Зохиолчид оо, номоо зах дээр зарсан нь дээргүй юу

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Зохиолчид оо, номоо зах дээр зарсан нь дээргүй юу

Их хотын олон үйл явдал дунд хааяахан “Номын баяр болно” гэх оюунлаг мэдээлэл сонсогддогийг та анзаардаг уу. Тэр номын баярт нь очдоггүй ч гэсэн мэ­дээж сайхан арга хэмжээ байна гэж боддог л биз дээ. Саяхан надад “Номын баярт хүрэлцэн ирээрэй. Зохиолчид нь ирж, гарын үсэгтэй номоо худалдана” гэсэн утгатай текст мессенжерээр ирэв. Тэр мэдээллийг лавшруулан хай­тал зохиолчид нь ирэхээс гадна номоо 10-40 хувь хямдруулах юм гэнэ. Ёстой л нөгөө “Задгай талбайн зад хямдрал” гэдэг шиг л юм болох нь гэж бодсон. Хямд­рахаас гадна зохиолчид нь өөрийн бүтээлийнхээ эх­ний хуудаст гарын үсгээ зурна гэж байгаа юм. Харин зохиолчийнх нь гарын үсэгтэй номны үнэ нэмэгдэх биш яахаараа 40 хүртэл хувиар хямдардаг  билээ гэдэгт дүг­нэлт хийх бодол төрөв. Яагаад хуучин хувцасны худалдаа шиг эмх замбараагүй, үнийн “чөлөөт уналт”-ыг манай зохиолчид хийгээд байна аа. Тэгэхдээ бүр өөрсдөө гүйж очиж гарын үсгээ зураад байгаа юм даа. Яагаад ч юм өөрсдийгөө ч, уншигчдаа ч хүндлэхгүй бай­гаа юм шиг санагдах юм. Би л лав авмаар санагдсан номоо хэдэн төгрөгийн татуу үнээр өөрийн болгохыг мэдээж хүснэ. Зохиолчынх нь гарын үсэгтэй бол бүр ч сайхан. Гэхдээ номоо хямдруулаад, дээр нь зохиолч нь гарын үсгээ зуран өгч байвал би лав тэр номыг үнэхээр сайн эсэхэд эргэлзэж эхэлнэ. Хямдралаар номоо рекламддаг хүн нь ганц Б.Арго л юм болов уу гэж бодсон чинь үгүй юм байна л даа. Цаадах чинь л нэг тиймэрхүү үйлдэл хийгээд  “За би Англи хэлний гэрийн багш номоо худалдаанд гаргалаа. Нэгийг авбал нэг үнэгүй, Хоёрыг авбал нэг Япон хэлний гэрийн багш ном өгнө” гээд байдаг шүү дээ.

Сүүлийн үед номын дэл­гүүрт барьж үзсэн ном болгон маань 15 мянгаас дээш үнэтэй болчихсон байсан юм. “Ямар үнэтэй юм бэ” гэж халаглахаас гадна ийм үнэтэй юм чинь овоо юм бичсэн байх шүү гэж бодож амждаг байв. Гэтэл дээрх шиг “Зад хямдруулж” байхыг бодвол зарагддагүй л номууд байх нь л дээ. Худалдан авалт сайтайгаар нь зах дээр аваачиж ийм хямдралаа зарлавал яадаг юм бэ. Мөрөөрөө хямд за­рахгүй гарын үсгээ хүртэл хямдруулаад байдаг. Үгүй мөн сонин юм шүү.

Т.Есөн-Эрдэнэ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж