Өнгөрсөн жил ногоон карт гарахад оюутнууд “Дахин автобусны билетэд санаа зовох зүйлгүй боллоо“ гэж санаа амарсан. Гэвч ямар ч наалт, үнэмлэх гаргасан тэдэнд хурдан шуурхай үйлчилж, санааг нь амрааж чадсангүй.
Монголын оюутны холбооноос олгодог шар виза дээр марк наадаг байсныг Нийтийн тээврийн газар “МОХ-оог оюутнуудаас мөнгө завшиж, хуурамчаар үйлдвэрлэж байна” хэмээн болиулж оронд нь электрон төхөөрөмжөөр уншдаг ногоон карт нэвтрүүлсэн. Энэ ажлыг хийх гэж оюутнуудыг дараалалд зогсоож, анкет бөглүүлж, цахимын 2500 төгрөг, сунгалтын 1200 төгрөг, цээж зургийн 800 төгрөг зэрэг мөнгө татан бишгүй уцаарлуулж байсан цаг саяхан.
Гэтэл боловсронгуй болсон гэгдэх ногоон картыг энэ хичээлийн жилийн эхнээс хүчингүй болгож дахиад өнөөх марк буюу наалтаа хэрэглэх гэнэ. Энэ шийдвэр нь нэлээн хэл ам дагуулж байгаа. Учир нь энэ сарын дундуур наалт тараах байсан ч 22 болгож хойшлуулсан. наалт тараах хугацаа болоход хэвлэлтийн алдаатай наалт ирсэн учир дахин буцаасан аж. Тэрхүү наалт ирэх үеэр зарим нэгэн сургуулийн оюутны зөвлөлийн дарга нар “билет хүрэлцэхгүй байна, хүрэлцээтэй бүрэн хэмжээгээр авахын тулд жаахан үнэтэй гарч магад” хэмээн оюутнуудаас мөнгө нэмж авчээ. МОХ-ны ажлын хэсэг МУИС-ийн нэгэн салбар сургуулийн Оюутны зөвлөлийн даргыг илрүүлж уг оюутныг сургуулиас нь хөөжээ.
Нийслэл хотын хэмжээнд буй нийт их дээд сургуулиудад энэ жил 130 гаруй мянган оюутан суралцаж байгаа аж. Үүнээс 96 мянган оюутанд хөнгөлөлтийн наалт тараах юм байна. Төрөөс энэ жил оюутнуудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулахад зориулж 16 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ мөнгийг нэг оюутан жилд 236 мянган төгрөг зарцуулахаар тооцон олгож байгаа нь энэ гэнэ. Одоогоор оюутнууд МОХ-оос авдаг шар цахим карт, оюутны үнэмлэхийн хамтаар автобусанд үйлчлүүлж байгаа. Энд дурдахгүй байхын аргагүй нэг зүйл нь I дамжааны оюутнуудын асуудал. Жил бүр сургуульд шинээр элссэн оюутнуудыг сургалтын төлбөрөө заавал 100 хувь төлөх, хөдөө орон нутгаас орж ирж байгаа нь байр хөлслөх зэрэг санхүүгийн хүндхэн байдалд угтдаг. Тэдэнд оюутны бичиг баримт гаргаж өгөх хүртэл наанадаж нэг сар шаардлагатай. Тэр хооронд нийтийн тээврээр явахад ямар ч хөнгөлөлт, урамшуулал олдохгүй. Ядаж оюутны үнэмлэхгүй учир номын сангаар үйлчлүүлэх эрх ч байхгүй. Энэ асуудлыг оюутны эрх хамгаалдаг гэгдэх тус тусын сургуулиудын Оюутны холбоо, МОХ, харъяа сургуулиуд нь ч тэр шийдэж чадалгүй өдийг хүрсэн. Одоо тэдний хэтэвч аль хэдийн нимгэрчихсэн. Амьдралын боломжгүй цөөхөн хэдэн төгрөгтэй ирсэн нь хичээлдээ явж чадахгүй шахам хэцүүхэн болж байгаа нь нууц биш.
Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгчөөр Сангийн яамны дэд сайд, Ч.Ганхуягыг хоёр жилийн өмнө сонгосон. Түүнийг “хийсэн зүйл нь харагдахгүй байна, бэлгэдэл төдий” гэх нэг хэсэг нь ч байгаа юм. Тэрбээр оютнуудтай уулзсан нь ер үгүй. Үнэндээ МОХ-ны үйл ажиллагааг дэд ерөнхийлөгч нь хариуцан ажиллаж байна.
ОЮУТНЫ ЦАХИМ КАРТЫН НААЛТЫГ ИРЭХ САРЫН 3-ААС ТАРААНА
Үүсээд буй асуудлын талаар Монголын Оюутны Холбооны дэд ерөнхийлөгч Д.Батбаяраас тодрууллаа.
-Оюутнуудын нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим картын наалтыг энэ сарын 22-нд тараах байсан ч хойшилсон. Энэ ямар учиртай юм бэ?
-Энэ хичээлийн жилээс эхлээд урд нь үйлчлүүлж байсан электрон төхөөрөмжөөр уншдаг ногоон картыг дахиад наалт болгосон. Уг нь энэ сарын 22-нд тараах байсан ч наалт үйлдвэрлэгч компанийн алдаатай үйл ажиллагаанаас болж хэвлэлтэд алдаа гарч тараах үйл ажиллагаа тодорхой хугацаагаар хойшилсон. Дахин хэвлэлтэд оруулсан наалтыг ирэх сарын 3-аас эхэлж тараана.
-Ямар алдаа гарсан юм бэ?
-Одоо ирж буй карт өөрөө өндөр нууцлалтай байгаа. Нууцлалын ар талд нь монгол бичгээр бичсэн зүйлийг буруу харуулаад бичсэнээс болж дахин буцаасан.
-Наалтыг хаана, ямар компанид үйлдвэрлэдэг вэ?
-Захиалга өгдөг газар нь Том оврын автобусны холбоо. Өмнөд хөршид “Монголын үнэт цаас” гээд компанид үйлдвэрлэдэг.
-Нийтдээ хэдэн оюутанд наалт тараах вэ?
-96 мянган оюутанд наалт тараана. Энэ тоо маань бүх оюутанд хүрэхэд хангалттай тоо биш шүү дээ. Төрөөс өгч байгаа мөнгөний хэмжээнд тааруулж захиалсан байгаа нь энэ. Хязгаарласан тоог нэмэх тал дээр МОХ-оос ажиллаж байгаа.
Оюутны цахим картын талаар МУБИС-ийн I курсын оюутан Э.Энхзултай товч ярилцсан юм.
-Танай ангийнхан наалтаа бүгд захиалсан уу?
-Үгүй ээ. Манай анги 38 оюутантай. Манай ангид 23 наалт авах эрх өгсөн. Гэтэл манайд наалт авах шаардлагатай бараг 30-аад оюутан бий. Ховдын Зэрэг сумаас ирсэн нэг хүүхэд одоо хичээлдээ ирэхгүй байгаа. Амьдралын боломж тааруу гэж ангийн судалгаанд бичсэн байсан. Тэгэхээр автобусны мөнгөгүй гэсэн шалтгаанаар хичээлдээ ирэхгүй байж магад.
"Улс төрийн тойм" сонин