Анодын захирлуудыг батлан даалтад гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Анодын захирлуудыг батлан даалтад гаргалаа

Анод банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал Д.Энхтөр, гишүүн Н.Даваа нарыг өчигдөр батлан даалтад гаргажээ. Тэдний өмгөөлөгчдийн хүсэлтийг Баянзүрх дүүргийн шүүхэд хэлэлцээд, батлан даалтад гаргах шийдвэр гаргасан байна. Тэднийг цагдан хорих хугацаа өнөөдрөөр дуусгавар болох байсан юм. Өнгөрөгч  тавдугаар сараас хойш цагдан хоригдож байхдаа Н.Даваагийн бие муудаж, Клиникийн нэгдсэн I эмнэлэгт шулуун гэдэсний мэс засалд орсон юм. Тэрбээр  одоогоор эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлсэн хэвээр  байна.  Анод банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал Д.Энхтөр, гишүүн Н.Даваа нарыг 1200 хувьцаа эзэмшигчийн мөнгийг хувьдаа завшиж, бусдад  их  хэмжээний хохирол учруулсан, банкны хууль тогтоомж зөрчсөн, банкны эд хөрөнгийг завшсан, иргэдэд хувьцаа борлуулж, мөнгө завшсан  хэрэгт буруутган, 2009 оны арванхоёрдугаар сард цагдан хорьж байсан юм. Улмаар тэднийг батлан даалтад гаргасан ч өнгөрөгч тавдугаар сараас дахин цагдан хорих шийдвэр гарснаар дөрвөн сар хоригдосны эцэст өчигдөр батлан даалтад гаргажээ. Уг хэрэгт  ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал Д.Энхтөр, гишүүн Н.Даваа нараас гадна гүйцэтгэх захирал байсан Л.Уламбаяр, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрны захирал Ж.Ганбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарын албан тушаалтныг мөн шалгаж байгаа.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж