Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Владимир Путин. Дэлхий нийт өнөө­дөр түүний нэн шинэ түүхийг бичиж байна. Гэхдээ Ерөнхийлөгчөөс Ерөнхий сайд болсон тухай нь бус харин Ерөнхий сайдаас Ерөнхийлөгч болох хүслийнх нь тухай. Урагшилж буй цаг хугацааг тэрбээр орчин цагийн домог мэтээр өөрчлөн шинэчлэхийг хүслээ. Үүнд нь дэлхий нийт татагдан орж “Путин үхтлээ буцаж ирэхээр шийдлээ” хэмээн шуугиж байна. Энэ бол үнэн түүх. Гэрч нь өнөө цагийн хүн төрөлхтөн. Хамрах хүрээ нь зөвхөн Орос бус дэлхийн хүн төрөлхтөний талбараар хэмжигдэнэ…Тэрбээр өөрийгөө ийн орчин цагийн дэлхийн улс төрийн “од” болгосондоо сэтгэл хангалуун байгаа нь ойлгомжтой. Тэрхүү сэтгэл ханамжийнх нь баталгааг Нэгдсэн Орос намын ээлжит чуулганы үеэр хийсэн “Ерөнхийлөгчийн 2012 оны сонгуульд өрсөлдөнө” гэх зар­лалаараа баталгаажуулж буй. Мөн “Та бүхэн намайг Оросын дараагийн Ерөнхийлөгчаар харж байгаад талархаж байна. Миний хувьд энэ саналыг хүлээн авах нь нэр төрийн хэрэг” гэсэн үг нь ч тэр итгэл найдвараас хүчилтөрөгч мэт сонсогдож байгаа нь дамжиггүй.

Тэртээ 1952 оны аравдугаар сарын 7-ны өдрөөс эхэлж бичигдсэн түүний намтар 1999 оны наймдугаар сарын 9-нийг хүртэл Оросын ард түмний өмнө төдий л ил тод байсангүй. Эх орныхоо тусгай үүрэг бүхий тагнуулчдын гавьяагаар бахархан, тэдний тухай кинонд дурласан “дурлал”-даа хөтлөгдсөн хүүхэд насаар нь зөвхөн дээрх өдрөөс хойш Оросууд бахархан дурсах болсон. Мөн аавынх нь эрэлхэг намтраар ч тэр. Улмаар багынхаа мөрөөдлийг биелүүлж, Оросын улсын аюулаас хамгаалах газрын нууцлаг тагнуулч болсноор нь ч мөн адил. Түүнчлэн Ле­нинградыг өөрчлөн байгуулалтын үед удирдаж байсныг нь ч Ерөнхийлөгч Борис Ельцин агсны “Хэт ирээдүйтэй шинэ Ерөнхий сайд”-ын тухай гэнэтийн мэдэгдлийн үеэр орос түмэн олж мэдсэн юм. Энэ өдрөөр Орос дахь путинизмын эхлэл тавигдсан болохоор арга ч үгүй. Үүнээс хойш гурван сарын дараа буюу есдүгээр сарын 31-ний өдөр Б.Ельцин агсан өөрийн залгамжлагчаар В.Путиныг нэрлэж, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэрээ танилцуулсан юм. Ингэснээр В.Пу­тин хамгийн анх В.Ельциний гэр бүлийн эдлэх амьдралын баталгаанд гарын үсэг зурснаар ирээдүйн Оросын удирдагч болох замаа засч байв. Гэхдээ үүнээс өмнө буюу Ерөнхий сайдаар томилох үедээ Б.Ельцин Оросын ард түмэнд хандан “Ирээдүйд Ерөнхийлөгч болж болзошгүй хүн шүү” хэмээн зурагтаар ил тодоор зарласан нь түүнийг төгсгөл, эхлэлийн аль нь болохыг ойлгохыг хүссэн эргэлзээн дунд гацаасан гэдэг. Учир нь, олон хүн “Тэд таныг золиослохоор шийджээ” гэж сануулахтай зэрэгцээд өөрт нь ч тэр “Үгүй” гэж хэлэх итгэл үнэмшил төрөөгүй гэдгийг тэрбээр нэгэнтээ дурссан байдаг. Гэсэн ч өнөөдөр та бид тэр өдрийг В.Путины төгсгөл бус харин эхлэл байсныг харж байна.

Иймээс ч тэрбээр өнөөдрийг хүртэл “Государство держит в руках дубинку, которой бъёт всего один раз. Но по голове” буюу “Төрд нэг л цохидог муна бий. Гэхдээ тархин дундуур” хэмээх алдарт үгийнхээ эзэн болсоор ирсэн нь дамжиггүй. Магадгүй тэрбээр энэ үгнийхээ цаана аажим аажмаар нэр хүнд нь унаж, нөлөө нь буурч байсан Орос орныг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэхийг чухалчилсан байж болох юм. Со­циализмын түүхээр үлгэр жишээ болж, салан тусгаарлагчдын занал­хийлэлд сүр сүлд нь унаж байсан өөрийн эх орныг тэрбээр өнөөдөр хамгийн хүчирхэг гүрэн гэдгийг дэлхийд зарлах болсоор удаж буй. Иймээс ч В.Путиныг дахин Ерөнхийлөгч болохтой зэрэгцээд Америк, Орос хоёрын харилцаа хаашаа эргэх вэ гэдгийг бүхий л улс орон бодлогынхоо хүрээнд анхааралтай ажиглаж байгаа нь тодорхой. Мөн В.Путиныг Нэгдсэн Орос нам тахин шүтэж байгаа шиг Оросын ард түмэн ч тэр итгэл хүлээлгэдгээрээ хүлээлгэх үү гэдгийг ажиглаж буй. Гол нь тэрбээр энэ бүх асуултад хариулт өгөхдөө Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг ирэх оноос эхлэн зургаан жил болгож, улиран сонгогдох боломжтойгоор хуульчилж өгөхөөр хүч тавиад эхэлчихсэн. Ингэснээр тэрбээр 2024 он дуустал Оросыг удирдах магадлалтай. Гагцхүү түү­ний энэ эрх дарх, хэмжээлшгүй их хүсэл сонирхол нь Оросын бизнес эрхлэгч төдийгүй сөрөг хүчнүүдийн ирээдүйдээ итгэх итгэлийг бөхөөхийг үгүйсгэх аргагүй. Наад зах нь, Ард түмний эрх чөлөөний намын хамтрагч дарга Борис Немцовын “В.Путин бол цэвэр өдөөн хатгагч. Тэр Оросын ард түмнийг самуунд дуудаж байна. Сарын дараа төв банк хэчнээн хэмжээний мөнгө гадагш урссаныг зарлана. Миний тооцоогоор 100 тэрбум ам.доллар, 500-800 мянган хүн Оросоос дүрвэнэ байх. Хөөрхий Орос орон минь. В.Путин үхтлээ иргэн буцаж ирсээр байх болно. Түүний хэр урт наслахыг би мэдэхгүй. Орос сүйрэх үү, В.Путин түрүүлж үхэх үү гэдгийг би мэдэхгүй. Орос л үлдээсэй билээ” хэмээж. Мөн “Ренессанс капитал” хөрөнгө оруулалтын компанийн стратегич Ованес Оганесян “В.Путин Ерөнхийлөгч болно гэсэн мэдээлэлд зах зээлийн эхний хандлага сөрөг гарна байх. Ер нь бол зах зээл В.Путин хоёр таарамж муутай байсныг бид мэднэ” гэв.

Харин Бүс нутгийн банкуудын эвслийн ерөнхийлөгч Анатолий Аксаков “Энэ солилцооноос болж эрс өөр шинэ зүйл гарахгүй. Сүү­лийн 11 жилд В.Путин улс орны бодит бодлогыг тодорхойлж, харин Д.Медведев тодорхой хэмжээнд өнгө аяс оруулж байсан. Гэхдээ системийг бүтээгч нь Путин. Тиймээс ч эдийн засгийн бодлогын стратегийг В.Пу­тин тогтоож, Д.Медведев ямар нэгэн өнгө оруулж байх биз” гэсэн байна.

Гэсэн ч одоо В.Путины өмнө тавигдаж буй гол асуулт нь сөрөг хүчнүүдийн эсэргүүцлээс илүү Оросын ард түмэн дахин итгэл хүлээлгэх үү гэдэг асуудал юм. Тэрбээр Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсоноосоо хойш гурван сарын дараа Орос орны албан ёсны Ерөнхийлөгч болж байсан. Түүнд ийн өөрчлөлт, шинэчлэлтийн өмнө зогсоо Орос орныг удирдах эрхийг ард түмэн нь олгохтой зэрэгцээд тэрбээр өнөөдрийн мөнхийн удирдагч болох замаар хурд аван давхиж чадсан. Иймээс ч 2008 оны тавдугаар сарын 7-нд Д.Медведевт Ерөнхийлөгчийн албаа хүлээлгэж өгснийхөө маргааш Нэгдсэн Орос намын даргын тамга гардаж, дахин нэг хоногийн дараа Думын ээлжит бус бүгд хурлаас Ерөнхий сайдын сэнтийд заларсан. Энэ бол В.Путины Орост хүлээн зөвшөөрүүлж чадсан түүх. Хэдийгээр энэхүү ардчилсан бус замнал олон улсын эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч хэн ч Оросын дотоод хэрэгт хошуу дүрж зүрхлэхгүй нь ойлгомжтой. Нэг ёсны муу, сайн дүгнэлтийн аль, аль нь энэ цагийн путинизмын түүхэнд хувь нэмрээ оруулж ча­дахгүй юм. Учир нь, Чеченийн анх­ны Ерөнхийлөгч Ахмад Кадыров Путиныг Орост хувь заяагаараа бурх­ны ил­гээгд­сэн хүн гэдэгт итгэдэг” гэж хэлсэнчлэн үүнд итгэх олон сая хүн В.Путины төлөө гараа өргөх нь дамжиггүй. Үүнд итгэдэгтээ ч тэр ин­гэж онцгой дарангуйлагчийн намтраа үр­гэлжлүүлэхээр шийдсэн байж мэднэ.

Гэхдээ түүнд болгоомжлох бол­гоомжлол гэж бас бий. Наад зах нь, амь насанд нь халдахыг оролдсон гурван удаагийн оролдлогыг тэр­бээр амьд мэнд туулаад байгаа, энэ заналхийлэл цаашид улам эр­чимжинэ. Мөн Оросын тэр­бумтнууд өөрийнх нь эсрэг хүч хавсарвал юу болох бол. Магадгүй Оросын нэн шинэ домог болчихоод байгаа удирдагчийн хувьд тэрбээр энэ бү­хэнд эцсийн хариулт өгөхөөр Ерөн­хийлөгчийн албанд эргэж ирэ­хээр шийдсэн байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Домог үргэлжилж байна. “Чадаж байгаа юманд аргагүй” гэдэг шиг л…


Г.Отгонжаргал

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж