Нутгийн удирдлагын ордны шав тавилаа

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Нутгийн удирдлагын ордны шав тавилаа

Булган аймгийн төвийн гол хэсэг буюу улсын баатар С.Лхагвадоржийн талбайд “Нутгийн удирдлагын иргэдэд үйлчлэх ордон”-ы шав тавих ёслолын арга хэмжээ боллоо. Ёслолын эхэнд Дашчойнхорлин хийдийн лам нар ном айлдан сан тавьж, аймгийн ИТХ-ын болон Засаг дарга, бусад зочин төлөөлөгчид, уг барилгын ажлыг гүйцэтгэх компанийн захирал, барилгачдын төлөөлөл хөрсийг хөндөн, идээний дээж цай, эдийн дээд хадгаар байгаль эхийг аргадан барих газраа гуйв. Ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Оюунбат, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжав, “Түмэн алт” ХХК-ийн дэд захирал Д.Мөнхбат нар үг хэлж аймгийн хөгжимт жүжгийн театрын дуучин Б.Мөнгөнтуяа “Ар хөвч”-ийг уянгуулан бусад уран бүтээлч нөхөд нь ая дууны дээжээ өргөн барьж энэхүү нутгийн удирдлагын хамт олноос иргэдэд үйлчлэх ордныг чанар, өнгө төрх төгс сайхан  сүндэрлэн босгохыг билэгдэн ерөөв.

 Иргэдэд үйлчлэх ордны барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Улаанбаатар хотын “Түмэн алт” компани шалгарчээ. Энэхүү барилгаа Булган сумын төв хэсэг, төв талбайн дэргэд барьж зэргэлдээх төв талбайг эх орончдын талбай болгон шинэчлэн өөрчлөхөөр болжээ. Ордон барих ажлыг гүйцэтгэхээр шалгарсан “Түмэн алт” компани эхний ээлжинд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 960 сая төгрөг зарцуулан ийнхүү ажлаа эхлүүлсэн байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж