Нэг сарын хугацаа үлджээ

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Нэг сарын хугацаа үлджээ

Нэг сарын хугацаа үлджээ

Уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын “Metals mongolia-2011” чуулга уулзалт болоход нэг сарын хугацаа үлдээд байна. Тодруулбал, чуулга уулзалт ирэх 11 дүгээр сарын 3,4-нд Төрийн ордонд зохион байгуулагдах юм. Чуулга уулзалтын бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан тухай зохион байгуулагчид мэдэгдэж байна. Чуулга уулзалтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Outotec” компани ажиллаж байгаа аж. Мөн Bayan Airag exploration LLC, WorleyParsons, Wagner Asia зэрэг Монгол төдийгүй дэлхийд нэр хүнд бүхий компаниуд ивээн тэтгэж байгаа юм байна. Хөрөнгө оруулагчдын хамгийн их сонирхож байгаа зүйлийн нэг нь чуулганы үеэр ямар хүмүүс илтгэл тавих вэ гэсэн асуулт юм. Тэгвэл чуулга уулзалтад уригдсан илтгэгчдэд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун зэрэг салбарын төрийн голлох төлөөллүүд багтжээ. Үүнээс гадна манай улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон компаниудын удирдлагууд илтгэгчээр уригдсан тухай мэдэгдсэн юм. Тухайлбал, “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Камерон МакРей, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганзориг, “Монголын алт” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Эрдэнэцогт, “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр, “Цайрт минералс” ХХК-ийн тэргүүн дэд захирал С.Батхүү, “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Билл Колвин тэргүүтэй 20 орчим төлөөлөгч уригджээ. Үүнээс гадна манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой дэлхийд нэр хүнд бүхий компаниуд болох Казахстаны Казцинк, Энэтхэгийн SAIL, Өмнөд Солонгосын POSCO, Японы Kobe Steel, БНХАУ-ын Inner Mongolia Baotou Steel Rare Earth hi Tech зэрэг компанийн ерөнхийлөгчид уригдсан байна. Одоогийн байдлаар чуулга уулзалтад оролцохоор 150 гаруй компанийн төлөөлөгч бүртгүүлээд байгаа бөгөөд нийт 800 орчим төлөөлөгч оролцох юм байна. Анх удаа металлургийн чиглэлийг онцолж чуулга уулзалт зохион байгуулж буй тул хөрөнгө оруулагчид ихээхэн сонирхож, ач холбогдол өгч байгаа аж. Үүнийг монгол төдийгүй олон улсын нэр хүнд бүхий компаниудын идэвхитэй хандалтаас харж болох аж.   

Дашрамд дурьдахад, чуулга уулзалтад оролцогчдыг бүртгэх хугацаа 10 сарын 1-нээр дуусгавар болж байгаа юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.metalsmongolia.mn цахим хаяг, 70115590 утсаар холбогдож авах боломжтой аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж