Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх асуудал УИХ дахь хоёр намын бүлгийг талцуулсаар удаж байна. Гурван жил дамнан ярьж байгаа энэхүү хуулийг уг нь өнгөрсөн хаврын чуулганаар батлах шахсан. Гэхдээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг журмын нөхдөө уриалан УИХ-ын чуулганы танхимыг орхин гарснаар хамаг ажил нурсан юм. Тухайн үедээ Ч.Сайханбилэг даргын зөв байлаа. Хоёр намын бүлэг тохиролцож чадахгүй байгаа тэр үед үүнээс өөр зөв алхам байгаагүй. Гэхдээ нөгөө талаас нь харвал Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын ажил гацаанд орсон нь олон хүний дургүйг хүргэж л байлаа. Ардын намынхан гөжүүдэлснээс болж ийм алхам хийсэн гэж Ч.Сайханбилэг тайлбарлах биз. Тэгсээр УИХ-ын хаврын чуулган ч өндөрлөсөн. Уг нь хоёр намын бүлэг тооны хувьд тохиролцоонд хүрч чадвал түүнийхээ ердөө маргааш нь л хуулиа шинэчлэн баталчих гээд байдаг. Одоо намрын чуулган хаяанд ирлээ. Харин Ч.Сайханбилэг тэмцэлд бэлэн үү. Тэр Ардын намынхантай цэц булаацалдаж, пропорцианоль давамгайлсан сонгуулийн хуулийг батлуулж чадах уу. Аль эсвэл УИХ-ын чуулганы танхимыг дахин орхин гарахаар зэхэж байна уу. Хэрэв тэгвэл монголчууд ирэх оны сонгуульд хуучин шигээ санал өгөх болно. Үүнээс улбаалаад дахин нэг долоодугаар сарын 1 угтаж магадгүй гэдгийг Сайхнаа дарга тунгааж байгаа биз ээ.
Т.Элиса
"Улс төрийн тойм" сонин