Б.Батбаярын хүүхдүүд АН-аас нэр дэвшинэ
УИХ-ын гишүүн Б.Батбаярын дөрвөн хүү аавынхаа нэрний “бат”-ыг нэрэндээ шингээсэн байдаг. Бүгд л Нью-Йоркийн их сургуулийг төгссөн аж. Мөнгөтэй хүний хүүхдүүд дэлхийн хэмжээний боловсрол эзэмших нь зүйн хэрэг. Түүний том хүү Б.Батбилэг нь Нью-Йоркийн их сургуулийг хөрөнгө оруулалтын санхүүжилтын чиглэлээр дүүргэсэн бөгөөд 2005 онд “Бадамханд энэрэл” санг байгуулсан аж. Түүнийхээ дараа “Туул кашмер” ХК-ийн ерөнхий захирлын албыг хашжээ. Харин түүний дүү Б.Батхишиг нь 2004 онд ахынхаа төгссөн Нью-Йоркийн их сургуулийг дүүргэж, “Микал” компанийн захирлаар ажиллаж байгаа юм байна. Гишүүний гуравдахь хүү Б.Баттулга гэр бүлийнхээ уламжлалыг дагаж Нью-Йоркийн их сургуулийг төгссөн бөгөөд одоо “MSB” компанийн захирал юм. Харин отгон хүү Б.Баттөр нь одоо оюутан. УИХ-ын гишүүн Б.Батбаяр Б.Батбилэг, Б.Батхишиг нарыг ирэх жилийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшүүлэхээр “сойж” байгаа аж.
Х.Баттулга сайдын бахархал болсон охин
“Женко” нэрээрээ алдаршсан Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгын хүүхдүүд дунд сайн нь ч бий, саар нь ч бий. Түүний том хүү Б.Жавхлан аавынхаа чихийг нэлээд халууцуулдаг бол охин Б.Номин нь бахархах сэтгэгдэл төрүүлдэг биз. Б.Номин нь одоогоор Сингапурт суралцдаг бөгөөд “Цонжин болдог” цогцолбор доторхи аварга монгол гутлыг урлажээ. Түүний энэхүү бүтээлийг Гиннесийн номонд бүртгэсэн аж. Тиймээс охиноороо сайд бахархдаг биз ээ. Харин түүний том хүү Б.Жавхлан нь их аварга Д.Дагвадорж, Хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар нартай үй зайгүй нөхөрлөдөг аж. Тэд нийлэхээрээ дарвиж хэрэг түвэгт орооцолдчихоод байдаг гэмтэй.
Н.Номтойбаяр тэрбум төгрөгөөр НАМЗХ-д элссэн үү?
Ардын нам цусаа сэлбэх болов уу. Ирэх жилийн сонгуульд Ардын намаас бизнесийн томоохон тоглогчдын залгамж халаа нэрээ дэвшүүлэхээр болсон. Тэдний нэг нь “МАК” компанийн эзэн Б.Нямтайширын хүү Н.Номтойбаяр юм. Тэрбээр 1995-2001 оны хооронд АНУ-д амьдарч, Индиана мужийн Валпарайсогийн их сургуульд улс төр, нийгэм судлалын чиглэлээр суралцаж, бизнесийн удирдлагын ангийг бакалавр зэрэгтэй дүүргэсэн байна. Монголд тагнуулын байгууллагад ажиллаж байгаад 2009 онд Герман улсын Берлин хотын Техникийн мэргэжлийн их сургуулийг инженер, эдийн засгийн магистрын зэрэгтэй төгсчээ. Харин одоо НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүний албыг хашиж байгаа юм. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “МАК” компани Ардын намын Тусгаар тогтнолын ордны бүтээн байгуулалтад зориулж тэрбум төгрөг хандивласнаа зарлаж байсан. Харин үүнээс нь өмнө экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ талаар “УИХ-ын гишүүний нэг суудлыг МАК компани худалдаж авлаа. Энэ мөнгө хаанаас гарсныг шалгах хэрэгтэй” хэмээн мэргэжлийн байгууллагуудад хандан матаж байсан удаатай. Харин түүний дүү Н.Цэлмүүн мөн л АНУ-д банк, санхүүгийн чиглэлээр сургууль төгсч ирээд одоо “МАК” компанидаа ажиллаж байгаа юм. Түүнийг “МАК” компанийн 68 хувийг эзэмшдэг” гэдэг.
Ш.Сайхансамбуугийн хүү С.Наранбат хуульч болжээ
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн хүү С.Наранбат аавынхаа чихийг байнга шахам халууцуулж явдаг нэгэн. Тэр хаана л болохгүй зүйл хийсэн байна, тэнд Ш.Сайхансамбуугийн нэр хугарч байдаг. Уг нь С.Наранбат 6-11 дүгээр ангидаа ХБНГУ-д суралцаж, “Отгонтэнгэр” их сургуулийг герман хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн аж. Дараа нь эгч С.Эрдэнэтуулынхаа төгссөн Оксфордын их сургуульд суралцаж байгаад эх орондоо ирж, МУИС-ийн хуулийн сургуулийг дүүргэсэн хэнээс ч дутахгүй боловсролтой нэгэн. Гэтэл түүний орооцолдохгүй хэрэг гэж байхгүй болжээ. Өнгөрсөн сард л гэхэд их аварга Д.Дагвадоржид зодуулсан гэх мэдээлэл нэлээд цацагдсан юм. Харин УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу хүүгээ өмгөөлдөг заншил ёсоор энэ удаад ч хамгаалсаар байна. Түүний хэлснээр С.Наранбат хуульчийн шалгалтад тэнцэж, өөрийн саналаар орон нутагт ажиллаж байгаа гэнэ. Харин түүний эгч С.Эрдэнэтуул нь дунд сургуулиа Сингапурт төгсөөд Оксфордын их сургуулийг дүүргэжээ.
Ч.Номин аавынхаа ачаар дипломын ажлаа амьдралд хэрэгжүүлсэн
“Гацуурт”-ын Л.Чинбатын охин Ч.Номин ойр дотныхныхоо дунд үлгэр дуурайл болдог нэгэн аж. “Гацуурт” компанийн ирээдүйн удирдагч гэгдэх Ч.Номин АНУ-д зочид буудлын дизайнерын чиглэлээр суралцсан бөгөөд дипломынхоо ажлаар Монголд гайхагдсан таван одтой зочид буудал барьчихсан хэмээн бизнесийн хүрээнийхний дунд ам сайтай байдаг аж. Гэхдээ түүний энэ чадварт атаархсан уу, эргэлзсэн үү “Эцэг нь мөнгөтэй юм чинь хэдэн тэрбумаар нь цацаж байгаад буудлыг нь бариулж өгсөн. Хэрэв эцэг нь саятан биш байсан бол дипломын ажлаа буудал болгох нь үлгэр болох байсан” гэх хүмүүс ч цөөнгүй байдаг юм билээ. Харин Ч.Номин одоо дипломынхоо ажлын бодит биелэл болсон зочид буудлаа удирдаж байгаа. Түүний “Тэрэлж” дэх таван одтой зочид буудалд Монголын толгой баячууд цуглаж, алжаалаа тайлах болсоор удаж байна. Бизнес нь ийнхүү цэцэглэхийн хажуугаар түүнийг ирэх жилийн сонгуульд “Ардын намаас нэр дэвшихээр болсон” хэмээн хүмүүс шивэр авир гэлцэж эхэлжээ.
УИХ-ын гишүүн О.Чулуунбатын хүү томоожсон уу?
УИХ-ын гишүүн О.Чулуунбатын ууган хүү Ч.Бүрдэнбат сургуулиа төгсөөд Ерөнхийлөгчийн тамгын газарт ажиллаж байжээ. Тэрбээр МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг дүүргэсэн нэгэн юм. Ажлынхаа гарааг сайнаар эхэлсэн ч хааяахан хар тамхи, зодоон цохионы хэрэгт нэр нь холбогдчихдог байсан гэмтэй. Харин одоо хоёр хүүхэдтэй болоод нам гүмхэн амьдрах болжээ. Харин түүний дүү охин Ч.Агиймаа “Торгоны зам”-ын Ц.Гантөмөрийн хүү Г.Түвдэндоржтой гэрлэж мөн л хоёр хүүхэдтэй болсон билээ.
М.Энхсайханы охин Оюутолгойд ажиллаж байна
Монгол үндэсний ардчилсан намын даргаар сонгогдоод удаагүй байгаа М.Энхсайханы охин Э.Хонгорзул нь АНУ-ын Хьюстон хотын их сургуулийг санхүүч, нягтлан бодогчийн мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Америкт мэргэжлээрээ ажиллаж байсан ч бага охиноо төрүүлэхээр нутагтаа ирж байжээ. Харин өнөөдөр Э.Хонгорзул Оюутолгойд чамлахааргүй өндөр цалинтай, хариуцлагатай алба хашиж байгаа. Харин М.Энхсайханы хүү Э.Батзул нь Англид маркетингийн чиглэлээр сургууль дүүргэсэн ч эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа аж.
Энэ бүхнээс харахад гэгүүд агиудыг хүч түрэн гарч ирэх цаг удахгүй нь. Болдоггүй хүү нартаа арга хэмжээ авахгүй толгойг нь илээд өнгөрч буй эцгүүд дээрх эрхмүүдээр хязгаарлагдахгүй олон бий. Эцэг эхээ хэрхэн хөдөлмөрлөж байж баялаг бий болгосныг нүдээрээ харсан үр хүүхэд нь баялгийг нь үрэн таран хийхийг юман чинээ санадаггүй монголчууд япончуудаас арай өөр бололтой.