Бид өрсөлдөөнд итгэдэг үү?

Хуучирсан мэдээ: 2011.10.02-нд нийтлэгдсэн

Бид өрсөлдөөнд итгэдэг үү?

Сайн компани, чанартай сайн бүтээгдэхүүнийг өрсөлдөөн л тодруулдаг.

Спортын их аваргууд шударга өрсөлдөөнөөс л төрдөг. Хэн ч тэднийг томилдоггүй.

Шударга өрсөлдөөн бол бизнес, спортын хөгжлийн гол нөхцөл.

Компаниуд хуйвалдаж далд тохиролцвол монополь тогтож, барааны үнэ өсч, үйлчилгээний чанар мууддаг.

Өрсөлдөөн байхгүй бол бөх найрч, наадам тэмцээн хуурамч бөгөөд сонирхолгүй болдог …

Бид энэ бүхнийг сайн мэднэ. Тийм ч учраас бид монополийг хязгаарлаж, шударга өрсөлдөөнийг дэмждэг. Спортод ч, бизнест ч найрах, хуйвалдахыг зөвшөөрөхгүй.

Бид өрсөлдөөнд итгэж, өрсөлдөөний орчныг хуулиар хамгаалдаг. Шударга өрсөлдөөн хөгжил авчирна гэдэгт бид бүрэн итгэдэг.

… Хмм … Тийм гэж үү? Бид үнэхээр өрсөлдөөнд дандаа итгэдэг гэж үү?

Монголын улс төрд өнөөдөр өрсөлдөөн алга болж монополь үүсч байна. Түүнийг МАНАН гэж нэрлэнэ үү, эрх баригч бүлэглэл гэнэ үү мөн чанар нь адил. Энэ бол чөлөөт өрсөлдөөнийг хуйвалдаанаар сольсон бизнесийн картельтай адил бүтэц.

Улс төрийн энэ картель нь бүх асуудлыг далд тохиролцоогоор шийдэж, засаглалыг хяналт хариуцлагагүй болгож байна. Улс оронд ямар ч их баялаг, их боломж байсан муу засаглал өөрөө улс орны хөгжлийн гол саад болж эхэллээ.

Энэ картель засаглалыг ялзруулж, нийгмийг хямруулж байна. Энэ картель монополь байдлаа хадгалж үлдэхийн тулд бэлэн мөнгө тарааж, олон түмнийг хахуульдаж байна.

Монголын улс төр дэхь энэ картелийн талаар олныг хэлж болох ч бидний олонх маань тэр бүхнийг хэлүүлэлтгүйгээр сайн мэднэ. Гэсэн ч бидний олонхи маань энэ монополийг сайн зүйл хийнэ гэж итгэж хүлээсээр байна. Эрх баригч намууд эвтэй найртай “зөвшилцөж” улс орноо хөгжүүлнэ гэж итгэсээр байна.

Бид улс төрд бол “зөвшилцөж”, “стандарт бусаар” хамтран засаглах картель байгуулж болно, харин бизнес, спортод бол зөвхөн өрсөлдөх хэрэгтэй гэж итгэж байна.

Бид үнэхээр өрсөлдөөнд итгэдэг юм болов уу?

http://www.enkhbat.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж