
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар энэ жил нийслэлийн утааг бууруулах зорилгоор хязгаарлалтын бүс тогтоож, хязгаарлалтын бүсийн айл өрхүүд утаагүй түлш, утаа бага гаргадаг зуух зэргийг хэрэглэснээр утааг бууруулах ажлын хэсэг гаран нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллаж байгаа. БОАЖ-ын сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хооронд байгуулсан гэрээ болон агаарын тухай, агаарын бохирдлыг бууруулах хуулийн хүрээнд хотод түүхий нүүрс түлэхгүй байх гурван бүс газрыг сонгосон. Нийт 50 хорооны 100 мянган өрх айл ирэх жил түүхий нүүрс түлэхгүй байх учиртай. Баянгол дүүрэгт 7 хорооны 10 мянга гаруй өрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт 11 мянган өрхийг түүхий нүүрс огт түлүүлэхгүй байх юм. Цаашилбал утаа бага ялгаруулдаг зуухыг нийслэлийн зургаан дүүргийн 34 хорооны 70 мянган айлд тарааж байж утаатай тэмцэхээр болсон.
Үүний дагуу Чингэлтэй дүүргийн зарим хороодын хязгаарлалтын бүсийн айл өрх утаа бага гаргадаг зуухны хэрэглээний талаар сурвалжлахаар тус дуургийн 10-р хорооны зарим өрхөөр зочилсон юм. Чингэлтэйн нэгийн 30 тоот айл хязгаарлалтын бүсэд хамаарагдана. Тэднийх нам даралтын зуух хэрэглэж байгаа бөгөөд өөрсдийн ажиллуулдаг дэлгүүртээ утаа бага гаргадаг зуух хэрэглэж байгаа гэнэ. Энэ айлын эзэн хэлэхдээ “Манайх энэ зуухыг анх зарагдаж эхлэхэд нь авсан. Сүүлийн хэд хоног түүхий нүүрс түлсэн. Уг нь үнс бага гаргадаг, цэвэрхэн сайхан л юм харин зуухан дээрээ тогоо тавьж хоол хийж болохгүй юм. Их жижиг болохоор тэр нь хэцүү юм. Тэгээд хоол цайгаа тог ашиглаж хийж байна. Бас халаалт нь тийм ч сайн биш юм. Гэрт бол халаалт нь сайн байж болох ч байшинд бол арай л бага халааж байна. Бүр хүйтрээд ирэхээр яахыг мэдэхгүй байна. Харин тэр утаагүй түлшнийх нь талаар мэдэх юм алга. Бид бүгдээрээ түлэх юм уу эсвэл зарим нэг нь түлэх юм уу бүү мэд. Тэр талаар ямар ч мэдээлэл алга. Одоогоор түүхий нүүрсээ түлж байна” гэлээ. Утаа бага гаргадаг зуухны талаар олон хүн ам сайтай байсан. Чингэлтэйн 6-139 тоотод хоёр гэр байдаг. Эдгээр өрхүүд утаа бага гаргадаг зуухаа худалдан авсан гэнэ. Тус айлын эзэн хэлэхдээ “Манайх зуухаа аваад удаагүй байгаа. Гэхдээ саяны хэдэн өдөр хүйтэрхэд нүүрс түлэхэд үнс бага гардаг, цагаан өнгийн утаа гарч байсан. Гарч байгаа утаа нь ч гэсэн үнэр багатай юм билээ” гэж байсан. Зарим нэг айлын пийшин хэвтээ байрлалтай баригдснаас утаа бага гаргадаг зуухыг тавих боломжгүй учраас өөрсдөө өөрчлөх эсвэл пийшингээ нураах зэрэг ажлууд гарч байгаа аж. Гэвч иргэд утаатай зууралдаж байхаар утаагүй байсан нь дээр учраас гээд пийшингээ нураахдаа дургүйцэхгүй байгаа нь иргэд ч гэсэн утаатайгаа тэмцэж байгаа юм байна гэсэн бодол төрөв. Харин Чингэлтэй дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны айлуудаас утаагүй түлшний талаарх мэдээлэлтэй хүн байсангүй. Уг нь Чингэлтэй, Баянгол дүүргийн зарим хороодод утаагүй түлш хэрэглэхээр болсон. Гэтэл эдгээр хорооны иргэд хаанаас утаагүй түлш худалдан авахаа өдийг хүртэл мэдээгүй байгаа гэх. Чингэлтэй дүүргийн иргэн П.Сэлэнгэ “Манайх зуух авсан. Харин утаагүй түлшний талаар мэдээлэл алга. Тэр чинь угаасаа хүрэлцэхгүй байгаа гэсэн ш дээ. Хүрэлцэхгүй байгаа юм чинь үнэтэй л зарагдах байлгүй гэж бодоод хуучин түлдэг байсан нүүрсээ авч байгаа. Тэгээд бас утаагүй түлшээ машинаар нь зарж байгаа гэсэн. Иргэдийн амьжиргаа ямар байгаа билээ. Машинаар авах хүн олдохгүй шүү дээ. Би гэхэд өрх толгойлсон эмэгтэй. Өдөр болгон жижиг шуудайгаар нь авч хэрэглэдэг. Яагаад шуудайтай нүүрс байнга зардаг гэхээр хүмүүс дандаа шуудайгаар нь л авдаг болохоор тэр. Энэ мэтийг нь судалж утаагүй түлшээ зарахгүй бол хүмүүс түүхий нүүрсээ зарсаар л байх болно. Утаатай зууралдаж, үмхий үнэр үнэртүүлээд явахыг хэн хүсхэв дээ. Утаа бага гаргадаг зуухаа манай энэ хавийхан бүгд авсан. Харин утаагүй түлшний талаархи мэдээлэл бараг бүгдэд нь байхгүй байх” гэж байлаа. Утаа бага гаргадаг зуухаа аваад хэрэглэж болж байна харин одоо утаа бага гаргадаг түлшээ тараагаад өгчихвөл нэг дүүрэг ч гэсэн утаанаасаа салах нь.
Хязгаарлалтын бүсэд орших айлуудын өвөл хэрэглэх түлшийг өнгөрсөн зургадугаар сараас нөөцөлж эхэлсэн. Амгаланд дөрөв, Сонгинохайрхан дүүрэгт нэг, Төмөр замын ойролцоо нэг гээд нийт 1000 гаруй метр квадрат талбайд агуулна. Одоогоор нийт түлшний 1745 тонн нь нийлүүлэгдсэн байгаа аж. Үртсэн түлш нэг тонныг 120 мянган төгрөгөөр борлуулна харин 40 мянгыг цэвэр агаар сангаас хөнгөлж иргэд 80 мянган төгрөгөөр худалдан авна. Хагас коксон түлш нэг тонн 150 мянган төгрөг. Үүнээс 60 мянгыг цэвэр агаар сангаас хөнгөлж, иргэд 70 мянган төгрөгөөр худалдах авах боломжийг бүрдүүлж байгаа гэж нийслэлийн агаарын чанарын албаны дарга Д.Мөнхцог хэлж байсан. Мөн хязгаарлалтын бүсийн айл өрхөд тараах хөнгөлөлтийн картаа тараагаад эхэлсэн гэж байсан. Энэ дүүрэгт л гэхэд хөнгөлөлтийн карт төдийгүй утаагүй түлшний талаар мэдээлэлтэй нэгэн ховор байв. Тэр ч бүү хэл хязгаарлалтын бүсийн борлуулалтын цэг нь амралтын өдөр ажилладаггүй гэж бухимдах нэгэн ч бас байсан. Чингэлтэй дүүргийн иргэн М.Дагва “Бид чинь өдөр бүр ажилтай байдаг. Амралтын өдрөө ирэхээр ажиллахгүй амрана гэдэг. Уг нь ажлынхаа заваар ирээд мэдээлэл авах гэхээр ийм байх юм. Зурагтаар болохоор шахмал түлш нь дутуу байгаа гэхээс өөрийг хэлэхгүй. Хэрэгтэй гэсэн мэдээллээ хаанаас авах вэ. Хязгаарлалтын бүс гэж ярихаас цаашгүй. Зуухыг нь авсан одоо яах вэ. Түүхий нүүрс түлж болох үгүйг нь ч мэдэх юм алга” гэж байсан.
Иргэд болж байна. Харин борлуулалтын цэг, мэдээлэл сурталчилгаагаа сайн өгөх хэрэгтэй байгааг хэлэх нь олон байсныг дуулгах. Ямартай ч иргэд утаанаасаа салахыг хүсч байна. маш ихээр. Харин үүнд нь холбогдох албаныхан тодорхой мэдээллээр хангаж хамтарч ажиллахгүй бол хийж байгаа нэртэй хэдэн төгрөг үрээд суугаад байвал санаачилж, хийж бүтээх ажлынхаа үр дүнг ойрын хэдэн жилдээ харахгүй нь бололтой.
"Ардын эрх" сонин
