Энэ жил ”аман хүзүү”, ирэх жил ”түрүү магнай”

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Энэ жил ”аман хүзүү”, ирэх жил ”түрүү магнай”

Өглөө босоод цонхоор хартал гадаа нэвсийтэл манан буучихаж. Гараад харсан чинь арай бишээ. Уг нь бол манан ч манан юм билээ. Гэхдээ нүд аргаж, хоолой хорсч, нулимс гоожоод  болохгүй их сонин манан. Зуны хэдэн сар өвлийнхөө өнөө мананг мартчихаж. За ингээд л мананд умбаж, угаарт утуулах өдрүүд маань эхэлж байгаа нь энэ. Гэтэл харин мань манан манай улсыг бас мандуулаад байгаа юм байна.

Монгол Улс агаарын бохирдлын хэмжээгээр дэлхийн 200 гаруй орноос хоёрдугаарт бичигджээ.  Манайхан болохоор “аман хүзүүдлээ” гэж хөөрөөд л. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас агаарын бохирдол ихтэй орнуудын Засгийн газарт байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх агаарын бохирдлыг бууруулах яаралтай арга хэмжээ авахыг шаардсан гэнэ.

Монгол Улс аль хэзээнээс агаарын бохирдолтой тэмцээд байгаа л даа. Зарцуулсан мөнгө нь “замаараа” ороод талийчихдаг болохоос. Уг нь манай дарга нар угаартай тэмцэх гоё, гоё төсөл, хөтөлбөр олныг боловсруулсан. “Утаагүй Улаанбаатар”, “100 мянган айлын орон сууц” гээд л. Цаасан дээр бууснаар угаарыг агааржуулаад, агаарыг ариутгаад өгөх хөтөлбөрүүд. Даанч цаасан дээр буухаас газар буух дургүй хөтөлбөрүүд гэсэн. Газар буухаар “хөл” нь даардаг хөтөлбөрүүд юм байлгүй. Тэгээд л  дарга нар маань агаарынхаа чанарыг өглөө болгон шалгаж, айлын яндан хүртэл манадаг болоод байгаа. Яндангаас чинь утаа суунаглах юм бол хэсгийн ахлагч нар баривчлаад хэрэгтэн болгоод хорьчихож магадгүй юм билээ. Гэр хо­­роол­лынхон гэдэг угаар таригчдад агаар цэвэршүүлэх аймаар гоё зуух хүр­тэл “бэлэглэж” байгаа гэсэн. Түлэх түлшийг нь хүртэл тендерээр шалгаруулан байж бэлтгэж өгсөн.  Харин нөгөөдүүл нь өөрсдийнх нь төлөө өгөөмөр сэтгэл гаргаад байхад дарга нараа ойлгохгүй гал голомтыг нь маань хураачихлаа гээд гасалж суугаа гэнэ лээ. Бас тэр шахмал түлш нь гэрийн жавар арилгахгүй, өндөр үнээс цаашгүй хэмээн гомдоллож байгаа сурагтай. Өөдгүй гэдэг нь, угаар дотроос агаар арай гэж олж амьсгалж байж,өөрсдийг нь гэсэн дарга нарыгаа ойлгохгүй, арай ч дээ, болохгүй биз дээ.  

“Чамин”  зуухан дээр цайгаа чанаад суувал гоё шүү дээ. Гэхдээ чай чанах гэхээр тогоо нь томдоод гэр хорооллын эзэгтэй нар хэцүүдэж байгаа юм байх. Манай авгайчуулын зовлонг дарга нар ойлгодог болохоор тогоог нь хүртэл хэн нэгэн бизнесмен найзаараа хийлгүүлчихэж дөнгөнө л дөө. Айлын авгайгаас арав таван төгрөг аваад үлдсэнийг нь өнөөх улсын авдар дахиасаа өгчилж орхих хойно. Өөрсдийнх нь халааснаас гаргахгүй юманд өгөөмөр шүү дээ, манайхан.

Улаанбаатарыг утаанбаатар болгоход иргэдийн унадаг “эвдэрхий” машин гай болоод байгааг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга хүртэл олж илрүүлсэн гэж байгаа. Гэтэл яав, хэн ч тэр “шударга” хүний шулуухан хэлсэн үгийг тоогоогүй. Бүр зарим нөхөр уурласан гэсэн, мангар байгаа биз. Харин мань хүний унадаг унаа утаа гаргаж үзээгүй гэсэн шүү. Харах юмсан. Хачин гоё тэрэг байдаг байх даа.

За, тэгээд утаатай тэмцэлдээд уралдаж гүйсээр байгаад энэ жил “аман хүзүүдлээ”.  Тэгэхээр энэ жил аман хүзүү, ирэх жил түрүү магнай гэж. Уг нь чадддагсан бол “Утаагүй Улаанбаатар”-аа хэрэгжүүлээд зуун мянган айлыг зургаан хувийн хүүтэй зээлээр байртай болгочихвол баатар болох байлаа, манай дарга нар.

А.ШАРХҮҮ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж