“Малын галзуу өвчинтэй тэмцэхэд 30-40 саяыг зарцуулдаг”

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

“Малын галзуу өвчинтэй тэмцэхэд 30-40 саяыг зарцуулдаг”

Малын галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиосон. Манай улсад уг өвчний тохиолдол сүүлийн жилүүдэд ихээр нэмэгдэж байгаа ажээ. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Я.Номхоноос дараах асуултад хариулт авлаа.


-“Малын галзуу өвчний дууд­лага ихэссэн” хэмээн мэдээлж бай­сан. Энэ нь юунаас шалтгаалж байгаа юм бол?

-Мал, амьтны халдварт галзуу өвчин вирусээр үүсгэгддэг. Үнд­сэн­дээ малын тархины эд, эсийг гэмтээж, их хэмжээ­ний хор үүсгэдэг юм. Хор нь галзуу­руулах нөлөө үзүүлснээр үүсдэг өвчин юм. Энэ өвчин нь хүн, малын болон байгалийн голомтот халдвартай өвчин. Сүүлийн үед уул уурхайн үсрэнгүй хөгжилтэй холбоотойгоор өвчний тохиолдол их гарах болсон. Ялангуяа хээрийн чоно, үнэг, нохой гээд бусад зэрлэг ан амьтад өвчлөх нь ихсэж байгаа. Өнгөрсөн онд л гэхэд уг өвчний 480 гаруй тохиолдол бүртгэгдсэн гэсэн мэдээ байна.

-“Уул уурхайн үсрэнгүй хөгжилтэй холбоо­тойгоор галзуу өвчний тохиолдол ихэс­сэн” гэдгийг тодруулахгүй юү?

-Галзуу өвчний вирус байгальд удаан хугацаагаар оршин тогтнох чадвартай байдаг. Гурван сар болж байж бүрэн арилдаг. Бүр цаашлаад хүйтэн, сэрүүн нөхцөлд гурван жил тэсвэрлэх чадвартай байдаг. Тийм учраас энд тэнд үхэж үрэгдсэн зэрлэг ан амьтдын сэг зэмэн дээр их хэмжээгээр вирус нь хадгалагдах нь бий.  Хамгийн гол нь байгальд химийн хор, бордоо их хэмжээгээр тархсаны улмаас галзуу өвчний вирусын өөрийн биед нь байгаа зүйл идэвхжиж, өвчин үүсгэх магадлал нь ихэсдэг юм.

-Галзуу өвчнөөс урьдчилан сэргий­лэх тал дээр танай яамнаас ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас малын галзуу өвчин­тэй тэмцэхэд жилдээ 30-40 сая орчим төгрөг зарцуулдаг. Ийм хэмжээний  өртөгтэй вакцин үйлд­вэрлэж, орон нутгийн захиал­гаар нийлүүл­дэг юм. “Биокомбинат” Төрийн өмчит үйлдвэрийн газар 1930-аад оноос урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэж ирсэн. Амьд болон идэвх­гүйжүүлсэн хоёр төр­лийн вак­цин үйлдвэрлэдэг. Голдуу амьд вакциныг орон нутгийн захиалгаар нийлүүлдэг юм. Өөрөөр хэлбэл, гаднаас ямар нэгэн тусламж авахгүйгээр малын галзуу өвчнөөс урьдчилан сэргийлж байгаа гэсэн үг.  Галзуу өвчнөөр нэгэнт өвчилсөн малыг устгахаас өөр арга байхгүй. Устгаад бусад малыг вакцинжуулдаг. Түүнч­лэн гадны өндөр хөгжилтэй орнуу­даас  галзуу өвчнийг оношлох хоёр төр­лийн бэлдмэлийг авч ашиглаж байгаа. Энэ нь орон нутагт уг өвчний тохиол­дол илэрлээ гэж бодоход хурдан, шуурхай арга хэмжээ авах боломжийг бүрдүүлж байгаа юм.

-Өнөөдөр /өчигдөр/ уг өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байгаа юм байна?

-Галзуу бол мал, амьтан турахад хамгийн ихээр нөлөөлдөг өвчин. Тиймээс ч бусад орнууд ийнхүү тэмцэж байгаа хэрэг. Манай улс ч гэсэн гадны орнуудтай адил бодлого хэрэгжүүлж байгаа. Ялангуяа мал сүргээ хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг малчдад сурталчлах ажлыг зохион байгуулдаг юм.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж