”Өлзий”, ”Хас” зуухыг санал болгож байна

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

”Өлзий”, ”Хас” зуухыг санал болгож байна

Бүрэн шаталтат Өлзий, Хас зуухны талаар иргэдийн асуултад М-Си-Эс Сэлэнгэ Констракшн компанийн суурилуулалтын менежер Т.Анхбаяр хариулж байна.

СБД-ийн 11-р хорооны иргэн А.ХОРЛОО

А: Энэ зуухнууд дээр тогоо тавьж болох уу?

Х: Өлзий болон Хас зуухан дээр 4-8 литр хүртэл багтаамжтай тогоо тавьж болно. Тогоо тавихын тулд зуухны дээд талын бор өнгөтэй хавтгай ширмэн тэвхийг аваад зууханд таарсан тохиромжтой тогоог зөв сонгож тавьж болно. Өлзий, Хас зуухны дээд ширэм улайсдаг тул заавал тогоо тавих шаардлагагүй бөгөөд, хавтгай ёроолтой саванд хоол цай хийхэд төвөггүй буцалгана.

А: Ханан пийшинд холбоход юуг анхаарах вэ? Босоо худагтай байвал сайн гэх юм, тэр нь ямар учиртай вэ?

Х: Өлзий, Хас зуухнууд нь босоо худагтай ханан пийшинд тохиромжтой ба хэвтээ худагтай ханан пийшинд тохиромжгүй, хэвтээ худагтай ханан пийшинд холбосон тохиолдолд соролт муу байдаг. 3 аас дээш босоо худагтай буюу хэт намхан ханан пийшин нь манай зуухны хүчин чадалд тохирдоггүй учир заавал өөрчлөлт хийх шаардлагатай. Өлзий, Хас зуух нь шаталт болон соролт маш өндөр тул ханан пийшингийн соролтыг сайтар шалгаж ,сайн хөөлөх шаардлагатай. Суулгах явцад дараах зүйлийг анхаарах хэрэгтэй.

Үүнд:

-Цоолсон шинэ нүхний доод хэсгийг бөглөх шаардлагатай учир нь нүхнээс доошхи хөндийд хуримтлагдсан хүйтэн агаар нь яндангаас гарах халуун агаарын урсгалыг боож таталтанд  муугаарнөлөөлнө. Мөн цоолсон шинэ нүхнээс дээшхи худаг нь багадаа 40 см гарсан байж соролт үүснэ. Дээврээс дээш гарсан яндангын хэмжээ хамгийн багадаа 70 см байна.

-Ханан пийшингийн халаалт болон соролтыг сайжруулах талаар манай ханан пийшингийн мэргэжилтнээс зөвлөгөө аваарай. Доор дурдсан утсаар холбогдон зөвлөгөө авч болно. Ханан пийшин барих хүмүүст анхааруулахад гурван босоо худагны голын худаг нь бусад худагнуудаасаа том байх шаардлагатай.

ЧД-ийн 9-р хорооны иргэн Батбаатар:

А: Манайх 8×10 харьцаатай байшинтай юм. Өлзий, Хас зуухны аль нь илүү тохиромжтой вэ?

Х: Өлзий зуух бол монгол гэрт болон саадгүй орчинд 60 метр квадрат хүртэл хэмжээтэй байшинг халаах хүчин чадалтай. Үүнээс том байшинд Хас зуух илүү тохиромжтой бөгөөд хананд пийшин суурилуулахдаа зориулалтын яндан,
булан яндан, элипс яндан зэргийг зориулалтын дагуу ашиглана, эс бөгөөс таталт муу, пийшин сайн халахгүй. Мөн зуухыг сонгохдоо өрөө тасалгааныхаа байрлалыг харгалзан үзээрэй. Хэт олон тасалгаатай тохиолдолд гадаргуугаараа
хамгийн сайн дулаан үйлдвэрлэдэг Хас зуухыг ч тавиад дулааны ханамж үүсэхгүй. Үүнээс гадна Өлзий зуух нь газраас дээш 90 см, Хас зуух нь 125 см дээр холбогддогийг анхаарна уу.

СБД-ийн 12-хорооны иргэн БҮРЭНБАЯР:

А: Танайх ханан пийшин барих уу, хөөлөх үү?

Х: -Өлзий, Хас зуухыг захиалсан хэрэглэгчдэд М-Си-Эс Сэлэнгэ Констракшн компанийн угсралтын баг зуухыг үнэгүй хүргэж өгч, суурилуулж өгч байгаа. Харин ханан пийшин барихгүй мөн ханан пийшин хөөлөхгүй.

ЧД-ийн 12-р хорооны иргэн Ж.Мөнхболд:

A: Цогон дээрээс нь нүүрс хийж болохгүй гэх юм, ялангуяа үдэш унтахаасаа өмнө нүүрс хийж болохгүйн учир юу вэ?

Х: Түлшээ бүрэн шатааж, утааг бага гаргахын тулд Өлзий, Хас зуухны шаталтын технологи нь нарийн зохион байгуулалттай байдаг. Шаталт дуусаагүй байхад нэмж нүүрс хийснээр зуухны доторх температур буурч, нүүрсийг бүрэн шатаах боломжгүй болж хар утаа гарна. Мөн Өлзий, Хас зуухны битүүмжлэл сайтай байдаг тул хавхлага хаалттай, шаталт явагдаж байгаа үед нүүрс нэмж хийх нь даралт үүсгэх, улмаар үнс пургих зэрэг сөрөг нөлөөтэй. Нүүрсээ зуухны дээд шавран керамик хүртэл дээд хэмжээнд хийж галлагаа эхэлсний дараа доод болон дээд хавхлагаар галын хүчийг тохируулж, нэмж нүүрс хийлгүй дулаанаа 10-12 цаг барих бүрэн боломжтой. Өлзий, Хас зуухны бүрэн шаталтат буюу утаа бага гаргадаг байх үндсэн нөхцөл нь шаталтын горим нь дээрээсээ доошоо байх, галлагааг бүрэн дууссаны дараа дахин шинээр дээрээс нь галладагт оршино.

Өлзий, Хас зуухны талаар мэдээллийг 50159889 утсаар лавлана уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж