Ирэх оны төсөв хүнээ хөгжүүлэхэд чиглэсэн гэв

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Ирэх оны төсөв хүнээ хөгжүүлэхэд чиглэсэн гэв

Монгол Улсын Улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулиудын төсөл болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.   Эдгээр хуулийн төслүүдийг Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай, Нэгдсэн төсвийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг удирдлага болгон боловсруулсныг Ерөнхий сайд онцлоод  Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу тооцоход тэнцвэржүүлсэн зэсийн үнэ 6663.5 ам доллар, боловсруулсан нүүрсний үнэ 166.58, коксжих нүүрсний үнэ 102.60, чулуун нүүрсний үнэ 72.40, хүрэн нүүрсний үнэ 57.20 ам.доллар байхаар байна. Ирэх 2012 оны алтны үнийн төсөөллийг тооцохдоо олон улсын нэр хүнд бүхий санхүүгийн байгууллагуудаас зарладаг үнийн төсөөлөлд үндэслэн алтны үнийг 1723.75 ам.доллар байхаар тооцсоноо дурьдав.

Ингэснээр Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,365.1 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 35.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 7,106.0 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 39.5 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 740.9 тэрбум төгрөг буюу  дотоодын нийт бүтээгдэхүүний 4.1 хувь байхаар төсвийн төсөлд тусгажээ. Тэрбээр 2012 оны төсөв нь хөгжлийн шинэ гараан дээр ирсэн манай улсын эдийн засгийн бүтцийг шинэчлэн, урт хугацаанд эдийн засгийн өндөр өсөлтийг хангах замаар монгол хүнээ ажилтай, орлоготой болгоход чиглэж байгаа.  Өөрөөр хэлбэл ирэх жилийн төсөв нь иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, эрхэлж байгаа бизнес, бүтээн байгуулалт, ажлын байр бий болгоход нь хөрөнгө оруулж өрх гэрийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад чиглэж байгааг онцлов. Мөн ирэх он нь хоёр намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, УИХ-ын сонгуулийн дараа намуудын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд тусгасан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх сүүлийн жил учраас мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд анхаарч нөөц бололцоогоо бүрэн дайчилсан төсөв болсон. Эдийн засгийн өсөлтийг хүндээ, хөгжил рүү чиглүүлсэн, тэгэхдээ төсвийн алдагдалгүй байхыг гол болгосноо тодотгов.

Намуудын сонгуулийн амлалтыг бүрэн хэрэгжүүлэхтэй уялдуулж хүнээ дэмжих үүднээс ирэх онд цалин, тэтгэврийг хоёр удаа үе шаттайгаар нэмснээр 2008 оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн байх, мөн цалингийн доод түвшинг 2.3 дахин нэмэх замаар цалин, тэтгэвэр хол зөрүүгүй байх суурь зарчмыг Засгийн газар  барьж байгаа. Энэ үндсэн дээр эхний удаад цалин, тэтгэврийг 80 мянган төгрөгөөр, дараагийн удаа 23 хувиар нэмэхээр төсвийн төсөлд тусгасан. Ингэхдээ цалингийн сүлжээ, мөн хөдөлмөрийн үнэлгээний ялгаа түвшинг хэт алдагдуулахгүй байхыг хичээсэн гэдгээ Ерөнхий сайд хэллээ. 

Мөн стратегийн орд газруудаас орох орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хишиг хүртээх эрх зүйн болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаснаа ирэх онд бүрэн хэрэгжүүлэх зорилт тавьжээ. Энэ үндсэн дээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 334,2 мянган иргэнд нэг сая төгрөгийг бэлнээр буюу нийт 334,2 тэрбум, 170 мянган оюутанд сургалтын төлбөр хэлбэрээр 83,6 тэрбум,  эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт 5 мянган иргэнд 5 тэрбум,  орон сууц худалдаж авсны төлбөрт 100 мянган иргэнд 100 тэрбум төгрөг олгохоор төсвийн төсөлд тусгажээ. Харин үлдсэн иргэддээ нэг сая төгрөгийг хүртээхдээ ашигт малтмалын ордын хувьцааг бэлэн мөнгө болгох сонголттойгоор иргэддээ олгохоор төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл мөнгөн хөрөнгөөр баталгаажсан энэ хувьцааг иргэд Засгийн газарт арилжиж бэлэн мөнгө болгох бүрэн боломжтой байхаар тооцож байгааг Ерөнхий сайд хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж