УИХ 99 гишүүнтэй болох юм гэж үү?

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

УИХ 99 гишүүнтэй болох юм гэж үү?

УИХ-ын эрхэм гишүүд Сонгуулийн тогтолцоогоо яаж шинэчлэх вэ гэхээсээ илүү төрийн түшээгийн сэнтийд хэрхэн мөнхөд тухлах вэ гэсэн мөрөөдөлд ойрын өдрүүдэд автаад байна. “УИХ-д дахиад суухгүй бол яана” гэсэн айдас тэдний хамгийн муухай бодол болж хувираад байна. Ордонд суух нь сайхандаа биш, төсөв хөрөнгө, ард түмний гэсэн гоё тодотголтой нийтийн баялгаас хэдэн үеэрээ идээд барахгүй хөрөнгө савлаж авах гэсэн хомхой сэтгэл нь тэднийг буг болтлоо гишүүн байх хүсэлд автуулаад байна гэвэл бодит байдлаас хол зөрөхгүй л байх. Тэрнээс биш иргэн, сонгогч биднийхээ төлөө чөмгөө дундарч, тархиа ширгэтэл зүтгэе гэж санаагүй нь лав.

Сонгуулийн тогтолцоог шинэчиллээ ч, хуучнаар нь үлдээлээ ч өнөөдрийн 76 гишүүний гуравны нэг нь ирэх сонгуулиар данс дугуйлах нь ойлгомжтой. Тэгэхээр нь Үндсэн хуульдаа гар хүрч байгаад 76 гишүүний тоог 99 болгох нэг мэргэн санаа сэджээ. Хэрэв энэ төсөл батлагдчихвал МАН-ын гишүүд ад үзээд байгаа пропорциональ давамгайлсан холимог тогтолцоогоо авах сонирхолтой ч болж мэднэ. Тэгээд “намын авсан суудалд хуучин гишүүд эргэж морилно” гэсэн журам гаргахаас сийхгүй янзтай. Сонгуулийн хуулиа шинэчилж холимог тогтолцоог авах дээрээ тулаад, пропорциональ, мажоритарийн алийг давамгайлуулах вэ гэсэн намын бүлгүүдийн хайныг хагалж намрын чуулганы эхэнд батлах гэрийн даалгавар өвөртлөөд тарсан манай гишүүд есдүгээр сарын сүүлээр Төрийн ордонд морилохдоо Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж өөрсдийнхөө тоог даруй 23-аар өсгөх адын бодол тээгээд ирж. Бүр 104 болгох гэж байснаа төсөв хөрөнгөө бодоод арай “цөөлж” 99 болгосон гээд байгаа шүү. Монголын 2,7 сая хүнийг 99 гишүүн  төлөөлнө гэдэг “100 яамаанд 60 ухна”  хэмээх ардын зүйр үгийн яруу тод илрэл гэхээс өөр юу гэлтэй. Ямар хэдэн арав, зуун сая иргэнтэй гадаад орнууд биш.

Үндсэн хуулийн дөрөвдүгээр зүйл дотор “Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “76” гэснийг “99” гэж өөрчилсүгэй” гэсэн өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан нь эрхэм гишүүдийн Үндсэн хуульд өөрсдийнхөө тоог нэмэх гэсэн санааны баталгаа. Намрын чуулганы эхээр үүнийг хэлэлцэнэ. Мэдээж татгалзах хүн гарахгүй. Хурал чуулгандаа цагтаа хэзээ ч морилдоггүй, байнгын хорооны хурлыг ирц гүйцээгүй гэсэн шалтгаанаар албатай юм шиг 2-3 ухрааж сая нэг хийдэг, өглөө 09.00 цагаас ажилдаа ирэхээс төвөгшөөж “олигтой амарч чадахгүй байна” гэсэн шалтгаар 10.00 цагаас морилдог горимд шилжүүлсэн гишүүд сонгууль дөхөөд төрийн түшээгийн албатай салах ёс хийх хугацаа дөтлөөд ирмэгц ийм ухаан сийлж байна.

Гишүүдийн тоо цөөдөөд баталсан хуулийн чанар муудлаа гэх үг байнгын ажиллагаатай парламентын 21 жилийн түүхэнд дуулдаагүй. Сөрөг хүчингүй болсноос намын бүлгүүд бие биеэ хянах чадваргүй, эрхэм гишүүд Засгийн газрын танхимын гишүүний албыг давхар хашдагаас засаг нь парламентынхаа дээр гарсан гажуудал байгаагаас биш гишүүд цөөнөөс УИХ-ын хүч чадал суларсан зүйл огтхон ч байхгүй гэдгийг түшээд өөрсдөө төдийгүй жирийн иргэд ч мэдэж байгаа. УИХ 99 гишүүнтэй болоход суух өрөө тасалгаа, унаа, утас, бичиг цаас, зөвлөх, туслах, эрх ямбын үйлчилгээнээс өгсүүлээд улсын төсвийн нуруун дээр өчнөөн зардал бууна. Нөгөө олон гишүүн Засгийн газарт алба тушаал хавсарч хашихын тулд яамдын тоог нэмнэ. Өнөөдрийн нэг яам гурав, дөрөв бутарна. Гэтэл татвар төлөгч иргэний тоо 76 гишүүнтэй үеийнхээс нэг их нэмэгдэхгүй. Гадаадад тавьсан их өр, зээлийг төлөх хугацаа дөхөөд байдаг. Байгалийн баялаг ихтэй орны парламентын гишүүний тоо олон байна гэсэн гадаад орны жишиг хууль ч гэж байхгүй. Тэгтлээ хяналт, шалгалт хүсээд байгаа бол ядахдаа жилд нэг, хоёр удаа чуулж гол гол хуулийн төслөө хэлэлцдэг дээд танхим байгуулж хоёр танхимт парламентын тогтолцоо байгуулъя гэх нь ч яасан юм. Уг нь тийм санааг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл сөхөж, Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд дэмжиж байснаас хойш нэг их удаагүй байна.

Гэтэл заавал байнгын ажиллагаатай парламент нь 99 гишүүнтэй байна гээд зүтгээд эхэлснийг Английн парламентын Лордын танхим гэгчээр насаа элтэл УИХ-д суух манай гишүүдийн мөнхийн мөрөөдөл гэхээс өөр юу гэх билээ дээ. Тэгснээс “УИХ-ын өнөөгийн гишүүд насан туршдаа парламентын хүндэт гишүүн байна” гэчихсэн нь ч шулуун юм уу даа.

Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж