Төр 51 хувийг нь эзэмшиж буй төсөл дампуурдаг

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Төр 51 хувийг нь эзэмшиж буй төсөл дампуурдаг

-Монгол,   Колумб  хөрөнгө оруулалтаараа өрсөлдөж байна-

“Berhe Dolbear” группын Ерөнхийлөгч Бернард Гуарнерра Discover Mongolia 2011 чуулга уулзалт  дээр “Улс орнууд эрдэс баялгийн салбараа хөгжлийн хүчин зүйл болгон ашигласан туршлага” сэдэвт илтгэл тавьсан юм. Илтгэлийг товчлон хүргэж байна.

Манай компани олон улс оронд уул уурхайн гэрээ хэлцэл болон эрдэс баялгийн чиглэлээр зөвлөгөө өгдөг. Саудын Араб,  Иордани, Эквадорын Засгийн газруудтай хамтарч ажиллан, эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын талаар зөвлөгөө өгдөг байсан. Бидний ажигласнаар Засгийн газар нь  тухайн уул уурхайн төслийн 51-ээс дээш хувийг эзэмших юм бол тэр төсөл заавал дампуурч бүтэлгүйтдэг бичигдээгүй хууль бий.
Гэхдээ бидний хамтран ажиллаж байгаа төслүүдийн хувьд ашигт малтмалын үнэ тогтвортой байж ирснийг хэлье. Австрали, Өмнөд Америк зэрэг орны Засгийн газар “Бидний төслөөс эзэмших хувь өсөх ёстой” гэж ярьж байгаа. Гэтэл бодит байдал дээр ашигт малтмалын үнийн нөхцөл өөрчлөгдөхгүй байвал яах вэ? Өдгөө үйлдвэрлэж байгаа   зэсээ нэг паундыг нь нэг ам.доллараар үнэлдэг компани бий юү? Байхгүй шүү дээ. Өнөөдөр зэсийн ердийн үнэ 2.2 ам.долларын ханштай байгаа. Ирээдүйд нэг паунд нь 1.80 ам.доллар болох байх. Алтны ханштай яг адилхан. Компаниуд нэг унци алтыг 800-900 ам.доллараар үнэлж байна. Эцсийн дүнд энэхүү урт хугацааны үнэ дэлхийн зах зээлийн гол үнэ болчихвол яах билээ. Засгийн газар, өөрөөр хэлбэл төрийн 51 хувийг эзэмшиж байгаа төсөл дампуурдаг гэдгийг дахин хэлье. Ийм нөхцөлд төсөлд хөрөнгө оруулж буй болон эзэмшиж  байгаа аль аль тал нь хожихгүй. Эцэс хойноо байгаль орчинд асар их хор хохирол гарч ирэх юм. Төрийн мэдлийн өмч гэдэгт угтаа юу ордог юм бэ? Ашигт малтмалын нөөцийн төлбөр, онцгой албан татвар, орлогын албан татвар, гаалийн татвар, дараа онд шилжих хүү энэ тэрээр л тодорхойлогдоно. Засгийн газар ашигт малтмалын түүхий эдийг бусдад хөнгөлөлттэй үнээр л нийлүүлдэг юм.

Ямар ч улс оронд уул уурхайн салбар эрүүл орчинд хөгжиж цэцэглэвэл илүү их хувь нэмрээ өгнө. Монголд ч ийм зураглал байх ёстой. Өнгөрсөн жил би Монголд буусан зочид буудлаасаа Discover Mongolia чуулга уулзалт хүртэл 15 минут явж байсан. Гэтэл өнөө өглөө бүтэн нэг цагийн турш явлаа. Энэ бол  уул уурхайн салбараас Монголын эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр ямархуу байгааг харуулж  буй хэрэг юм.

Зүй зохистой уул уурхайн салбар угтаа татварын болоод зохицуулалтын орчны тогтвортой байдлыг хүсэмжилдэг. 1990-ээд оны үед Чили хүн болгоны зорьж очих дуртай газар байлаа. Дараагийн арван жилд нь Перу улс их алдартай болсон. Тэгвэл өнөө үед буюу шинэ зууны эхний арванд Колумб,  Монгол хоёр эх орон руугаа хөрөнгө оруулалт татахын тулд өрсөлдөж байна. Дэлхийн анхаарлыг энэ хоёр улс ихээхэн татаж байгаа. Гэхдээ энэ тэмцэлд Монгол улс алдаж байна.

Колумб, Монгол хоёр зөв гольдролоор хөгжиж байсан. Гэтэл уул уурхайн салбарын хөгжлийн хувьд Монгол улсын үзүүлэлтүүд буурч эхэлсэн байхад Колумбынх эрс дээшилчихэж.  Монгол улсын хувьд Гэнэтийн ашгийн буюу 68 хувийн татварын хууль гадаадын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлсөн байх юм.  Манай компани жил болгон 25 улсын уул уурхайн хөрөнгө оруулалтын таатай орчныг тодорхой зэрэглэлээр  тогтоодог. Өнгөрсөн жилийн хувьд  66 орныг судалж үзлээ. 2010 онд Монголын зэрэглэл 8-д,  Колумб 7-д байсан бол  2011 онд Монгол 10-д, Колумб 7-доо хэвээр байна. Монголын түвшин буурсан байна шүү дээ.  Үүнд хүнд суртал, авлига гэсэн хоёр том хүчин зүйл нөлөөлжээ.

Хэт их хүнд суртал,  чирэгдэл гэдэгт Монгол улс шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоо больсон, мөн Ашигт малтмалын  тухай хуульдаа хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаатай холбоотой. Монголд тодорхой бус байдал их. Үүний улмаас хөрөнгө оруулалт боогдмол нөхцөлд байгаа нь нууц биш. Бизнесийн тогтворгүй орчинд хэн ч шийдвэр гаргаж чадахгүй. “Transparency International”  байгууллага Монгол улсын зэрэглэлийг авлигаар нь  160-д жагсаасан байхад Колумб улс  78 дугаарт орчихож.

“Heritage foundation”-аас  эрхлэн гаргадаг “Эдийн засгийн эрх чөлөөний индекс”-ээс улс орнуудын бизнесийн эрх чөлөөнд нөлөөлдөг олон хүчин зүйлийг харж болдог. Өөрөөр хэлбэл, тухайн орны хөрөнгө оруулалтын эрх чөлөө, өмчлөлийн эрх, цаашлаад ашигт малтмалын лицензээ хэрхэн захиран зарцуулж байна вэ гэдгийг харуулдаг юм. 

Монгол, Колумбыг харьцуулахад хөрөнгө оруулалтын эрх чөлөөний хувьд Монгол 50,  Колумб 65 оноотой байна. Өмчлөлийн эрхийн хувьд Монгол 30, Колумб 50 оноотой байна.  Тэгвэл бизнесийн эрх чөлөөний хувьд Монгол 68, Колумб 86 оноотой байгаа.

Монгол бол асар их эрдэс баялагтай орон. Уул уурхайн салбар нь  эдийн засгийн хөгжлийг бий болгох хөдөлгөгч хүч юм. Монголын урсгал төсөв ерөнхийдөө алдагдалтай байгаа  гол  хөрөнгө оруулалтууд нь импортоо дэмжиж  байна.

Үүний зэрэгцээ Оюутолгой, Тавантолгой бүрэн хүчин чадлаар ашиглалтад орвол Монголын худалдааны тэнцвэрт эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Оюутолгой зэсийн уурхайн тухайд асар их хөрөнгө оруулалтыг Монголд оруулж байгаа.  Экспортын дийлэнх хувь хэмжээг  зэс эзэлж  байгаа. Бүх экспортын 38 хувийг эзэлж байна. Тэгээд ч  жил болгон 128 хувиар өсч буй бүтээгдэхүүн бол зэс.

Уул уурхайн салбар ДНБ-ий 22 хувийг бүрдүүлж байгаа. Монгол улс бол дэлхийд эдийн засгийн хувьд хамгийн хурдан өсч байгаа орнуудын нэг. Эдийн засгийн өсөлт нь  иргэдийн амьжиргаа сайжирч байгаагаар харагддаг. Монголын ирээдүй бол агуу их ирээдүй. Ажлын хүч байна, хөрөнгө оруулалт орж ирж байна. Төр засаг нь ч гэсэн өнөөдөр уул уурхайн салбарын ашгийг ард иргэддээ хүртээе гэсэн бодлого баримталж байна. Гэхдээ энд хүндрэл бий. Монголд хөрөнгө оруулах уу, Колумбад хөрөнгө оруулах уу гэсэн харьцуулсан нөхцөл байдал бий болчихож.

Манай компани өөрийн салбараа Улаанбаатар хотод 2011 оны нэгдүгээр сараас нээн ажиллуулж байгаа. Гэхдээ уул уурхайн компаниуд тодорхой бус, тогтворгүй байдалд үндэслэн шийдвэр гаргах уу, үгүй юү гэдгийг бодолцож үзээрэй.

Тэмдэглэсэн М. Билгүүн (The Mongolian Mining Journal)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж