Г.Ганхүү: Улсын дээд шүүхийг харж л байя

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Г.Ганхүү: Улсын дээд шүүхийг харж л байя

ИЗН болон МНН-ууд өнгөрсөн гуравдугаар сард нэгдэж, ИЗ-НН болж өргөжин, улмаар Улсын Дээд шүүхэд намынхаа нэрийг бүртгүүлэхээр хандсан ч өнөөг хүртэл шийдвэрээ гаргаагүй байгаа билээ. Энэ асуудалтай холбоотойгоор ИЗ-НН-ын тэргүүн дэд  дарга С.Оюун, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ганхүү нараас байр суурийг нь сонирхлоо.

-Улсын Дээд шүүх ИЗ-НН-ыг бүртгэхгүй байсаар ирэх сонгуультай тулчихвал яах вэ. Энэ тохиолдолд хоёр нам буцаад салах уу,  ямар байдлаар УИХ-ын сонгуульд нэр дэвшчигчдээ “сойх” бол гэсэн мэтгэлцээн олон нийтийн дунд нэлээд явах боллоо. Үүнд тодорхой хариулт өгөхгүй юу?

С.Оюун:-Маш энгийнээр тайлбарлая. 2008 оны хавар ИЗН Монголын үндэсний эв нэгдлийн нам /Ц.Ням-Осор даргын/-тай нэгдэж байсан. Урьд нь бид гурван ч намтай нэгдээд тэр нэгдэл Улсын Дээд шүүхээр бүртгэгдэж байсан, ямар нэг асуудалгүйгээр. Хамгийн сүүлийн жишээ бол 2008 оны хавар Монголын Үндэсний эв нэгдлийн намтай нэгдэхэд хоёр нам их хурлаа хийгээд нэг нам нь татан буугдаад, нөгөөдөхдөө нэгдэх маягаар өгөөд, Дээд шүүхийн нэг хурлаар асуудал шийдэгдэж байсан. Гэтэл  2011 оны гурван сарын сүүлээр хуралдсан Их хурлыг яг тэр урьд нэгдэж байсан процедурын дагуу хийгээд, бичиг баримтаа бүрдүүлээд өгөхөөр Улсын Дээд шүүх урьдын жишгээрээ биш, “Эхлээд нэг намаа татан буулгачих, түүний дараа нь нэгдлээ шийдье” гэж байгаа. Манай намын ч хуульчид бусад хуульчидтай зөвлөлдөөд, Улстөрийн намуудын тухай хуульд байдаг тэр заалтын дагуу нэгдэх гэдгээр асуудлыг тавьсан. Улстөрийн намуудын тухай хуульд хамгийн сүүлд 2005 оны нэгдүгээр сарын 31-нд нэмэлт, өөрчлөлт оруулаад УИХ-аар баталчихсан. Үүнээс хойш нэмэлт, өөрчлөлт оруулаагүй. Нэг үгээр хэлбэл, хүчин төгөлдөр хуулийн хүрээнд яагаад одоо ИЗ-НН-ын нэгдлийг урьд явж байснаас өөрөөр авч үзээд байгаад ойлгохгүй байгаа. Улсын дээд шүүх дээр энэ асуудлын талаарх хурал тавдугаар сарын эхээр болоход манайхан мэтгэлцсэн. Манай намыг төлөөлж байгаа хуульч мэтгэлцэж, нэг процуедур гэдгээ илэрхийлсэн. Энэ асуудлаар манай намынхны хувьд Улсын Дээд шүүхийхэнд дахиж байр сууриа илэрхийлэх ёстой л гэж бодож байгаа.

Харин өөрийн чинь асуултад харилахад, хоёр намын дийлэнх олонх гишүүд нэгдэнэ гэдгээ шийдчихсэн, нэг улстөрийн хүчин болно гэдгээ шийдчихсэн учраас тэр байр суурин дээрээ хатуу зогсож, хамтраад явна.

-Г.Ганхүү: – Сонгуульд яаж орох вэ гэлээ, 2011 оны гуравдугаар  сарын 26-нд олонхиороо шийдвэр гаргаад нэг нам болчихсон. Улсын Дээд шүүхийн шийдвэр бол процедурын л асуудал. Нэг ёсондоо хүүхэд мэндэлчихсэн, төрсний гэрчилгээгээ л авах асуудал. Тэгэхээр нам бол нэг цулаараа сонгуульд орно гэж үзэж байгаа. Бид бол Улсын Дээд шүүхийг хараат бус байгууллага гэдэгт итгэж байгаа, бүртгэлийн асуудлыг шийдэж өгөх байх аа гэж найдаж байна. ИЗН байгуулагдсанаас хойш 11 жилийн хугацаанд таван намтай нэгдэж нийлж байсан. Улсын Дээд шүүхэд энэ асуудлаар хандахад ямар ч асуудал гарч байгаагүй,  удлаа удлаа гэхэд 14 хоногийн дотор манай асуудлыг бүрэн шийдэж байсан. Энэ удаад яагаад удаад байгаад ИЗ-НН-ын зүгээс гайхаж байгаа. Нэг талаас моодонд орж байгаа юм байлгүй, сайн л биз, харж л байя. Улсын Дээд шүүхийг ч  харъя.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж