Роберто Карлос-Тоглогч бас дасгалжуулагч

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Роберто Карлос-Тоглогч бас дасгалжуулагч

Бразилийн домогт хөлбөмбөгч уг нь “Анжи” багтай 2013 он хүртэл тоглох гэрээ байгуулсан ч одоо тус багийн дасгалжуулагчаар давхар ажиллахаар болжээ. Дагестаны нийслэл хотын баг өнгөрсөн улиралд Гаджи Гаджиевийг дасгалжуулагчаараа томилсон ч баг Оросын Премьер лигийн 11 дүгээр байрт орсон юм. Харин зуны наймаагаар тэд Самуэль Эту, Юрий Жирков, Балаш Жужак нарыг нэмж багтаа элсүүлсэн. Од тоглогчдыг авчрахын тулд “Анжи” олон сая ам.доллар зарлагадсан. Тухайлбал, Камерун довтлогч Этуг авахын тулд 20 сая фунт стерлингийг “Интер Милан”-д төлснөөс гадна Этугийн цалинд энэ улиралд л гэхэд 8,9 сая фунт өгч байгаа юм. Энэ их мөнгийг гаргаад “Анжи” баг Оросын Премьерлигт төдийлөн амжилт үзүүлэхгүй хүснэгтийн дөнгөж долдугаар байрт явж байгаа нь багийн тэргүүн Сулейман Керимовт таалагдсангүй. Гаджи Гаджиевийг ажлаас нь халсан байна. Оронд нь Роберто Карлосыг багийн түр дасгалжуулагчаар томилжээ. 38 настай бразили хамгаалагч Андрей Гордеевтай хамтран багийг дасгалжуулахын зэрэгцээ тоглогчийн үүргээ гүйцэтгээд явах болж байна. Харин тэрбумтан Сулейман Керимов нэг их удалгүй сайн дасгалжуулагч олох аяндаа гарчээ. Түүний хараанд Гүүс Хиддинк, Жозе Мурино, Фабио Капелло нар өртөөд байгаа гэнэ. Хамгийн сүүлд гарсан баттай бус мэдээнээс үзвэл Жозе Муринод сарын 1,83 сая фунт стерлингийн цалин өгөх саналыг хүргүүлээд байгаа гэнэ.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж