Сурах бичгийн үнэ хөөрөгдөх нь БСШУЯ-нд хамаагүй гэнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Сурах бичгийн үнэ хөөрөгдөх нь БСШУЯ-нд хамаагүй гэнэ

Өнгөрсөн жилүүдэд хичээлийн шинэ жил эхэлснээс хойш ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг цагтаа тараагдсангүй, ном худалдаалдаг цэгүүдээр өндөр үнэтэй борлуулагдаж байна гэх хэл ам дагуулдаг байсан. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн сурах бичгийн сонгон шалгаруулалт явуулж, зургадугаар сард ерөнхий боловсролын сургуулиудад тараасан гэж БСШУ-ны яам хэлсэн. Гэтэл хичээлийн шинэ жил эхлээд хагас сарын хугацаа өнгөрөөд байхад өнөөх номын асуудал хэвээрээ л байна. Ном худалдаалдаг цэгүүдэд сурах бичгийг өндөр үнээр зарж борлуулсаар л байна. БСШУЯ-наас долдугаар сард бүх номоо тараасан гэсэн. Тиймээс асуудал үүсэхгүй гэж ам бардам дуугарсан. Гэтэл сурах бичиг хүрэлцэхгүй байгаагаас номын худалдааны төвүүдээр өндөр үнэтэй сурах бичиг зарагдаж байгаа юм байна. Энэ талаар олон эцэг эх гомдоллож байна. Ном худалдаж авахаар явсан Т.Гэрэл хэлэхдээ “Манай хүү 84-р сургуульд сурдаг. Гурван ном авах шаардлагатай болсон чинь нэг нь л гэхэд 4500 төгрөг гэнэ. Ер нь бол зарагдаж байгаа сурах бичгүүд их үнэтэй байна. Жил бүр л ийм асуудал үүсдэг шүү дээ. Үнэгүй тараана, сурагчдын ном хүрэлцээтэй гэдэг хэрнээ дандаа л ингэдэг” гэлээ.

Нийслэлийн хүн амын шилжилт хөдөлгөөнөө дагаад жил бүр сурах бичгийн тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гардаг. Холбогдох яамнаас нь энэ талаар арга хэмжээ авдаг гэсэн ч сурах бичгийн үнийн асуудал дуусахгүй хэвээр. Хүүхдээ сургаж, даалгаврыг нь хийлгэхийн тулд эцэг эхчүүд үнэтэй ч гэсэн авахаас аргагүй байдалд ордог нь ч үнэн. 

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд нийтдээ 65 нэр төрлийн 1 сая 227 мянга 911 ширхэг сурах бичиг тараасан. Шинээр 33 нэр төрлийн сурах бичиг, 32 нэр төрлийн сурах бичгийг дахин хэвлэж тараажээ. БСШУЯ-наас сурах бичгийн дундаж үнийг 1800-2000 төгрөгөөр худалдаалах жишиг үнэ тогтоосон. Энэ жил БСШУЯ-наас бага ангийн бүх сурагчид, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувьд төрөөс үнэ төлбөргүй сурах бичиг тарааж байгаа. Эдгээр хүүхдүүдийн эцэг эх ном худалдан авах чадваргүй, зайлшгүй үнэгүй авах шаардлагатай учир сургуулийн номын сангаар үнэгүй тараах юм. Өөрөөр хэлбэл, амьжиргааны төвшнөөс доогуур өрхийн хүүхдүүдэд ном үнэгүй тараана гэсэн. Харин үлдсэн хүүхдүүдэд нь хэвлэлийн компаниудтай гэрээ хийсний дагуу үнийг нь яамнаас тогтоож өгсөн. Үүний дагуу сурах бичгүүд худалдаалагдаж байгаа гэх мэдээллийг БСШУЯ-ны мэргэжилтэн хэлсэн. Харин худалдаалагдаж байгаа сурах бичгийн үнийн хөөрөгдөлд яам нь хяналт тавьдаггүй гэнэ.

БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын мэрэгжилтэн Р.Балжинням хэлэхдээ “Номын худалдаагаар зарагдаж буй номд манайхаас хяналт тавихгүй. Тэдгээр иргэд сурах бичиг зарж байгаа номын дэлгүүрүүдээр худалдаалагдах номыг аваад цааш нь дамлан зарж байгаа ч юм уу үүнийг бид сайн мэдэхгүй. Харин сурах бичиг зарах цэгүүдээр хангалттай хэмжээгээр борлуулахгүй байгааг далимдуулж ном дамлан борлуулах асуудал гарч ирж болзошгүй. Бид хэвлэж, борлуулах эрх авсан компаниудтай ярьж хангалтын талаархи нэгдсэн мэдээлэл авахаар болсон” гэлээ.  Сонгон шалгаруулалтад шалгарсан хэвлэлийн компаниудтай хийсэн гэрээний дагуу бол борлуулах үнэ нь дунджаар 2000 төгрөгөөр тогтоожээ. Харин доод үнийн хувьд 1400 байгаа, хамгийн өндөр сурах бичиг 3900 төгрөг байхаар гэрээ хийсэн аж.  Яам гэрээ хийсэн л бол сурах бичгийн үнийг хөөрөгдүүлж байгаа нь яаманд хамаагүй болж таарлаа. Сурах бичиг үнэтэй зарагдаж байна уу, хямдхан байна уу гэдэг нь БСШУЯ-ны асуудал биш бололтой. Харин эцэг эхчүүдийн өөрсдийнх нь асуудал болж таарах нь. Сурах бичгийг хүрэлцээтэйгээр хэвлэж тараасан гэж ам бардам хэлж байгаа шигээ хичээлийн шинэ жил эхэлсэн хойно бидэнд хамаагүй, хяналт тавихгүй гээд сууж байгаагаа бас бодмоор л санагдах.

Хэдийгээр эцэг эхчүүд хүүхдээ сургах нь үүрэг нь боловч цалингаас цалингийн хооронд амьдардаг нь олон. Талх, автобусны мөнгө гээд багагүй бухимдал байхад дээрээс нь сурах бичгийн үнэ бас л нэг асуудал. Ямартай ч харъяа яамны зүгээс сурах бичгийн үнийн хөөрөгдөлд хяналт тавихгүй нь. Харин эцэг эхчүүд хүүхдээ сургаж, сурах бичиг худалдан авахын тулд талх, автобусныхаа мөнгөө хэмнэх л болж таарах нь.

Ш.ОЮУН

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж