Алдартай аавын зартай хүүхдүүд-1

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Алдартай аавын зартай хүүхдүүд-1

Япончууд “Таны бүтээн байгуулсан эзэнт гүрнийг ач, зээ нар чинь сүйтгэнэ” гэлцдэг юм билээ. Эцэг, эхийгээ хэрхэн хөдөлмөрлөж байж баялаг бий болгосныг  харж өссөн үр хүүхэд нь тэднээсээ суралцдаг бол бэлэн баялаг дээр төрсөн гурав дахь үе нь үрэх сэтгэлгээтэй болсон байдаг гэж тэд үздэг. Тэгвэл Монголын хөрөнгөтнүүдийн хүүхдүүд хэрхэн амьдарч байна вэ.

Б.Батбаярын хүүхдүүд АН-аас нэр дэвшинэ

УИХ-ын гишүүн Б.Бат­баярын дөрвөн хүү аавынхаа нэрний “бат”-ыг нэрэндээ шингээсэн байдаг. Бүгд л Нью-Йоркийн их сургуулийг төгссөн аж. Мөнгөтэй хүний хүүхдүүд дэл­хийн хэмжээний боловсрол эзэм­ших нь зүйн хэрэг. Түүний том хүү Б.Батбилэг нь Нью-Йоркийн их сургуулийг хөрөнгө оруулалтын сан­хүүжилтын чиглэлээр дүүргэсэн бөгөөд 2005 онд “Бадамханд энэ­рэл” санг байгуулсан аж. Түү­нийхээ дараа “Туул кашмер” ХК-ийн ерөнхий захирлын албыг хашжээ. Харин түүний дүү Б.Батхишиг нь 2004 онд ахынхаа төгссөн Нью-Йоркийн их сургуулийг дүүргэж,  “Микал” ком­па­нийн захирлаар ажиллаж бай­гаа юм байна. Гишүүний гу­равдахь хүү Б.Баттулга гэр бү­лийнхээ уламжлалыг дагаж Нью-Йоркийн их сургуулийг төгссөн бөгөөд одоо “MSB” компанийн захирал юм. Харин отгон хүү Б.Баттөр нь одоо оюутан. УИХ-ын гишүүн Б.Батбаяр Б.Батбилэг, Б.Батхишиг нарыг ирэх жилийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшүүлэхээр “сойж” байгаа аж.

Х.Баттулга сайдын бахархал болсон охин

 “Женко” нэрээрээ алдаршсан Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгын хүүхдүүд дунд сайн нь ч бий, саар нь ч бий. Түүний том хүү Б.Жавхлан аавынхаа чихийг нэлээд халууцуулдаг бол охин Б.Номин нь бахархах сэтгэгдэл төрүүлдэг биз. Б.Номин нь одоогоор Сингапурт суралцдаг бөгөөд “Цон­жин болдог” цогцолбор доторхи аварга монгол гут­лыг урлажээ. Түүний энэхүү бүтээлийг Гиннесийн номонд бүрт­гэсэн аж. Тиймээс охиноороо сайд бахархдаг биз ээ. Харин түүний том хүү Б.Жавхлан нь  их аварга Д.Дагвадорж, Хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар нартай үй зайгүй нөхөрлөдөг аж. Тэд нийлэхээрээ дарвиж хэрэг түвэгт орооцолдчихоод байдаг гэмтэй.

Н.Номтойбаяр тэрбум төгрөгөөр НАМЗХ-д элссэн үү?

Ардын нам цусаа сэлбэх болов уу. Ирэх жилийн сонгуульд Ардын намаас бизнесийн томоохон тог­логчдын залгамж халаа нэрээ дэв­шүүлэхээр болсон. Тэдний нэг нь “МАК” компанийн эзэн Б.Ням­тайширын хүү Н.Номтойбаяр юм. Тэрбээр 1995-2001 оны хооронд АНУ-д амьдарч, Индиана мужийн Валпарайсогийн их сургуульд улс төр, нийгэм судлалын чиглэлээр суралцаж, бизнесийн удирдлагын ангийг бакалавр зэрэгтэй дүүргэсэн байна. Монголд тагнуулын бай­гууллагад ажиллаж байгаад 2009 онд Герман улсын Берлин хо­тын Техникийн мэргэжлийн их сургуулийг инженер, эдийн засгийн магистрын зэрэгтэй төгсчээ. Харин одоо НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүний албыг хашиж байгаа юм. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “МАК” компани Ардын намын Тусгаар тогтнолын ордны бүтээн байгуулалтад зориулж тэрбум төгрөг хандивласнаа зарлаж байсан. Харин үүнээс нь өмнө экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ талаар “УИХ-ын гишүүний нэг суудлыг МАК ком­пани худалдаж авлаа. Энэ мөнгө хаа­наас гарсныг шалгах хэрэгтэй” хэ­мээн мэргэжлийн байгууллагуудад хандан матаж байсан удаатай. Харин түүний дүү Н.Цэлмүүн мөн л АНУ-д банк, санхүүгийн чиглэлээр сургууль төгсч ирээд одоо “МАК” компанидаа ажиллаж байгаа юм. Түүнийг “МАК” компанийн 68 хувийг эзэмшдэг” гэдэг.

Ш.Сайхансамбуугийн хүү С.Наранбат хуульч болжээ

УИХ-ын гишүүн Ш.Сайхансам­буугийн хүү С.Наранбат аавын­хаа чихийг байнга шахам ха­лууцуулж явдаг нэгэн. Тэр хаана л болохгүй зүйл хийсэн байна, тэнд Ш.Сайхансамбуугийн нэр хугарч байдаг. Уг нь С.Наранбат 6-11 дү­гээр ангидаа ХБНГУ-д суралцаж, “Отгонтэнгэр” их сургуулийг гер­ман хэлний багш, орчуулагч мэр­гэжлээр төгссөн аж.  Дараа нь эгч С.Эрдэнэтуулынхаа төгссөн Оксфор­дын их сургуульд суралцаж байгаад эх орондоо ирж, МУИС-ийн хуулийн сургуулийг дүүргэсэн хэнээс ч дутахгүй боловсролтой нэгэн. Гэтэл түүний орооцолдохгүй хэрэг гэж байхгүй болжээ. Өнгөрсөн сард л гэхэд их аварга Д.Дагвадоржид зодуулсан гэх мэдээлэл нэлээд цацагдсан юм. Харин УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу хүүгээ өмгөөлдөг заншил ёсоор энэ удаад ч хамгаалсаар байна. Түүний хэлснээр С.Наранбат хуульчийн шалгалтад тэнцэж, өөрийн саналаар орон нутагт ажиллаж байгаа гэнэ. Харин түүний эгч С.Эрдэнэтуул нь дунд сургуулиа Сингапурт төгсөөд Оксфордын их сургуулийг дүүргэжээ.

Ч.Номин аавынхаа ачаар дипломын ажлаа амьдралд хэрэгжүүлсэн

 “Гацуурт”-ын Л.Чинбатын охин Ч.Номин ойр дотныхныхоо   дунд үлгэр дуурайл болдог нэгэн аж. “Га­цуурт” компанийн ирээдүйн удир­дагч гэгдэх Ч.Номин АНУ-д зочид буудлын дизайнерын чиглэлээр суралцсан бөгөөд дипломынхоо ажлаар Монголд гайхагдсан таван одтой зочид буудал барьчихсан хэмээн бизнесийн хүрээнийхний дунд ам сайтай байдаг аж. Гэхдээ түүний энэ чадварт атаархсан уу, эргэлзсэн үү “Эцэг нь мөнгөтэй юм чинь хэдэн тэрбумаар нь цацаж байгаад буудлыг нь бариулж өгсөн. Хэрэв эцэг нь саятан биш байсан бол дипломын ажлаа буудал болгох нь үлгэр болох байсан” гэх хүмүүс ч цөөнгүй байдаг юм билээ. Харин Ч.Номин одоо дипломынхоо ажлын бодит биелэл болсон зочид буудлаа удирдаж байгаа. Түүний “Тэрэлж” дэх таван одтой зочид буудалд Монголын толгой баячууд цуглаж, алжаалаа тайлах болсоор удаж байна. Бизнес нь ийнхүү цэцэглэхийн хажуугаар түүнийг ирэх жилийн сонгуульд “Ардын намаас нэр дэвшихээр болсон” хэмээн хүмүүс шивэр авир гэлцэж эхэлжээ.

УИХ-ын гишүүн О.Чулуунбатын хүү томоожсон уу?

УИХ-ын гишүүн О.Чулуунбатын ууган хүү Ч.Бүрдэнбат сургуулиа төгсөөд Ерөнхийлөгчийн тамгын газарт ажиллаж байжээ. Тэрбээр МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг дүүргэсэн нэгэн юм. Ажлынхаа гарааг сайнаар эхэлсэн ч хааяахан хар тамхи, зодоон цохионы хэрэгт нэр нь холбогдчихдог байсан гэмтэй. Харин одоо хоёр хүүхэдтэй болоод нам гүмхэн амьдрах болжээ. Харин түүний дүү охин Ч.Агиймаа “Торгоны зам”-ын Ц.Гантөмөрийн хүү Г.Түвдэндоржтой гэрлэж мөн л хоёр хүүхэдтэй болсон билээ.

М.Энхсайханы охин Оюутолгойд ажиллаж байна

Монгол үндэсний ардчилсан намын даргаар сонгогдоод удаагүй байгаа М.Энхсайханы охин Э.Хон­горзул  нь АНУ-ын Хьюстон хотын их сургуулийг санхүүч, нягт­лан бодогчийн мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Америкт мэр­гэжлээрээ ажиллаж байсан ч бага охиноо төрүүлэхээр нутагтаа ирж байжээ. Харин өнөөдөр Э.Хонгорзул Оюутолгойд чамлахааргүй өндөр цалинтай, хариуцлагатай алба хашиж байгаа. Харин М.Энхсайханы хүү Э.Батзул нь Англид маркетингийн чиглэлээр сургууль дүүргэсэн ч эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа аж.

Энэ бүхнээс харахад гэгүүд агиудыг хүч түрэн гарч ирэх цаг удахгүй нь. Болдоггүй хүү нартаа арга хэмжээ авахгүй толгойг нь илээд өнгөрч буй эцгүүд дээрх эрхмүүдээр хязгаарлагдахгүй олон бий. Эцэг эхээ хэрхэн хөдөлмөрлөж байж баялаг бий бол­госныг нүдээрээ харсан үр хүүхэд нь баялгийг нь үрэн таран хийхийг юман чинээ санадаггүй монголчууд япончуудаас арай өөр бололтой. 

Р.Сарангоо

Эх сурвалж: “Улс төрийн тойм”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж