Ч.Насантогтох өөрийн хүсэлтээр ажлаа өглөө

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Ч.Насантогтох өөрийн хүсэлтээр ажлаа өглөө

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох өөрийн хүсэлтээр шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаас чөлөөлөгдлөө.

Тэрбээр өчигдөр энэ тухай өргөдөл, хүсэлтээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар болон Үндэсний шигшээ багийн удирдлагуудад албан ёсоор уламжилсан байна. Түүний өргөдлийг БТСГ, Шигшээ багийн алба хэлэлцээд, өнөөдрөөс эхлэн Ч.Насантогтох багшийг жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаас чөлөөлсөн байна.

Монголын жүдо бөхийн холбоо шигшээ багийн ахлах дасгалжуулагч болон бусад зургаан дасгалжуулагчдыг өөрчилж, дасгалжуулагчдын сонгон шалгаруулалт явуулах хүсэлтэй байгаагаа өнгөрсөн долоо хоногт БТСГ-т албан ёсоор санал болгосон юм.

Монголын жүдо бөхийн холбоо есдүгээр сарын эхээр болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд жүдо бөхийн шигшээ баг амжилтгүй оролцсон нь дасгалжуулагчдад хариуцлага тооцох шалтгаан болсон хэмээн тайлбарлаж буй. Журам ёсоор одоо тус холбооны саналыг БТСГ хэлэлцэж, шигшээ багийн дасгалжуулагчдын сонгон шалгаруулалт явуулах эсэхийг шийдэх ёстой юм.

Ямартай ч жүдо бөхийн үндэсний шигшээ багийг сүүлийн хэдэн жил удирдаж, олимп, дэлхийн аваргуудыг төрүүлсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох энэ удаа өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өглөө. Гол нь тэрбээр БТСГ-т гаргасан өргөдөлдөө шигшээ багийн бусад дасгалжуулагчдыг ажлаа үргэлжлүүлж хийх боломжоор хангаж өгөхийг хүсээд, одоогийн багш нарын баг гар нийлсэн, чадварлаг дасгалжуулагчид тул энэ хамт олныг жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчдын албанд хэвээр үлдээж өгнө үү гэдгийг өргөдөлдөө уламжилжээ. Ч.Насантогтох багш шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах боломжтой багшийг санал болгох эрхийнхээ дагуу одоогийн эрэгтэйчүүдийн багийг дасгалжуулж буй Гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатарыг энэ албанд санал болгосон байна. БТСГ шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг Монголын жүдо бөхийн холбоотой зөвшилцөн, тодруулах бөгөөд энэ хугацаанд дасгалжуулагч Х.Болдбаатарыг Ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулах шийдвэрийг өнөөдөр гаргасан байна. 

Б.Баясах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж