
Энэ үйл явдлын дараа “Рио Тинто” компанийн удирдлагуудын зүгээс “УИХ-ын гишүүдийг шуналаа тат, тэд бол парламентад цөөнх” гэж хэлсэн нь ямар зорилго, агуулгатайг УИХ-ын зарим гишүүд тодруулахаар өчигдөр Оюутолгой ХХК-д тодорхой шаардлага хүргүүлж, “Рио Тинтог УИХ-ын бүрэн эрхэд халдсан” хэмээн мэдэгдсэн юм.
Тэгвэл өнөөдөр уг мэдэгдлийн хариуг Оюутолгой ХХК-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч А.Мөнхбат өглөө. Тэрбээр 15.00 цагаас хэвлэлийнхэнд энэ талаар мэдээлэл хийсэн юм.
А.Мөнхбат захирал хэлэхдээ, “Манай компанийн гүйцэтгэх захирал Камерон Макрейн УИХ-ын гишүүдийг битгий шуналт гэж хэлээгүй, тэгж хэлэх үндэслэл байхгүй. Уг нийтлэлийг бичсэн сонины редакцид бид гомдол гаргаж, хандахад сэтгүүлч өөрөө худлаа мэдээлэл цацсан алдаагаа хүлээн зөвшөөрсөн. Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын “Дисковер Монголиа”-д хэлсэн үгийг уг сонин гуйвуулж тавьсан нь нотлогдсон. Тодруулбал, манай захирал уг чуулганы үеэр “Монголын Засгийн газар Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан нь Монголыг нээлттэй тогтвортой улс болохыг зорьж байгааг дэлхий нийтэд харуулсан хэрэг болсон” гэдгийг онцолсон. Түүнээс биш УИХ-ын бүрэн эрхэд халдсан ямар нэгэн доромжилсон үг хэллэг хэлээгүй” гэв.