ИЗ-НН 200 мянган захидал илгээнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

ИЗ-НН 200 мянган захидал илгээнэ

Иргэний зориг-Ногоон нам/ИЗ-НН/-ын үйл ажиллагааг ард иргэдэд нээлттэй танилцуулах, нөгөө талаас ард иргэдийн санал бодлыг сонсох зорилгоор тус намынхан Монгол Улсын 200 мянган иргэнд захидал илгээж буйгаа өнөөдөр хэвлэлийн бага хурлаар дамжуулан мэдэгдлээ.

Тус бага хуралд ИЗ-НН-ын дарга Д.Энхбат, тэргүүн дэд дарга С.Оюун, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ганхүү нар оролцож, захидлынхаа талаар мэдээлэл өгсөн юм.

Тус намынхан 200 мянган иргэний хаягийг намынхаа анхан шатны байгууллагаар дамжуулж, бүртгэлжүүлж, авсан байна. Хэрвээ танд ИЗ-НН-ын захидал очвол хариуг заавал илгээхийг тус намынхан хүсэж буй юм. Улс орныг хөгжүүлэхэд ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай, мөн иргэн танд ямар асуудал тулгарч буйгаа захидлаар дамжуулан илгээхэд болно. ИЗ-НН-ын хувьд 200 мянган захидлынхаа зарим хэсгийг тэр дундаа орон нутагт амьдарч байгаа иргэддээ хүргэхдээ Монгол шуудангаар дамжуулж хүргэж буй бол төв суурин газрынханд цахим хуудсаар илгээх аж. Улмаар захидлын хариуг хүлээн авсныхаа дараа иргэдийн саналыг нэгтгэн ИЗ-НН-ын мөрийн хөтөлбөрт тусгахаар болжээ. Захидал нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн иргэдэд хүрэх юм байна.

Захидалд

Иргэний зориг-Ногоон намын гишүүд бид элэг нэгт Монгол ахан дүүс та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилж байна. Эрх баригч хүчнүүд төр удирдах чадвараа нэгэнт алдаж, улс нийгмээ мухардал оруулсан энэ цаг үед бид Монголын улстөрд Цэвэр бөгөөд Эрүүл хүчнийг байгуулахаар зориг шулуудан улс үндэстнийхээ хөгжил цэцэглэлтийн төлөө хамтдаа зүтгэх түүхэн шийдвэрээ гарган ИЗ-НН-ыг үүсгэн байгуулсан билээ. Монголын иргэдийн хүсэл зоригийг нэгтгэж чадах, ирж байгаа шинэ цаг, шинэ үеийнхний хүсэл эрмэлзэл, хэрэгцээтэй хөл нийлүүлэн алхаж чадах, авлигаас ангид ард иргэддээ шударга ханддаг үйлчлэн тусладаг улстөрийн эрүүл шинэ хүч хэрэгтэй. Энэ бол шинэ цагийн дуудлага… Монгол Улсын иргэн бүр, айл өрх бүр тулгамдсан асуудлаа өөрсдөө бие даан шийддэг, тийш шийдэлд оролцогч нь байж чаддаг болсон нөхцөлд Монгол Улс хөгжлийн шинэ шатанд гарна. Өнөөгийн та бид эх сайхан нутагтаа эзэн сууж, хувь заяагаа өөрсдөө дархалж, улс үндэснийхээ эрх чөлөөт жаргалтай амьдралыг хамтдаа бий болгож чадна. Энэ үүргээ биелүүлэхийн тулд бүгдээрээ нэгэн сэтгэлээр хичээн зүтгэцгээе гэжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж