Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулъя

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулъя

Манай  сонины “Монголд газ­рын тос боловсруулах үйлдвэр бай­гуулья” цуврал хэлэлцүүлэг үргэл­жилж байна. Хэлэлцүүлэгтээ бид шийд­вэр гаргагчид болон шинжлэх ухаан, технологийн салбарын эрдэмт­дийн байр суурийг тусгадаг. Мөн бо­ловсруулах үйлдвэр байгуулах боломж, хүндрэлийг олон нийтэд мэдээлэлдэг.

Бид энэ удаад УИХ-ын гишүүдийн болон ШУА-ийн дэргэдэх хүрээлэн хариуцсан академичийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН: ЗӨВХӨН НЕФТЬ БУС ЭРЧИМ ХҮЧЭЭР Ч
БИД ОРОСООС ХАРААТ БАЙГАА

-Засгийн газар ажлаа хийхгүй байна гэж шууд хэлэх нь хаашаа юм. Төлөвлөгөөт ажлууддаа сэтгэл гаргахгүй байна л гэж хэлэх байна. Засгийн газар бол гардан гүйцэтгэгч. Харин УИХ бол шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг нь шийдэж өгөх ёстой. Тэр талаас нь харахад УИХ хөрөнгийнх нь эх үүсвэрийг шийдэх, ажлыг нь эхлүүлэхэд бэлэн байгаа гэж бодож байна. Боловсруулах үйлдвэр байгуулна гэдэг мэдээж амаргүй ажил. Гэхдээ үндэсний эрх ашигтай холбоотой асуудал болохоор зүгээр орхиж болохгүй гэж бодож байна.  Гэтэл тэр ажил руу ханцуй шамлан орохгүй байгаад л асуудал байна. “Боловсруулах үйлдвэрийн барилга, дэд бүтцийг хийгээд эхэлжээ” гэх мэдээлэл хаана ч сонсогдохгүй байгаа биз дээ. Ер нь бид ОХУ-аас зөвхөн нефть бус эрчим хүчээр ч хараат байна. Гэтэл тусгаар улс байя гэх юм бол ядаж нефтийн асуудлаа шийдчихмээр байгаа юм.


УИХ-ЫН ГИШҮҮН Я.БАТСУУРЬ: САЛБАРЫН ЯАМ, АГЕНТЛАГ НЬ ХҮНД СУРТАЛТАЙ БАЙНА

-Эрчим хүч гэдэг бол аливаа улс, орны хөгжил дэвшил болон аюулгүй байдлыг хангах гол хэ­рэг­лэхүүнүүдийн нэг. Стратегийн ач холбогдолтой энэ бүтээгдэхүүнээр манай улс хөрш орноосоо бүрэн хамааралтай байна гэдэг сүүлийн жилүүдэд хамгийн том бэрхшээл болоод байна. Үүнтэй холбогдуулан шатахууны импортын хамаарлыг арилгах зорилгоор бид дотоодынхоо нефтийн бүтээгдэхүүний нөөц, бо­ломжид анхаарч боловсруулах үйлд­вэрийг нэн даруй байгуулах шаард­лагыг тусгасан тогтоолын төслийг Засгийн газарт өргөн бариад байгаа. Өнөөг хүртэл боловсруулах үйлдвэр яриа төдий байгаа нь манай Засгийн газрын удаан үйл ажиллагаатай холбоотой. Үндэсний болон гадны 10 гаруй компани салбарын яаманд хүсэлтээ тавьсан байдаг юм билээ. Энэ компаниуд өөрсдийнхөө хөрөнгө, мөнгөөр боловсруулах үйлдвэр бай­гуулах санал тавиад байхад түүнийг нь дэмжиж, холбогдох зөвшөөрлийг нь хурдан шуурхай олгох асуудал дээр харьяа агентлаг нь маш хайнга, хүнд сурталтай хандаж байна. Иймээс л бид Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай тогтоолын төслийг өргөн барьсан юм шүү дээ. Гэхдээ Засгийн газар ойрын өдрүүдэд энэ асуудал дээр идэвхтэй ажиллаж байгаа нь цөөн хэдэн зүйлээс анзаарагдаж байна. Энэ долоо хоногт л гэхэд хэлэлцэж амжсан байна билээ. Ойрын өдрүүдэд үүнтэй холбоотой анхан шатны ч болтугай холбогдох шийдвэрүүд нь гарах байх гэж найдаж байгаа.

АКАДЕМИЧ Б.ЧАДРАА: ХОТ ДОТРОО Ч НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ УЛС БИЙ

-Боловсруулах үйлдвэр барих шаардлагын талаар одоо ярих цаг нь өнгөрсөн. Яагаад гэхээр одоо ярих биш байгуулах ажлаа хийх болжээ.  Аль болгонд арагш суух вэ дээ. Өмнө нь цөмийн энергийг ашиглаж болохгүй, нефть химийн үйлдвэрийг хөгжүүлж болохгүй аюултай гэж болгоомжилж байсан хүмүүс олон байсан. Харин өнөөдөр эрчим хүчний эх үүсвэр ямар хэрэгтэй болохыг ойлгож байгаа байх. Эрчим хүч гэхээр л өнөөх өртөг өндөртэй, байгальд хортой, түүхий эд нь шавхагдах дулааны станцаа бодоод байдгаа болих хэрэгтэй байна шүү дээ. Нэгэнт л нефть боловсруулах үйлдвэр байгуулна гэж байгаа бол ажлаа түргэвчилмээр байна. Энэ зун л гэхэд боловсруулах үйлдвэргүй байх ямар байдгийг бид мэдэрлээ шүү дээ. Бидэнд үйлдвэр барих бүс нутаг байхгүйн зовлон тохиолдох биш. Нефть боловсруулах үйлдвэрийн технологи өнөөдөр маш өндөр түвшинд хүртлээ хөгжсөн байна.  Тухайлбал, Хятад, Малайз, Сингапурт хотынх нь яг төвд нефтийн үйлдвэр барьсныг би харж байлаа. Харин манайд томоохон аж үйлдвэрийн парк, цогцолборуудаа түшиглэж үйлдвэр барих боломж байна. Дагавар хотынхоо ойролцоо боловсруулах үйлдвэрээ барьж болно. Сонголт, нөхцөл байдал нь байна. Бүр барьж байгуулж өгье гэж байгаа компаниуд нь ч байгаа юм байна билээ. Тэгэхээр одоо үйлдвэрээ барих ажил л үлдээд байгаа юм биш үү.

Т.Есөн-Эрдэнэ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж