“Хөдөлмөрлөж чадвал сайхан амьдрах боломж байна”

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

“Хөдөлмөрлөж чадвал сайхан амьдрах боломж байна”

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргал Засгийн газарт чиглэл өгсөн Ерөнхийлөгчийн 250 дугаар зарлигийн хэрэгжилт ямар байгааг тайлагнан хийж буй ажил, үр дүнгийн талаараа мэдээллээ. Сүү боловсруулалт  23 сая литр байсан бол өнгөрсөн жил 33 сая литр болж өсчээ. Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн өсөлтийг хангах үүднээс хот, суурин газрыг түшиглэн нийтдээ 15000 тонноос багагүй багтаамжтай зоорийн аж ахуй бий болгохоор хуучныг шинэчлэн, шинийг барих ажил хийж буй юм байна. Өрхийн үйлдвэрлэлийг механикжуулах ажлын хүрээнд төмс тарих, хураах, хөрс боловсруулах бага оврын иж бүрдэл 271, хүнсний ногооны иж бүрдэл 107 –г иргэд, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох ажлыг зохион байгуулжээ. Үүний зэрэгцээ төрөл бүрийн хүнсний ногооны үр, хүлэмжийн нийлэг хальс, бага оврын бороожуулагч, үүргэвчин хор шүршигч, био бордоо нийлүүлж, “Чацаргана” хөтөлбөрийн хүрээнд 409,4 мянган суулгац нээлттэй тендерээр худалдан авч, төсөл шалгаруулан 20 аймгийн 360 гаруй иргэн, аж ахуйн нэгжид 5 жилийн хугацаатай зээлээр олгосон байна. Дэд сайд Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд 20 арга хэмжээ төлөвлөн амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэв.

Ингээд Ерөнхийлөгч чацаргана, хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо тарих, хураах, хөрс боловсруулах бага оврын техник, тоног төхөөрөмжийн болон хадлангийн иж бүрдэл, цахилгаан саалтуур зэргийн үзэсгэлэн үзлээ. “Монгол төмс” хөтөлбөрийн зохицуулагч Т.Төрмандах өөрийн бүтээгдэхүүнээ, ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Ц.Ринчинсэнгээ бага оврын техник, тоног төхөөрөмжүүдээ танилцуулж байв. Говь-Алтай аймгаас ирсэн О.Энхсайхан ямааны сүүний аарцаар ул боов, еэвэнгийн хэмжээтэй олон төрлийн хэвийн ааруул хийж, тавагны иж бүрдэл болгон зарж байв. Тэрээр “Борлуулалт сайн. Дөрөв дэх жилдээ энэ худалдаанд оролцож байна. Тиймээс хүмүүс мэддэг болсон.  Захиалгаа өгдөг. Борлуулахад түвэггүй байдаг” хэмээн ярив. Энд “Сэлэнгэ шим” компани Дани улсын технологиор үйлдвэрлэсэн хуурай сүүгээ тавьжээ. Тус компанийн орлогч захирал Д.Мөнхцэцэг “1996 оноос хуурай сүү үйлдвэрлэж эхэлсэн. Гадны хуурай сүү зах зээлд их учраас манай бүтээгдэхүүний борлуулалт удаан байдаг. Иймээс нэг тэрбум төгрөгийн зээл авах шаардлагатай байгаа. Зээл авахад банк  ихээхэн хүндрэл үүсгэж байна” хэмээн гомдоллов. Хүнсний холбооны мэргэжилтэн Т.Дамдинсүрэн гуай хоногт 30 тн, жилд 4,5 сая литр сүү боловсруулах үйлдвэр барих төсөл Архангай, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Завхан аймагт ирэх оноос хэрэгжүүлэх гэж буй тухай сайхан мэдээ дуулгалаа.

 Ерөнхийлөгч мөн “Шилмэл мал-2011” үзэсгэлэнгээр орж, шилмэл омгийн бог, бод мал, гахай, шувууг үзэв. Шилмэл омгийн монгол болон сутай үүлдрийн хуц, эрчмийн хар, алтайн улаан ухна, дархад эм хонь, алатау үүлдрийн бух, сүүний хар тарлан үхэр, хурдан удмын азарга, гүү, ханын хэцийн хүрэн тэмээ, ноолуурын чиглэлийн ямаа, махны чиглэлийн шувуудыг эндээс харж болох байна. Эзэд нь борлуулалт сайн гэцгээн ам сайтай байлаа. Өмнөговийн Мандал-Овоо сумын малчин Э.Лувсансоном буураа сая таван зуун мянган төгрөгөөр борлуулснаа хуучлав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэсгэлэн худалдааг үзэж дуусаад сэтгүүлчдэд хандан хэлэхдээ “Өнөө жил “Намрын ногоон өдрүүд” гэсэн арга хэмжээг төв цэнгэлдэхэд зохиож байна. Улаанбаатарт ойрхон байдаг иргэд, аж ахуйн нэгжүүдээс гадна говь, хангай, бүр баруун аймгуудаас хүмүүс ирж оролцжээ. Энэ бол маш чухал арга хэмжээ. Ноднин 2010 онд сүү, газар тариалангийн  аж ахуйдаар орж 250 дугаар зарлиг гаргасан. Өнөөдөр үүний биелэлтийн талаар тайлагналаа. Үнэхээр амны бэлэгтэй үгс сонсогдож байна. Сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ олон хувиар нэмэгдсэн, нэр төрөл нь олширсон үр дүн гарч байна. УИХ дээр эрхэм гишүүд эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн асуудлаар ярилцаж, татварын хөнгөлөлт үзүүлсэн. Сүү, сүүн бүтээгдэхүүн, бусад зүйлээр өөрийн орны хэрэгцээг бид хангадаг байсан. Энэ хэмжээнд  ойрын үед хүрэх төлөв харагдаж байна. Төмс  гэхэд л хэрэгцээгээ 100 хувь хангаад гадагшаа экспортлох тухай ярьж байна. Ийм ахиц дэвшил нь үндэсний аюулгүй байдал, ард иргэдийн эрүүл мэндэд их чухал юм. Маргааш энэ арга хэмжээ өндөрлөх байсан. Хүмүүсийн хүсэлтээр бямба, нямд үргэлжлэх боллоо. Улаанбаатарын болон ойр орчмын хүмүүс энд ирж, эх орныхоо хөрсөнд ургасан ногоо, бусад бүтээгдэхүүнийг худалдан авч болох нь ээ. Өвөлдөө ногоогоо нөөцөлж авах боломж энд байна. Мал аж ахуй, тариалан эрхэлж буй нийт иргэддээ ажлын өндөр амжилт хүсье. Бидэнд хандаж хүмүүс санал хэлж байна. Энд УИХ-ын гишүүд, ХХААХҮ-ийн сайд ирсэн. Ер нь хамгийн сайн сэргэж байгаа салбар бол хүнс, хөдөө аж ахуй. Яагаад гэвэл газар тариалан, мал хувьд очсон. Одоо жижиг, дунд үйлдвэрлэл болгож хувиргах ажил эрчимтэй өрнөж байна. Энэ чиглэлийн бага оврын техник, тоног төхөөрөмж их орж байна. Дотооддоо үйлдвэрлэж эхэлж байна. Эндээс харахад энэ чиглэлээр өөрийгөө бүрэн хангаад ажиллах, аятайхан сайхан амьдрах боломж байна. Хүн гараа хөдөлгөөд хийж чадвал сайхан амьдрах боломж бүрдэж байна гэдгийг өнөөдөр эндээс харлаа” гэв

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж