Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компани Японы “Suzuki Motor” компанийн нийт хувьцааны 20 хувийг 222.5 тэрбум иен буюу 2.5 тэрбум ам.доллараар худалдаж авах болжээ. Харин “Suzuki” хувьцаанаас олсон нийт мөнгөний 50 хувиас доошгүй хэмжээний мөнгөөр эргээд “Volkswagen”-ы хувьцааг авах гэнэ. Тус хоёр компаниас хамтран хийсэн мэдэгдэлд “VW болон Suzuki нар ойр дотно харилцаатай, урт хугацааны стратегийн хамтын ажиллагаа эхлүүлэхээр хэлэлцэж, тохиролцсон” гэдгийг дурджээ. Шинжээчдийн дүгнэж буйгаар “VW” компани “Suzuki”-гийн овор багатай, шатахуунд хэмнэлттэй автомашин үйлдвэрлэх арга барил, мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагыг ашиглах хүсэл сонирхолтой байгаа гэнэ. Европын хамгийн томд тооцогдох “Volkswagen” компани ирэх оны хоёрдугаар сард “Suzuki”-гийн дээр дурдсан хэмжээний хувьцааг эзэмших эрхтэй болох юм. Ингэснээр “Suzuki” компанийн хувьд гадны хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөл бүрдэх талаар мэргэжлийн шинжээчид дүгнэж байна.
Холбоотой мэдээ