П.Даш нарт ял оноосон ч өршөөлийн хуульд хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

П.Даш нарт ял оноосон ч өршөөлийн хуульд хамрагдлаа

Улсын мөнгө завшсан хэрэгт яллагдагчаар татагдсан ОБЕГ-ын дарга асан, генерал П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга Л.Алтангэрэл нарт  холбогдох  хэргийг өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд 11.00 цагаас хянан хэлэлцэх байсан боловч өмгөөлөгч К.Бауржан давхацсан шүүх хуралтай гэх шалтгаанаар үдийн 14.00 цаг хүртэл хойшлуулсан юм. Гэвч товлосон цагаасаа дахин хоцорч, 15.20 цагийн үед өмгөөлөгч Д.Ганбаатар ирснээр шүүх хурал эхэлсэн. Шүүх хурал зургаан цаг гаруй үргэлжилж, 21.00  цагийн орчимд шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Улсын яллагч  О.Мөнхбаатар төрийн албан хаагч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх ашиг сонирхолд их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр төрийн алба хаших эрхийг нь таван жил хүртэлх хугацаагаар хасч, бусдын эд хөрөнгийг завшсан үрэгдүүлсэн гэх үндэслэлүүдээр  тав  жилийн хорих ял оноох саналыг  гаргасан байна. Харин шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд тэдэнд дөрвөн жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Улмаар уг хэрэг дөрвөн жилийн  өмнө буюу 2007 онд гарсан учир Өршөөл үзүүлэх тухай  хуульд хамрагдсэн байна.
Шүүх хурлыг П.Туяа даргалж, улсын яллагчаар О.Мөнхбаатар, шинжээчээр Б.Алтантуяа, Д.Ижилмөрөн нар ажилласан бол Б.Амарсайхан, Д.Болдмаа нарын долоон хүн гэрчээр оролцсон байна.

Н.Туул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж