Т.Чулуунтөмөр ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.10.01-нд нийтлэгдсэн

Т.Чулуунтөмөр ялагдлаа

Азербайжаны нийслэл Баку хотноо боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын баг тамирчид анхны ялагдлаа хүлээлээ. ДАШТ-ий хуваарь ёсоор өнөөдөр 60 ба 75 кг-ын тоглолтууд болж байгаа юм. Улмаар 60 кг-д Б.Жавхлан учраагаа ялаад байсан бол 75 кг-ын жинд эх орноо төлөөлсөн ОУХМ Т.Чулуунтөмөр Сербийн тамирчин Александр Дреновакт ялагдлаа. Хоёр тамирчны тулаан эн тэнцүүхэн үргэлжилж, гуравдугаар үеийн төгсгөлд онооны харьцаа 21:21 (6:8, 6:5, 9:8) болж тэнцсэн ч шүүгчдийн саналаар Сербийн тамирчинд ялалт өгсөн юм.

Энэ жилийн ДАШТ-д Монголын тамирчид найман жингийн ангилалд тамирчдаа сойж буй. Хамгийн хөнгөн жин болох 49 кг-д Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба эхний тойрогт гоц мөргөсөн бол дэлхийн аваргын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт /52 кг/, ОУХМ Д.Отгондалай /56 кг/, ОУХМ Б.Жавхлан /60 кг/, дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн аварга, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ /64 кг/, ОУХМ Б.Түвшинбат /69/, ОУХМ С.Эрдэнэбаяр /81/ нарын зургаан тамирчин эхний тойрогт тус тусын өрсөлдөгчөө ялаад байна.

Есдүгээр сарын 26-нд эхэлсэн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бүх жингийн эхний тойргийн тулаанууд өнөөдөр өндөрлөж байна. Харин маргаашнаас хоёрдугаар тойргийн тоглолтууд эхлэх юм. Маргааш дэлхийн аваргын рингэнд 52, 64, 69, 81 болон +91 кг-ын жингийн тулаанууд болох ба Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ, Б.Түвшинбат, С.Эрдэнэбаяр нар ээлжит тоглолтоо хийнэ. Тоглолт Монголын цагаар 14.00 цагаас эхэлнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж