
Үүнтэй зэрэгцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөн хуралдаж байгаа гэх мэдээлэл гарчээ. Б.Хурцыг эзгүйд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны үүрэг гүйцэтгэгчээр Ч.Өнөрбаяр ажиллаж байсан юм. Түүнд Б.Хурцын албан ажилдаа унаж байсан машиныг хүртэл хариуцуулан өгч байжээ. Харин одоо Б.Хурц эргэн ирж, ажилдаа орсон боловч Ч.Өнөрбаярын албан тушаалыг нь хараахан өөрчлөөгүй байна. Түүнийг Б.Хурцын оронд томилогдох нь тодорхой болсон гэлцэж байсан боловч ийнхүү жинхэнэ “эзэн” нь хүрээд ирсэн учир Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөн сандарч байна гэх яриа гарчээ.
Б.Хурцыг өнгөрсөн оны есдүгээр сарын 17-нд Английн нисэх онгоцны буудал дээрээс баривчилсан юм. Дипломат төлөөлөгчийн хувиар явж байсан ч бизнес ангиллын визээр зорчсоныхоо балгаар түүнийг баривчилсныг бид мэднэ. Жил тойрон хэлэлцсэний дүнд Английн шүүх түүнийг өнгөрсөн сарын 19-нд Германы талд шилжүүлэн өгсөн юм. Түүнээс хойш сар гаруй хугацаа өнгөрсний эцэст Б.Хурц эх орондоо хөл тавив. Уг нь түүний шүүх хурал Берлинд ирэх сарын 24-нд болохоор товлогдоод байсан юм. Өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гарсны дараа Б.Хурц Сөүлд очиж, эмчилгээ хийлгэсэн. Энэ үед Германы талаас “Танай хүн одоо чөлөөтэй болсон” хэмээн Монголын төлөөлөгчдөд мэдэгджээ. Эцэст нь Б.Хурц НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамт нэг онгоцоор ирсэн юм. Энэ бүхний дүнд Монголын дипломатч суллагдах үгүйд эргэлзсэн олон асуултын хариулт тодорхой боллоо. Гэвч яагаад германчууд Б.Хурцыг гэнэт сулласан бэ, хэрэв түүнийг гэм буруугүй гэж үзсэн бол Их Британийн Засгийн газар Монголын талаас уучлал гуйх уу гэх зэрэг олон шинэ асуулт гарч ирж байна. Б.Хурцтай холбоотой шүүх хурлын тов нь хүртэл зарлагдчихаад байхад ийнхүү суллагдсан нь түүний ард ямар нэгэн тохиролцоо байгаа гэх таамгийг баталж байна.
“Ардаа төртэй, эх оронтой хүн юундаа санаа зовох вэ” хэмээн Б.Хурц Улаанбаатарт хөл тавьсан даруйдаа хэлсэн юм. Үнэхээр Монголын төр нэг иргэнээ хамгаалж чаджээ. Энэ тухай “Ирэх сарын эхээр Германы Канцлер Ангела Меркель Монголд айлчлах гэж байгаатай холбоотойгоор Б.Хурц суллагджээ” хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. Гадаад харилцааны дэд сайд Б.Болор “Б.Хурцаас болж Монгол, Германы харилцаанд ямар ч сэв суугаагүй” хэмээн мэдэгдсэн. Харин “www.upi.com” сайтад “Монголчууд Германтай найрсаг байдлаа хадгалж чадав. Гэхдээ энэхүү хэрэг явдал Их Британи, Монголын харилцаанд сэв суулгалаа” гэж онцолжээ. Английн “Телеграф” сонинд “Их Британиас Монголд суугаа Элчин сайд Уиллъям Диксоныг эргүүлэн татсан явдал хоёр орны харилцаанд сэв суусныг харуулж байна” хэмээн өмнө нь бичиж байв. Харин Их Британийн Гадаад хэргийн яамны өмгөөлөгч Клейр Доббин “Манай Засгийн газар Б.Хурцыг баривчлуулах сонирхол байгаагүй” хэмээн мэдээлж байсан юм.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин