
янгир, ирвэс, шилүүсээр дүүрэн Алтайн уулс уул уурхайн компаниудын хөлд
нэрвэгдэн, ухсан нүх, овоолсон шороогоор дүүрчээ. Арай ч дээ гэж уулга
алдах ч багадмаар. Мөнгө цагаан, нүд улаан гэж. Говь-Алтай аймгийн
Цээл сумын Бор үзүүр хэмээх газар байрлах “Алтайн Хүдэр” компани Таян
нуурын төмрийн хүдрийг олборлодог. Цагтаа энэ нутгаас хятадуудыг хөөж
гаргахад “Алтан бөгстэй мөнгөн унага минь” хэмээн дуу алдан уйлж байсан
тухай хууч яриаг багадаа зөндөө л сонсдог байж билээ. Хөрсөн доорх
эрдэнэс баялгийг мэддэг болоод тэгж уйлсан юм болов уу. Харин өнөөдөр
30-40 жилийн төмрийн хүдрийн нөөцтэй гэх уг ордоос тум компани тэгш
тоотой сар бүрд 210-240 мянган тонн төмрийн хүдэр Хятадын хилээр гарна.
Тонн төмрийн хүдэр 80 ам.доллар. 80 тоннын “Норд Бенц”-үүдэд 80
тоннын чиргүүл чирсэн хүнд даацыг тэрэгнүүдийн хөлд хөөрхий нутаг минь
ширвэгдэж, хүнээр бол бүр нүднээс гарчихаж гэмээр. Хилийн цаана “алтан
бөгстэй мөнгөн унага минь” хэмээн халаглан, харамсан хөөгдсөн өнөөх
хятадуудын удам монголчуудаар өөрсдөөр төмрийг нь ухуулж, зөөлгөсөн
шигээ суугаа аж.
Алтайн Хүдэр компанийн цонхоор харвал зөвхөн
бүтээн байгуулалт л харагдана. Монгол Алтайн нурууны нэгэн хоолойд
өдөржин дүнгэнэх машин дуу, хүнд даацын машины дугуйнд элэгдэж, эвдэрсэн
байгаль, тасралтгүй үргэлжлэх шороо тоос, тухайн орон нутаг үе дамжин
мал сүргээ хариулж ирсэн малчдын амьдрал огт харагдахгүй. Төрсөн нутаг
минь үнэхээр өөрчлөгдөж. Гол горхинууд нь ширгэж, усны усны хомсдол
нүүрлэж. Зарим нь бүр халдварт өвчний голомттой хэмээн ад үздэг болоод
удаж. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хэлснээр халдварт өвчин байнга
гарна гэдэг тухайн орон нутгийн хөгжлийн нэг үзүүлэлт гэнэ. Агаар, ус,
хөрсний бохирдлоос үүсдэг өвчин юм байх. Жаахан шороон шуурга шуурвал
аймаар аймаар улаан өтгөн тоос татдаг гэнэ лээ. Тэр нутгийнхан
бүгдээрээ амьсгалын замын өвчтэй болоод удсан гэх.
Уул уурхайн
компаниуд болон малчид хэзээ ч анд байгаагүй, байх ч үгүй байх. Учир
нь компанийн үйл ажиллагаагаа явуулахад малчдын эрх ашиг хөндөгдөж,
бэлчээрийг нь тээврийн зам, ашиг орлогын үүд болгодогт нь малчид
дургүй. Харин компанийн удирдлагууд малчид нүд нь харанхуй хэн нэгэн
юу гээд дуугарчихна түүнийг тоть шиг давтдаг тэнэг хүмүүс мэтээр ярьж
байна лээ. Нутаг оронд нь сүйрэл авчирч байгаагаа хөдөөний хүн хотод ТҮЦ
ажиллуулахад “Би хотын хүн” гээд чихрийг нь үнэгүй авдаггүйтэй адилтгаж
үзэж байна. Сэтгүүлч очоод ажил үүргээ гүйцэтгэхийн тулд тухайн
компанид албан тоот явуулж, зөвшөөрөл авах ёстой гэсэн. Нөгөө
хариуцлагатай уул уурхай, ил тод байдал хаа яваа юм бүү мэд. Хаанаас
хэний захиалгаар явж байна гэж хардангуй асуух. Тус уурхайн удирдлагууд
мөнгөтэй л бол бүгдийг худалдаж авна гээд бодчихсон бололтой. Өглөөний
найман цагаас шөнийн 00 цаг хүртэл ажиллах тохиолдолд энүүхэнд гэнэ лээ.
Эдгээр ажилчдын ихэнх нь нутгийн иргэд. Харин уурхайн дарга нар нь Цээл
сумд байгаа мэдлэгтэй, мэргэжилтэй гэсэн бүхнийг манай компани татаж
ажиллуулж байна гэх. Харин орон нутгийнхны ярьснаар бол эдийн засгийн
мэргэжилтэй хүн засварчнаар ажиллаж байгаа гэсэн. Харин тэд мэдээлэл
алдагдахаас айгаад орон нутгийн иргэдийг дээгүүр албан тушаалд авдаггүй
гэнэ. Ямар мэдээлэл болчихоод нуугаад дараад байгаа нь ойлгомжгүй.
Одоогийн байдлаар тус компанийн лецинзтэй талбайгаас гантиг чулуу илэрч,
нөөцийг нь тогтоохоор ажиллаж байна. Тэндээс олборлогдсон гантиг чулуу
мөн хил “давах” ойлгомжтой. Тэр нь гантиг олборлолтын “бүтээн
байгуулалт”.
Говь-Алтай аймгийн Цээл сум Өмнөговийн Цогтцэций,
Ханбогд зэрэг сум шиг хөгжих боломж бололцоогоор дүүрэн. Эдгээр сум шиг
хишиг хүртэхийг урьтал болгосонгүй. Өвөг дээдэс минь бидэнд онгон дагшин
байгаль, амьтан ургамлын цогц болсон сайхан нутгийг хүлээлгэн өгсөн.
Хойч үедээ бид энэ хэвээр өгөхөөс нэгэнт өнгөрсөн. Харин хөгжил дэвшил
авчирсан байдлаар хүлээлгэн өгнө хэмээн үзэх ард иргэд ашиг олохоо эн
тэргүүнд тавьсан уул уурхайн компанийн хооронд асуудал үүсч, тэмцэх
дээрээ тулаад байна. Харин нутгийн ард иргэдэд улс 70, 80 жилийн турш
шийдээгүй асуудалд манай компани оролцох албаггүй гэсэн хариулт өглөө.
Нөөц дууссаны дараа төмрийн хүдрийн хаягдлан уул, уурхайн том карьер л
үлдэнэ. Хятадын хил хүртэл байгуулсан сайжруулсан замаар нь өөр төрлийн
үнэт эрдэнэсээ зөөнө.
Энэ уурхайд хүний эрх хамгийн их
зөрчигдөхөөс гадна гэмт хэрэг, осол аваар өдөр тутам гарна. Жолооч нар
тоосноос болон зам тээврийн осол байнга гардаг. Үүнийг зохицуулахаар
жолооч нараа 20 км цагаас дээш хурдтай явахыг нь хоригложээ. Саяхан
улсын авто тээврийн газраас шалгалт хийгээд “үүнийг үлгэр жишээ болгоно”
гээд буцсан байна. Инээдтэй байгаа биз Замаа сайжруул гэхийн оронд 20
километр хурдтай яв гэж байдаг. Алтайн Хүдэр компанийн дарга нартай
уулзаж суухад “Асуудалгүй байгууллага гэж байдаггүй юм” хэмээн уурлан
хариулах эрхмийг Мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга
Ж.Эрдэнэ-Уул гэнэ. Асуудлыг харин яаж зохицуулдаг болохоо Говь-Алтай
аймагт ажиллаж байх харууллаа. Аймгийн гаалийн хорооныхонтой оройн 10
цаг хүртэл архидаж явж байхтай нь таарсан. Ямар ч үг дуугүй машиныхаа
урд хаалгаар зүтгэн зугтаж байна. Эндээс харахад асуудлаа архиар
зохицуулдаг бололтой юм. Албаны ажил, архи дарстай холилдон явагдаж
байгааг нь харсаар байтал “бид даргатай ажил хэргийн холбоотой байдаг.
Хүмүүс хахууль өгсөн мэт ярьдаг. Тийм юм ерөөсөө байхгүй” гээд ярина.
Өөрийн
төлөх ёстой мөнгө хэдхэн үлдсэн байгаа гэх бол харин улсад төлсөн
зүйлээ санаанд багтамгүй нэмж хэлчихээд ичсэн царай байхгүй
үргэлжлүүлээд худал ярина.
“Манай компани Монголын 100 хувийн
хөрөнгө оруулалттай, Говь-Алтай аймгийн төсөвт 10 тэрбум төгрөг төлсөн
аймгийн төсвийн 93,4 хувь байдаг. Бидний өгсөн мөнгөөр бүх сум төсвөө
хангадаг. Татвараа хууль номынх дагуу цаг хугацаанд төлж байгаа гээд л.
Гэтэл энэ бүгд цөм худал. Аймгийн төсөвт 10 тэрбум оруулах нь бүү хэл
улсаас ч ийм хэмжээний мөнгө төсөвлөдөггүй аж. “Алтайн хүдэр” компани
өнгөрсөн жил уурхайн үйл ажиллагаа алдагдалтай гарсан хэмээн “унжиж”
байж 175 сая төгрөг өгсөн. Харин энэ жил 1,2 тэрбум төгрөг төлөхөөр
болжээ. Одоогоор аймгийн санд төлөгдөх ёстой газрын төлбөр, ашигт
малтмалын төлбөр, өнгөрсөн оны татварын үлдэгдэл зэрэг олон сая
төгрөгийн өр байна лээ. За, тэгээд захирлууд нь хотоос нисдэг тэргээр л
очдог гэсэн.
Монголын хөрөнгө оруулалттай компани Монголчууддаа
ингэж хандаж байхад гадны ямар сайхан уул уурхайн нэр хүндтэй компани
бидэнд юу хийж өгөх билээ. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ хэмээн
төр хэнээрхэх ч бодит байдал дээр нийцэхгүй байна. Хариуцлагагүй уул
уурхай Монголыг ямар болгож байгаа нэг жишээ энэ.