Стивен Тайлерын охин загварын ертөнцийн шинэ од

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Стивен Тайлерын охин загварын ертөнцийн шинэ од

“АэроСмит” хамтлагийн дуучин Стивен Тайлерын тухайд алим модноосоо хол өнхөрдөггүй гэдэг үг үнэн ажээ. Түүний охин Лив Тайлер “Армагедон” кинонд тоглож хэрхэн од болж байсныг та лав санаж буй бизээ. Харин энэ удаа дуучныг өвчсөн мэт дуурайсан бага охин Челси Талларико рок имижээр загварын ертөнцөд шинэ өнгө нэмж байгаа гэнэ. Өдгөө 22 настай Челси дуучин Стивен Тайлерын залуу эхнэр загвар зохион бүтээгч Тереза Баррикийн охин юм байна. Челси Томми Хилфигерийн дүү Эндрю Хилфигерийн намрын цуглуулгын зар сурталчилгааны нүүр царай болж байгаа гэнэ. Тоглолт бүрдээ хүзүүний ороолт зүүдэг рок дуучин Стивен Тайлерт зориулж загвар зохион бүтээгч ороолтны цуглуулга гаргахаар төлөвлөжээ. Стивен Тайлер 1991 онд охин Лив Тайлерыг өөрийн төрсөн хүүхэд гэдгийг мэдэгдэж байсан юм. Учир нь Ливийн ээж “Playboy” сэтгүүлийн загвар өмсөгч  Бебе Буэл тухайн үед хар тамхинд орсон байсан Стивен Тайлерын муу нэр охины амьдралыг сүйтгэнэ гэж эмээж байснаас эцгийнх нэрийг нууцалж байжээ. Стивен Тайлер энэ талаар охиноо багад нь харж хандаж байгаагүйдээ одоо ч харамсдаг гэж ярьсан юм.


Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж