“Намрын ногоон өдрүүд-2011” баяртай

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

“Намрын ногоон өдрүүд-2011” баяртай

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Төв цэнгэлдэх хүрээлэнд долоо хоногийн турш зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд-2011” нэгдсэн  үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс өндөрлөж буй. Хураасан ногоо, сүү цагаан идээ, бусад бүтээгдэхүүнээ худалдаалагчдын хувьд ядрах тэдэнд юу ч биш. Харин “Шилмэл мал-2011” үзэсгэлэнд оролцогчид л сэтгэл ханамжаар тун тааруу өнгөрөөж буй бололтой. Хотноосоо ачиж, тууж авчирсан малаа зарж борлуулахгүй зүгээр л хүмүүсийн нүд хужирлах зорилготой хойно арга байж уу. Хүний хэлээр ярьдагсан бол үзмэр болсон сүргийн манлайлагчид уух ус, идэх өвс ногоогоор баялаг төрөлх нутгаа санагалзаж буйгаа илэрхийлэх байсан биз. Долоо хоногийн туршид зохион байгуулж буй уг үзэсгэлэн худалдааны нээлтэд салбарын яамны сайд, Монгол Улсын Ерөнхий сайд оролцсон бол хаалтын арга хэмжээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсноор өндөрлөлөө. Цэнгэлдэхийг тойроод эх орны хөрсөнд ургуулсан төмс, хүнсний ногоо, даршилсан ногооны салат, жимсний чанамал, сүү цагаан идээ, орчин үеийн олон үйлдэлт газар тариалангийн трактор, түүний дагалдах техник хэрэгсэл, жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гээд “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой бүхнийг энд худалдаалж байв.

Эрүүл хүнс гэдэт эргэлзэх шаардлагагүй

Задгай асар, урт хүлэмжээс худалдаа хийх Дархан-Уул, Ховд, Орхон, Сэлэнгэ, Төв, Булганы ногоочид хавар, зун, намрын туршид ургуулсан ногооныхоо үр шимийг хүртэж, бусдаас суралцах боломжийг олгосон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныханд ам сайтай байгаа ч ойрын хэдэн өдрүүдэд нэлээд зүдэрсэн шинж анзаарагдаж байлаа. Эхний хоёроос гурван хоногт борлуулалт сайн, цаг агаар ч тогтуун сайхан байсан бол сүүлийн хэдэн хоногийн цасан шамарга тав тух алдуулсныг ч нуусангүй. Намрын шөнийн жихүүнийг ургацаа манангаа ганц нэг аяга тагшгүйгээр өнгөрүүлнэ гэж юу байхав гээд мушийх нэгэн ч таарч байв. Өдөртөө худалдаа хийх, шөнөдөө ногоогоо манах тэд ойр орчмоо цэвэрлэх гээд бишгүй их ажил ундраастай. Үнэ ханшийн тухайд төмс, лууван, байцаа, манжин дунджаар 500-700 төгрөг байгаа бол зөгийн бал килограмм нь 14-25 мянган төгрөг, Ховдын тарвас 2000 төгрөг гэх мэт. Худалдан авагчдыг ерөнхийд нь анзаарах аваас сайндаа л таван килограмм ба түүнээс бага хэмжээгээр худалдан авч байгаа бол Хөвсгөлийн утсан загас, сармай дээлт буюу мөсөн чихэр борлуулалт сайн байгаа талаар үзэсгэлэн худалдаанд оролцогч Хөвсгөл аймгийн иргэн Т.Цэрэнжав хэлж байв. Тэрээр “Үзэсгэлэн худалдаанд оролцож буй орон нутгийн иргэдийн ирж, очих тээврийн зардлыг зохион байгуулагч талаас хариуцаж байгаа бөгөөд энэ өдрүүдэд нийтдээ хоёр сая гаруй төгрөгийн борлуулалт хийлээ. Хамгийн гол нь эрүүл хөрсөнд ургасан бүтээгдэхүүн гэдэг утгаар нь эргэлзэхгүй худалдаж авч байна. Түүнээс гадна цаашид хамтран ажиллах компаниудтай хамтран ажиллах саналыг ч бас авлаа” гэлээ.

Олны нүдийг хужирлах хамгийн том бодон

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн С.Эрдэнэсайхан сүүлийн дөрвөн жилд гахайн аж ахуй эрхэлж буй. Тэрээр тус үзэсгэлэн худалдаанд тус бүр нь 390-500 кг “татах” махны чиглэлийн Ортарориу үүлдрийн хамгийн том мэгж, бодонгоор оролцож байгаа аж. Портер маркийн машины тэвшинд хоёул арайхийн багтаж ядах мэгж, бодон хоёрыг харсан хүмүүс өөрийн эрхгүй уулга алдана. Долоо хоногийн хугацаанд гурван сартай 12 тооройг тус бүрийг нь 350 мянган төгрөгөөр зарж борлуулахаас гадна үзэсгэлэн худалдаанд оролцох эрхийг зохион байгуулагчдаас 80 төгрөгөөр худалдан авчээ. Гэхдээ гурван өдөр ирж, очих тээврийн зардал болох 76 мянган төгрөгийг хаалтын арга хэмжээний үеэр олгосон гэж байв.

Хотын үймээнд зутарсан сүргийн манлай

Адгуусан амьтдын төрөлд багтдаг атлаа хотын соёлыг гайхаж, төв цэнгэлдэх хүрээлэнд зочилж буйгаараа тэд азтай. Бас нөгөө талаараа Хануйн хэцийн хүрэн тэмээд, баяд, үзэмчин үүлдрийн хуц, Сэлэнгийн алатау үүлдрийн бух гээд хамгийн шилмэл, цөм гэсэн сүргийн манлайлагчид өмнийн цэнхэр говио, дорны уудам талаа, хангайн сүрлэг уулсаа үгүйлэн өнгөрүүлсэн өдөр хоногуудыг арайхийн барж буй. Мал л юм хойно захгүй уудам хөдөө нутаг тэдэнд илүү эрхэм байж таараа. Гэхдээ тэд өнөөдрөөс эхлэн ашгүй нутгийн зүг буцах болсныг зөнгөөрөө мэдрээд байна уу гэлтэй хааяа нэг эвшээлгэнэ. Модны сүүдэрт уяатай өнжих мах, сүүний чиглэлийн үүлдэр сайт бух. Угшил гарал сайтай хурдан хүлэг хөтлөх хөрслөг залуус шорлог идэн модны сүүдрээр тухална. Бас түүний цаана алт, мөнгөн медальтай үзэмчин үүлдрийн хуц турь муухан бүсгүй эзнийхээ гараас мултрах сонирхолтой цааш зүтгэнэ. Магадгүй ийм олон янзын эрээн мяраан өнгө алагласан хувцас бүхий этгээд хачин хүмүүсийг олноор нь үзэж хараагүй болохоор цочирдсных тэр биз. Эдгээр сүргийн манлайг зөвхөн үзэж, сонирхохоос бус худалдаалах зорилгоор энд “урьж, залж” авчраагүй юм гэнэ. Хэдэн өдөр хүүхэд, багачууд, юухан хээхэн цуглуулангаа үзэсгэлэн худалдааг сонирхох хүмүүсийн нүдийг хужирлахаас хэтрээгүй. Харин өчигдөр шилмэл омгийн үхэр, адуу, хонь, ямаа, тэмээн сүргийн манлайг тодруулан, өргөмжлөл, алт, мөнгөн медаль хүртэх ёслолын арга хэмжээ болж арайхийн “яс хагацав”. Энэ үеэр хүнээс гадна малыг хүртэл одон, медаль, зэрэг дэвээр өвчлүүлэх араншинд сургахад салбарын яам ихээхэн хүчин зүтгэж байх шиг санагдаж байсныг нуух юун. Орон нутгаас ирсэн малчдын тухайд Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирж, шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээг бушуухан дуусгаасай гэж мөрөөсч байсан нь ашгүй биелсэнд далдхан баяртай байх шиг. Учир нь, орон нутгийн удирдлагууд болон салбарын яамнаас ирэх, очих тээврийн зардлыг бүрэн дааж буй учраас “одоо буцлаа, оролцохгүй, намрын ажил хэцүүдлээ” гэх тайлбарыг хэлэх, шаардах эрх байхгүй гэнэ. Түүнээс гадна өдөрт нормлож өгсөн өвс тэжээл нь хангалттай хэмжээнд хүрэлцэхгүй байгаа учраас эзэд нь хурдхан буцахын санаа болжээ. Нутгаас өвөртөлж гарсан хэдэн бор төгрөгөө өөрөөсөө илүү малдаа илүүчилсээр халаас ч хоосорсон нэгэн байх шиг. Ерөнхийдөө л хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, улсын төсвөөс хэрэгжүүлж буй ажлын үр дүнг Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид илтгэх ХХААХҮЯ-ны тайлант ажилд хэдэн малчдын цаг завыг үрэн байж, хөлдөө чирэх шаардлага байна уу даа гэх хүн ч таарч байв. Арга ч үгүй биз, хүйтний ам наашилж буй энэ цаг үед малчдын өвөлдөө бэлтгэх их ажлыг хойш татаж байгаа нь мэдээж шүү дээ. Сайн, муу дагуулсан энэ жилийн намрын ногоон өдрүүд баяртай.  Ирэх жилийн намар их газрын шим, малын буян далласан өгөөж арвин байгаасай.

Д.Долгорсүрэн

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж