Авто замын сангийн хөрөнгийг хэрхэн ашиглав?

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Авто замын сангийн хөрөнгийг хэрхэн ашиглав?

Улсын мэргэжлийн хяналтын газраас нийслэл, аймаг, орон нутгийн авто замын сангийн санхүү аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад нийслэл болон орон нутгийн авто замын сангийн санхүүгийн үйл ажиллагаанд нэлээд хэмжээний зөрчил дутагдал илэрсэн бөгөөд тус бүрт нь сануулгын арга хэмжээ аваад иржээ. Энэхүү шалгалтын баг авто замын сангийн санхүүгийн дүрэм, журмыг бий болгох талаар нарийвчилсан судалгааг хийж буй бөгөөд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд холбогдох саналыг хүргүүлэх аж.

Улсын авто замын газарт санхүүгийн зөрчил илэрчээ

Авто замын газрын даргын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 247 дугаар тушаал, Сангийн сайдын 2010 оны 229 дүгээр тушаалаар тус газрын 2009 оны харилцах дансны үлдэгдлээс хуваарилсан 29 сая төгрөгөөр тус газрын конторын барилга болон хэрэгцээтэй техник хэрэгсэл авахаар шийдвэрлэжээ. Гэтэл дээрх төсвийн 9 сая төгрөгөөр барилгын материал, техник хэрэгсэл, эд хогшил авч, үлдсэн 20 сая төгрөгийг Авто замын газрын үйлдвэрчний эвлэлийн холбооны дансанд хийгээд контор барихад зарцуулаагүй байна. Энэ мөнгө нь одоо ч тус газрын ҮЭХ-нд байгаа гэх. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар  зүйлийн 7.5 дугаар заалтыг зөрчсөн хэрэг болжээ. Мөн мөнгөн урьдчилгааны тайлангийн маягтыг бүрэн нөхөөгүй тайлан гаргасан, шалгаж хүлээн авсан дарга, ня-бо нар гарын үсэг зураагүй, тамга, тэмдэг дараагүй гэсэн зөрчил дутагдал илэрчээ.

Нийслэлийн авто замын газраас 3 сая төгрөг дутжээ

Нийслэлийн авто замын газрын нягтлан бодогч Б.Хөхөө нь кассаас гурван сая төгрөгийг бэл­­нээр авсан боловч эргэж тооцоо хийгээгүй байна. Мөн ня-бо, хяналтын инженер нарын утасны төлбөрт 100 мянган төгрөг олгосон боловч эргэж тооцоо хийгээгүй гэх зөрчил илэрчээ. Бас нэг харамсалтай зүйл гэвэл гурван сая 600 мянган төгрөгийг зориулалт бусаар, үр ашиггүй зарцуулсан нь илэрчээ. Энэ байдлыг харгалзан нөхөн төлүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоосон байна.

Аймаг, орон нутгаас их хэмжээний зөрчил илэрчээ

Завхан аймгийн Донон чиглэлийн авто замын засвар арчлалтын ажлыг хугацаанд хийж хүлээлгэж өгөөгүй учир гэрээний дагуу алданги тооцсон 500 мянган төгрөг, Улиастай сумын орох, гарах чиглэлийн хүндэтгэлийн хаалга барих ажлыг хугацаанд нь хийж хүлээлгэж өгөөгүй тул гэрээний дагуу алданги тооцсон ч өнөө болтол авто замын санд нийт нэг сая 52 мянган төгрөгийг төвлөрүүлээгүй байна.
Дархан-Уул аймгийн Төрийн сангаас замын мэргэжлийн хяналтын зардалд зориулж тус сангаас жил бүр санхүүжүүлэх хоёр сая 600 мянган төгрөгийг 2008-2010 онуудад төсөвт тусгаагүй байна. Энэхүү зардлыг санхүүжүүлээгүй явж ирсэн бөгөөд нийт долоон сая 800 мянган төгрөгийг одоо болтол замын санд төвлөрүүлээгүй байгаа юм. Мөн Архангай аймгийн Хангай сумын Хөх давааны засварт зарцуулсан төсвөөс гэрээгээр ажилласан ажилтанд олгосон гурван сая 780 мянган төгрөгөөс татварт суутгаж, төсөвт төлөөгүй 378 мянган төгрөгийн төлбөр байгаа ажээ. Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Дорноговь зэрэг аймгууд авто замын санд зориулах ёстой мөнгийг өөр зүйлд ашигласан зөрчил илэрчээ. Тухайлбал, Дорноговь аймагт баригдаж дууссан замыг улсын комисс хүлээж аваагүй байхад гүйцэтгэгч байгууллагад нь 27 сая төгрөг, Баянхонгор аймаг 84 сая төгрөгийг тус бүр хоёр компанид өгсөн байна. Архангай, Дорнод, Төв, Завхан аймагт авто замын төлбөр хураах цэгүүдийн мөнгийг өөр зүйлд зарцуулсан дутагдал илэрсэн ажээ. Эдгээр аймгууд авто замын төлбөр хураах цэгүүдийн мөнгийг яг юунд зарцуулсныг илтгэх ямар нэгэн бичиг баримтгүй байсан аж.

Шалгалт дууслаа

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас явуулсан шалгалтын хүрээнд нийт 117 сая төгрөгийн акт тогтоож, хоёр дүгнэлт, зургаан албан шаардлага бичсэн байна. Орон нутгийн авто замын санхүүгийн хөрөнгийн зарцуулалт “хангалтгүй байна” гэсэн дүгнэлтийг гаргажээ. “Бидний хийсэн шалгалтаар нэг л юм ажиглагдсан. Авто замын санд хуримтлагдаж байгаа мөнгийг хэрхэн юунд ашиглах дүрэм, журам гаргах хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо. Одоогийн байдлаар бид энэхүү дүрэм, журам боловсруулахад хэрэгтэй судалгааны ажлыг эхэлж байна. Удахгүй бид хариуцсан яаманд нь хүргэх зорилготой байгаа” гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Санхүү, хяналтын хэлтсийн дарга Ж.Цогтбаяр ярьж байсан юм. Энэ удаагийн шалгалт зөвхөн авто замын сангийн санхүүгийн үйл ажиллагааг л шалгахад чиглэгдсэн бөгөөд замын чанарын шалгалтыг хийгээгүй юм байна.

Б.Болорсүх

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж