Цалин, тэтгэврийг 53 хувиар нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Цалин, тэтгэврийг 53 хувиар нэмэгдүүлнэ

Монгол Улсын Засгийн газар 2012 онд цалин, тэтгэврийг 53 хувиар
нэмэгдүүлэхээр болж, 2012 оны нэгдсэн төсөвт тусгажээ. Нэгдсэн төсвийг
Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн мэдүүлснийхээ
дараа сэтгүүлчдэд энэ талаар мэдээлэл хийлээ. Цалин, тэтгэврийг ийн 53
хувиар нэмэгдүүлснээр 2008 оны төвшингээс хоёр дахин өсөх боломжтой болж
байгаа аж. Тодруулж хэлбэл, энэхүү нэмэгдлийн үр дүнд төрийн албан
хаагчдын цалин 200 мянган төгрөгөөр шууд өсч, дундаж цалин 600 мянган
төгрөгт хүрнэ гэж мэдэгдлээ. Цалинг өсгөхдөө хөдөлмөрийн гурван талт
хэлэлцээрийг хийсний үндсэн дээр гаргасан болохыг мөн тодотголоо.

Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн төслийг боловсруулахдаа эдийн
засгийн нөөц боломжоо бүрэн дайчилсан гэж үзэж байна. Учир нь 2012 он
сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох сүүлчийн жил тул Засгийн
газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангахад онцгойлон анхаарчээ. 2008
онд хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа нэг хүнд ногдох ДНБ-нийг 5000
ам.долларт хүргэнэ гэсэн амлалт өгч байсан. Тэгвэл ирэх онд нэг хүнд
ногдох ДНБ 6.4 сая төгрөг буюу 5362 ам.доллартай тэнцэх аж. Өөрөөр
хэлбэл, давж биелэх бодитой боломж бүрдсэн гэж үзэж байна.

Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийг төлөвлөхдөө тэнцвэржүүлсэн орлогыг
6.4 их наяд төгрөг буюу ДНБ-ний  35.4 хувь байхаар тооцсон бол 
зарлагыг 7.1 их наяд төгрөг буюу ДНБ-ний  39.5 хувьтай тэнцэж, төсвийн
алдагдал 4.1 хувьтай байх аж. Энэ үзүүлэлтийг 2011 оны төсвийн
алдагдалтай харьцуулахад хоёр дахин буурах юм байна.

Уул уурхайн их баялгийг дагаад төсвийн орлого өсөн нэмэгдэж буй тул 
томоохон дөрвөн зорилт дэвшүүлжээ. Нэгдүгээрт, төсвийн орлогын
тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх ёстой гэж үзсэн байна. Хоёрдугаарт,
байгалийн баялгаас олж байгаа орлогоо ард иргэддээ тэгш хуваарилах
зарчмыг хангах. Гуравдугаарт, эдийн засгийн өсөлт хүний хөгжилд бодитой
дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн зорилт тавьсан байна. Энэ хүрээнд боловсрол,
эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг бодитойгоор өсгөжээ.
Тухайлбал, эрүүл мэндийн салбарын хүрээнд “Эрүүл хүүхэд” хөтөлбөр
хэрэгжүүлэхээр болсон аж. Зорилго нь хүүхэд бүрийг эмчийн үзлэгт
хамруулна. Нэг ёсны хүүхэд бүр эрүүл байх ёстой гэж үзсэн байна.
Боловсролын салбарыг шинэчлэх хүрээнд Кембрижийн хөтөлбөрийг дунд
сургуулиудад хэрэгжүүлж эхэлсэн. Ирэх жил хоёр дахь намраа угтана.
Тиймээс хөтөлбөрийг үр дүнд хүргэхэд хөрөнгө зарцуулах ёстой гэж үзсэн
юм байна. Тэгвэл дөрөв дэх зорилт нь, орон нутагт биеэ даан хөгжих
бололцоог бүрдүүлэх. Үүнийг зөвхөн төсвийн хуулиар зохицуулаад
зогсохгүй, хуваарилалт, эрх мэдэл, хариуцлагыг хамтад нь шилжүүлэх ёстой
гэж үзжээ.

Ирэх оны төсвийн хүрээнд онцлон авч үзсэн нэг салбар бол байгаль орчныг
хамгаалах чиглэлд хөрөнгийн хэмжээг эрс нэмэгдүүлжээ. Зөвхөн нийслэлийн
агаарын бохирдлыг бууруулахад зориулж 71.2 тэрбум төгрөг зарцуулахаар
төсөвт суулгасан байна.

Хөдөө аж ахуйн салбар ч мөн анхаарлын төвөөс гарахгүй, тэр дундаа мал аж
ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэд эрчимтэй оруулах нь уул
уурхайгаас дутахгүй ашиг өгнө гэж үзэж, “Таван-Эрдэнэ” хөтөлбөрийг
хэрэгжүүлэхээр болж Ерөнхий сайд тун саяхан зарласан. Энэ хөтөлбөр
үргэлжлэн хэрэгжих аж.

Тэгвэл Хүний хөгжил сангаас олгож байгаа 1.5 сая төгрөгийг Засгийн газар
ирэх онд ч мөн үргэлжлүүлэн олгоно гэж мэдэгдлээ. Ингэхдээ сар тутамд
олгож байгаа 21 мянган төгрөгийг иргэн бүртээ  2012 оны оны эхний хагас
жилийг дуустал үргэлжлүүлэн олгоно. Харин үлдэж буй нэг сая төгрөгийн
хувь хишгийг нийгмийн бүлэгт хүргэхдээ ахмад настан /55 наснаас дээшхи
эмэгтэйчүүд, 60 наснаас дээшхи эрэгтэйчүүд/, хөгжлийн бэрхшээлтэй
иргэдэд шууд бэлнээр олгохоор болжээ. Нийтдээ 334290 иргэн хамрагдана.
Үүнд 334.2 тэрбум төгрөг зарцуулагдах юм байна. Харин 170 мянган оюутанд
сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянган төгрөг олгоход  83.6 тэрбум
төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.

Засгийн газраас “100 мянган айл орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэхээр
болсон. Хөтөлбөрийн хүрээнд орон сууц худалдан авсны урьдчилгаа төлбөрт
100 мянган иргэндээ 100 тэрбум төгрөг олгохоор төсөвлөсөн байна. Дээрх
хэлбэрүүдийг багцалбал, ойролцоогоор 600 мянган иргэнд дээр дурдсан
зарчмаар олгоно. Цаана үлдэж байгаа 2.2 сая иргэний хувьд нэг сая
төгрөгийг хүртээхдээ уул уурхайн хувь хишиг тэр дундаа Тавантолгойн орд
дээр Засгийн газар хөрвөх бонд гаргаж эх үүсвэрийг бүрдүүлэх.
Хуримтлуулсан хөрөнгөө эсвэл хувьцаа, нэг сая төгрөгийн бэлэн мөнгийг
сонголттойгоор олгохоор тооцоолж төсвийг боловсруулсан талаар Ерөнхий
сайд онцоллоо.


Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж