Засгийн газраас одоогоор “Хүний хөгжил сангийн ирэх оны төсвийн тухай хуулийн төсөлд гишүүдээс гаргасан саналыг тусган дахин хэлэлцэхээр боллоо” гэсэн мэдээллийг л өгч байгаа юм. Харин дээрх төслийг УИХ-аар баталсны дараа дэлгэрэнгүй хариулт өгөхөөр төлөвлөж байгаа ажээ. Ямартай ч хуулийн төслийг боловсруулж буй Сангийн яамны Төсвийн бодлогын газраас өгсөн мэдээллээр ахмадууд гэдэг ангилалд тэтгэврийн насны нийт иргэн багтаж буй ажээ. Тодруулбал, 55-аас дээш насны эмэгтэйчүүд, 60-аас насны эрэгтэйчүүд Хүний хөгжил сангийн нэг сая төгрөгийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын хэлсэнчлэн ирэх зунаас өмнө авах нь. Харин Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас “Манай улсад тэтгэврийн насны нийт 201 мянга 600 орчим иргэн байгаа” гэж мэдээлж байна. Гэхдээ энэ бол өнгөрсөн оны тоон үзүүлэлт. Энэ онд хэчнээн хүн тэтгэвэр авсан талаарх мэдээлэл хараахан гарах болоогүй юм. Энэхүү мэдээллийн дагуу тооцоолбол ахмадуудад Хүний хөгжил сангийн нэг сая төгрөгийг бэлнээр олгоход 201.6 тэрбум төгрөг шаардагдах ажээ. Сангийн яамныхан ч Хүний хөгжил сангийн ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас гаргасан дээрх тоог ашиглаж байгаа юм билээ. Харин нэг сая төгрөгийг яг хэзээнээс олгож эхлэх нь тодорхойгүй байгаа бөгөөд УИХ-ын сонгуулиас өмнө олгох тухай төсөлд тусгасан гэж байсан юм. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Хаянхярваагаас энэ талаар тодруулахад “Ахмадуудад гэж ялгалгүй бүх иргэнд Хүний хөгжил сангийн мөнгийг нь олгох хэрэгтэй. Хөрөнгө, санхүүжилт нь байвал болохгүй гэх зүйлгүй” гэж хариуллаа.
Ахмадуудад нэг сая төгрөг бэлнээр олгох шийдвэрийг ийнхүү Засгийн газраас гаргачихлаа. Оюутнууд сургалтын төлбөр хэлбэрээр “Эх орны хишиг”-ээ авахаар болсон. Тэгвэл одоо их, дээд сургуульд сурдаггүй, тэтгэврийн насны бус, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа төлүүлэх шаардлагагүй иргэдэд Хүний хөгжил сангийн нэг сая төгрөгийг хэрхэн олгох вэ гэсэн асуудал л үлдлээ. Ямартай ч Сангийн яамны Төсвийн бодлогын газраас “Үлдсэн иргэддээ нэг сая төгрөгийг хэрхэн олгох тухай асуудлыг ч хэлэлцэж байгаа” гэв.
"Улс төрийн тойм" сонин