаалалттай бүс нутгаар хурдны зам тавихаар төлөвлөж байсан юм. Бразилийн компанийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй энэхүү ажлыг гүйцэтгэснээр Чили, Перуг холбосон авто зам бий болно. Бразилийн Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндэсний банк замын төслийг 330 сая ам.доллараар санхүүжүүлж байгаа тухай Боливийн Засгийн газрын төлөөлөгчид мэдэгджээ. Төслийн нийт өртөг нь 415 сая ам.доллар юм. Энэ бол маш их мөнгө. Боливийн эрх баригчдын үзэж байгаагаар хурдны зам барьснаар Латин Америкийн  хамгийн ядуу орнуудын нэг Боливийн эдийн засагт нэлээд эерэгээр нөлөөлнө. Одоогийн байдлаар тус улсад гурван хүн тутмын нэг нь амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай аж. Гэвч жагсагчдын хувьд үүнийг үгүйсгэж, ямар ч ашиггүй хурдны зам барьсны улмаас байгаль орчин сүйдэж, цөлжилт хурдасна гэж дүгнэж байгаа юм.

Боливийн иргэд Ерөнхийлөгч Э.Моралесыг эсэргүүцэн тэмцэл өрнүүлж байгаа нь анхны тохиол­дол биш. Өнгөрсөн онд түүний хэрэгжүүлж буй бодлогод дургүйц­сэн хүмүүсээс болж Боливид  мөргөл­дөөн гарч, 30 хүн амь үрэгдэж байв. Боливийн оршин суугчид нь  хэдэн зуун жилийн өмнө уулынх болон талынх гэж хуваагдан хоорондоо зөрчилдсөөр иржээ. Харин 2006 онд тус улсад болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар “Социализмд хүрэх хөдөлгөөн” намын гишүүн Эво Моралес ялалт байгуулсан юм. Тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны индиан хүн. Харин хүн амынх нь 72 хувь индиан учир боливичуудын дийлэнх нь түүнийг дэмжжээ. Гэвч Э.Моралес ажлаа хүлээн авангуутаа эдийн засгийг төрөөс бүрэн хараат болгож, иргэдийнхээ эзэмшлийн газрын хэмжээг багасгаж, мужийн засаг захиргааны эрхийг хязгаарласнаас болж олон эсэргүүцэлтэй тулгарсан юм. Ажиглагчид түүнийг “Болив”-ийг социалист орон болгох гэж байна хэмээн шүүмжлэх болсон билээ.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж