“Хохирлын хэмжээг өнөөдөр тогтооно”

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

“Хохирлын хэмжээг өнөөдөр тогтооно”

Дархан-Уул аймагт есдүгээр сарын 27-ны шөнө орсон их хэмжээний цас, цасан шуурганы улмаас өндөр хүчдэлийн шонгын тулгуур баганууд унаж, цахилгаан, дулаан тасраад буй тухай бид мэдээлсэн.

Тус аймгийн Засаг даргатай өнөөдөр 10.30 цагт утсаар холбогдон үүссэн нөхцөл байдал ямар байгааг тодрууллаа.

Одоогоор Нийслэлийн Онцгой байдал, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн онцгой байдлын газраас нийт таван бригад гаран 24 цагаар ажиллаж байгаа аж. Өчигдөр 17.00 цагт Дархан суманд цахилгаантай болсон бөгөөд 20.00 цагт ус, дулаанаар хэвийн хангагдаж эхэлсэн байна.

Харин Дархан сумын нэг гэр хороолол хээрийн шугамтай холбоотой учир одоог хүртэлд цахилгаангүй байгаа юм байна. Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймаг руу чиглэсэн өндөр хүчдэлийн 17 шугамын тулгуур багана унасныг сэргээн босгох ажил хийгдэж байгаа бөгөөд өчигдөр 18.00 цагт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум цахилгаантай болжээ. Харин одоогоор Сэлэнгэ аймгийн Хөтөл, Орхон  сумууд цахилгаангүй байгаа аж. Эдгээр тулгуур багануудыг сэргээн босгоход шинээр зам тавих шаардлагатай байгаа гэнэ. Учир нь тус газар намаг ихтэй тул цас орсны улмаас том оврын кран явуулах боломжгүй зам хаагджээ.  Иймд аваарын багийнхан Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрээс 500 метр зам шинээр тавихаар ажиллаж байгаа хэмээн Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат хэллээ. Тэрбээр “Одоогоор хохирлын хэмжээг хэлэх боломжгүй байна. Өнөөдөр 13.00 цаг гэхэд хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар тогтоон Засгийн газарт мэдээлэх болно” гэв.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж