Ахмадуудад зориулсан эмнэлэг барина

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Ахмадуудад зориулсан эмнэлэг барина

Нийслэлийн ахмадын хорооноос өнөөдөр дүүргүүдийн болон яам, тамгын газрын ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзан, баярын тоглолтоор бэлэг барилаа. Уулзалтад НИТХ-ын дарга Т.Билэгт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр нар оролцож, ахмадуудад зориулан хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгсөн юм.

Юуны өмнө ахмадуудад зориулсан 100 ортой эмнэлэгийг Яармагийн дэнжид барихаар шийдвэрлэж, зураг төсөл нь бэлэн болсныг хотын дарга дуулгасан. Хөрөнгийн асуудал нь шийдэгдсэн агаад ирэх хавраас барьж эхлэхээр болжээ. Мөн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт ахмадын сувилал барихаар болсон байна.

Түүнчлэн хөдөөнөөс шилжин ирсэн, харьяалалгүй 13 мянга орчим ахмадыг энэ жилээс эхлэн тодорхой хөрөнгө гаргаж, хүндэтгэл үзүүлж байхаар хотын удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу хороо бүр тэдгээр ахмадуудад хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд 82 мянган ахмад байдаг агаад ахмадын өдрийг угтан нийслэлийн ахмадуудын хийж бүтээсэн, урласан зүйлсээр үзэсгэлэн гаргах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, үнэ төлбөргүй эмээр хангах, ахмадын сувилалд амраах гээд олон ажлыг зохион байгуулсан байна. Тухайлбал, өнөө жил 24 мянга орчим ахмадыг сувилалд амраасан нь өмнөх жилийнхээс 2 дахин нэмэгджээ.  

Эх суралж: www.ulaanbaatar.mn  
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж