Навчис
шаргалтсан намрын өдрүүдэд хэзээнээсээ ажилтай, гавшгай гэгддэг
сэлэнгэчүүд хадлангаа бэлтгэн, базааж байгаа бололтой, преселсэн өвс,
нуруулдсан хадлан харагдана. Хэдийгээр Баруун, Зүүнхараа орчим цас ихтэй
байгаа бололтой цайран харагдах ч Сэлэнгийн нийт нутгаар өнтэй сайхан
намар болж, ургац хураалтаа ерөнхийд нь нугалаад байгаа гэж нутгийнхан
ярьж байлаа. Галт тэрэгний зам дагуух жижигхэг хүнсний ногооны талбайд ч
хүмүүс ургацаа хураан ажиллаж байгаа харагдана. Өнгөрөгч бямба гаригт
Сэлэнгэ аймгаар зочилсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч хадлан
тариалангийн гол бүс нутгийнхан ургац арвин, налгар сайхан намаржиж
байгааг онцолж байлаа. Ердөө л ганц хоёрхон жилийн өмнө тус аймгийнхан
100 мянган тонн ургац хурааснаа олзуурхаж байсан бол өдгөө 200 мянган
тонн ургац хураадаг болсныг Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ онцлон тэдэнтэй
мэндчилсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрөгч бямба
гаригт үүрээр нийслэлээс мордож, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум болон
Дархан-Уул аймгийнхан буюу дарханчуудтай уулзаж ярилцаад шөнөдөө
нийслэлдээ ирсэн юм. Ц.Элбэгдорж 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд
долоон аймагт үнэмлэхүй ялалт байгуулсны нэг нь сэлэнгэчүүд байсан
учраас ихэд хүндэтгэлтэй ханддагаа илэрхийлж байлаа. Ерөнхийлөгчийн
өөрийнх нь хэлсэнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч байнга ирдэг зочдын нэг
биш учраас уулзалт болгон сонирхол татах нь зүй. Монгол Улсын
Ерөнхийлөгч аймаг, бүр чадвал сумдаар ч зочлох хүсэлтэй байдгийн нэг
уулзалт нь Сэлэнгэ, Дархан болов. Дархан-Уул аймагт болсон уулзалтыг
Монголын үндэсний олон нийтийн телевизээр шууд дамжуулсан болохоор
уулзалт ярилцлагыг тоймлон хүргэж байна.
Манай
нэг Ерөнхийлөгчийг хөдөө уулзалт хийхээр очиход тухайн үед хамгийн их
“мода”-нд орж байсан олон ангит киноны баатрын талаар “Стрелита Мегель
Ангель хоёр суух болов уу” гэж асууж байсан гэсэн бодит байдал ч юм уу
онигоо ч юм уу яриа байдаг. Дээр хэлсэнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч
ердийн бус зочин байдаг болохоор хүмүүс чадвал уулзаж санал хүсэлт
тавьж, ядахдаа гар барьж, зургаа хамт татуулахыг хичээдэг. Тэр ч ёсоор
улсынхаа Ерөнхийлөгчийг барааг нэг харсан дээрээ сумынхаа цэцэрлэгийн
тааз нь өмрөөд байгаа тухай, номын санг огт хайхрахгүй байгаа гэхчилэн
гомдол тавьдаг. Харин энэ удаад сэлэнгэчүүдийн гаргасан сумын номын санг
арвижуулах тухай саналыг Ерөнхийлөгч ч дэмжсэн. Гэхдээ энэ нь ч
уулзалтын асуулт ч бас өөр “төвшинд” өрнөдөг болсныг харуулах мэт. Аймаг
сумдаар явж иргэдтэй уулзах “дуртай” Ерөнхийлөгчийн хувьд “Би анх зарим
зүйлийг ярихад хүмүүс гайхан хүлээж авдаг байсан бол өнөөдөр харин
хүлээн зөвшөөрөгдсөн, заримынх нь хувьд танил, хүмүүс толгой дохин
хүлээж авч байгаа нь анзаарагдаж байна” гэж байлаа.
Элдэв
айлчлал, томилолтын сурвалжлагад олонтаа явж туршлагатай болсон
сэтгүүлчид уулзалтаар юу, юу яригдахыг бараг л бол урьчилаад
багцаалчихдаг гэдэг. Ялангуяа нөхцөл байдал хүндхэн аймаг, сумынхан бол
микрофон дээр уртын урт дараалал үүсгэж, уурлаж бухимдаж, уйлж гомдоллох
нь ч энүүхэнд байдаг. Харин боломжийн амьдралтай, басхүү мэдээлэлд ойр
аймгийнхны асуулт яриа ч намдуухан байдаг гэсэн “тодорхойлолт” байдаг.
Дархан-Уулчуудын уулзалтаас анзаарахад мэдээлэлд ойр байдаг нь ажил
хэрэгч маягийн уур амьсгалтай болсон уулзалтуудаас анзаарагдаж байлаа.
Ерөнхийлөгчийн өөрийнх нь хэлснээр “Миний ярих зүйлийг ч гэсэн та бүхэн
багцаалж байгаа байгаа, би ч та нарын асуултыг багцаалж байна дээ” гэж
байсанчлан хүмүүсийн хувьд танил, ойр сэдвүүд хөндөгдөж байлаа. Иргэдийн
эн тэргүүнд сонирхож байдаг асуултын нэг нь яалт ч үгүй Эх орны хишиг.
Ахмадууд хувь хишгээ тэргүүн эгнээнд авч болох уу гэсэн асуулт.
Сүхбаатар суманд болсон уулзалтад хөндөгдсөн. Энэхүү асуултад Сэлэнгэ
аймгаас сонгогдсон гишүүн бөгөөд Сангийн сайд С.Баярцогт хариулт өгөв.
Нийт иргэддээ 2012 оны зургадугаар сарын 30-н гэхэд нэг сая төгрөгийг
олгохоор ерөнхийд нь бэлтгэл хангаад байгаа. Үүнд, иргэн бүр сар бүр авч
байгаа 21 мянган төгрөг. Нийт 170 мянган оюутанд сургалтын төлбөр олгож
байгаа, 200 мянган ахмад настан, 140 мянган хөгжлийн бэрхшээлтэй
иргэдэд бэлэн мөнгө олгохоор ирэхийн жилийн төсөвт суулгаж буй. Үлдэж
буй хүмүүст стратегийн орд газруудын хувьцааг олгох гэх мэтчилэн бэлэн
ба бэлэн бусаар нэг сая төгрөгийн олгохоор тооцоолоод байгаагаа
танилцуулав. Яг энэ сэдвээс уялдаад ахмад настнуудын тэтгэврийг нэмж
болох эсэх тухай асуудлыг Ерөнхийлөгч эвлэгхэн тайлбарлав. Улстөрчдийн
амлалтаар бэлэн мөнгө тараахгүй бол тэр их хөрөнгийг цалин тэтгэвэр
нэмэх, зам барилга барих гэх мэт үй олон асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах
боломжтой болно гэсэн санааг илэрхийлсэн хэрэг л дээ. Улстөрчдийн хувьд
дайраад өнгөрөхөөс өөр аргагүй балчиг шавар ч бас байдгийг Ерөнхийлөгч
энэ далимд бас сануулаад үйлдвэр, зам барилга байгуулахын оронд бэлэн
мөнгө тараалаа гэж дөрвөн жил загнуулсан улстөрчид ч гэмээ мэдэж байгаа,
цаашид ч улс төрийн намууд бэлэн мөнгөний амлалтаас татгалзахаар гэрээ
байгуулсныг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлэв. Дашрамд нь бас элдвийг
амлаж, би ийм эрх мэдэлтэй болно гэж байгаа хүнийг бус, та ийм эрхтэй
болно, танд сайхан ажиллаж, амьдрах ийм бололцоо нөхцлийг бий болгоно
гэж амлаж байгаа улстөрчдийг сонгоорой гэж иргэдэд аминчлан захив.
АНУ-ын
Ерөнхийлөгч Барак Обама манай ерөнхийлөгчийн нүүрийг гараараа халхалсан
зурагны тухай дуулиан ид хүмүүсийн ярианы чимэг болж байгаа. Үүнийг ч
хүмүүс ер нь хоорондоо “Сонгуулийн хууль юу болж байна. Ирэх жилийн
төсөв ямар байна” гэж ярилцаж заамдалцаад байдаггүй болохоор Монголын нь
ч бас АНУ бүр цаашилбал дэлхийн олон улсуудын хүмүүс болон
хэвлэлийнхний ярианы сэдэв болж байгаа нь аргагүй л юм гэж Ерөнхийлөгч
зөвшөөрөв. Өөрөө ч нэг их сүртэй зүйл биш боловч далимд нь Монгол Улсын
талаар мэдэхгүй хүмүүст мэдээ хүргэсэн сайхан сурталчилгаа боллоо гэж
олзуурхан хошигнох байдлаар илэн далангүй ярьсан нь танхимд цугласан
хүмүүсийг хөөрхөн хөгжөөгөөд авав. Уг нь зураг авахуулахын өмнө Барак
ОБама тэр хоёр өмнө хэдэнтээ уулзаж байсан танилуудын хувьд мэнд
мэдэлцэн, богинохон боловч жирийн яриа өрнүүлсэн. Өнгөрөгч зургадугаар
сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Обамад “Хаадын нууц түүх”, тэргүүн хатагтай
Мишель Обамад “Хатдын нууц түүх” номыг бэлэглэсэн. Обама энэ номыг
уншсан, их сайхан ном болсон байна лээ гэлцээд өнгөрсөн. Харин зургаа
авахуулж дууссаны дараа Обама хүмүүст баярлалаа баяртай гэж гараа өргөн
мэндчилсэн нь ийм том шуугиан дэгдээсэн аж. Жирийн хүмүүсийн тэр бүр
мэдэхгүй бас нэг журмыг бас Ерөнхийлөгч эвийг нь олоод сануулаад
өнгөрөв, манай Ерөнхийлөгч гүйж очоод Обамагийн хажууд очоод зогсчихсон
гэж зарим хүн андуураад байгаа байсан бололтой юм. Олон улс болон төрийн
өндөр дээд арга хэмжээний үеэр тогтсон ёс жаяг журамтай, хаана зогсохыг
ч нарийвчлан заасан байдаг. Дуулиан болсон эл зургийг авахуулаад улс
орны Ерөнхийлөгч болгоны зогсох газрын тогтоон нэр улсыг бичсэн байсан.
Зохион байгуулагч орны Ерөнхийлөгчийн хувьд Обама хамгийн сүүлд орж
ирсэн. Харин манай Ерөнхийлөгч өөрийн тогтоосон байрлалд зогсохдоо өмнө
нь “АНУ” гэсэн тэмдэглээ байхыг хараад Обама энд зогсох юм байна дээ
гэсэншүү зүйл бодоод зогсч байсан ердийн нэг тохиолдол ийн дэлхийг
хамарсан дуулиан болсон. Бүр Америкийн оройны хошин шогийн хөтөлбөрийн ч
гол үйл явдал нь болсон. АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаа
болохоор Обамаг шүүмжлэх хүчнийхэн ч бас байгаа л юм хойно гэж
улстөрчийн бас нэг “зовлон”-г үгийнхээ далимд хавчуулж байна лээ.
Басхүү
хагас жил дамжин шуугиан болж байгаа цөмийн хаягдлын асуудлаар Монгол
Улсад хэзээ ч цөмийн хаягдал булшлахгүй байх болно гэдэг байр суурийг
хатуу баримталж байгаагаа дахин илэрхийлэв. Ерөнхийлөгч вээр НҮБ-ийн
чуулганы индэр дээрээс ч энэхүү байр сууриа илэрхийлсэн бөгөөд “Манайхан
уранаа гаргавал эргүүлээд цөмийн эргүүлээд цөмийн хаягдлаа авах аюул
байгаа юм байна гэж зарим хүмүүс ойлгоод байх шиг байна. Тийм зүйл
байхгүй шүү” гэж хүмүүсийг тайвшруулав.
Хүмүүсийн бас нэг
сонирхож байгаа асуудал нь Б.Хурцын хэмээх хэрэг. Үндэсний аюулгүй
байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурц өнгөрөгч долоо хоногт эх
орондоо ирсэн. Иргэд энэ талаар ихэд сонирхож бүр “Та түүнийг яаж
авчрав” гэж асуугаад амжиж. Хүн болгоны асуултад уриалган хариулах
дуртай Ерөнхийлөгч энэ удаад “Асуулт болгонд хариулах, дэлгэрэнгүй
мэдээлэл өгөх боломжгүй. Үр дүнг нь та бүхэн өөрсдөө харж байгаа шүү
дээ” гэх маягаар хариулав. Иргэд дахин дахин асуугаад байсан энэ
асуудлаар “Энэ талаар мэдэх гэвэл их олон жилийн хугацаа шаардлагатай
болох байх аа” гэсэн бас нэг битүү хатуу утгатай үг хэлнэ лээ. Иргэдийн
өмнө хоёр цагийн турш ярьсан түүний ярианаас анхаарал татсан хурц
асуудалд ямархуу байр суурьтай байгааг нь тоймлохоор зүйл олон байсан.
Тухайлбал, Сонгуулийн хуулийн энэ парламент батлан цэгцлэх ёстой. Хоёр
нам асуудлаа шийдэж чадахгүй байгаа бол шууд УИХ-д оруулж ирээд л санал
хураан шийдэх ёстой гэж үзэж байгаа. Үндсэн хуулийг өөрчлөх тухайд бол
хатуу эсрэг байр суурьтай байгаа бөгөөд өмнө нь хийсэн Үндсэн хуулийн
өөрчлөлтийг “дордуулсан долоон заалт” гэж үзэж байгааг хүлээн
зөвшөөрсөн. Тийм ч учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар санал орж
ирвэл, Ерөнхийлөгчийн хориг хэмээх алхам байгааг сануулав.
Мөн
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг тойрсон маргааны талаар
“Монголчууд хэлсэн амнаас буцах дургүй” гэсэн ганц өгүүлбэрээр өөрийнх
нь байр суурийг тодорхойлж болмоор. Харин бас нэг онцолж байгаа зүйл нь
гадаадынхантай хэл амаа ололцож чадахгүй байгаа бол Монголынхоо
томоохон компаниудыг нэгтгээд, тэдэндээ боломж олгоё гэсэн нэг санаа
байв.
Уран гоё ярьдаг, хүмүүсийг өөрийнхөө үгэнд татаж чаддаг
уран илтгэгч цөөхөн улстөрчдийн нэг магадгүй хамгийн чадварлаг нь гэж
хэлж болох түүний үгийг тоймлон хүргэхэд хэцүү. Ерөнхийдөө өөрийн үед
хөндөгдөж байгаа асуудлууд болон дуулиан дагуулсан асуултуудад хариулт
өгч чадав. Гэхдээ түүний хэлсэн ярьсан хэдийнэ таны сонорт хүрсэн бас
танил байгаа биз. Яагаад гэвэл 1990, 1996, 2009 оны Элбэгдорж, Элбэгдорж
хэвээрээ л байгаа учраас гэж Ерөнхийлөгч вээр өөрөө тодотгож байлаа.
"Ардын эрх" сонин
