Возняцки Японы нээлттэй тэмцээнийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Возняцки Японы нээлттэй тэмцээнийг орхилоо

Энэ жилийн сүүлийн “Их дуулга” болох Америкийн нээлттэй тэмцээнээс хойш теннисчид Ази тивийг зориод удаагүй байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт Сөүлийн нээлттэй тэмцээн өндөрлөсөн бол WTA-ын цувралд багтсан Японы нээлттэй тэмцээн үргэлжилж байна. Нийт хоёр сая гаруй ам.долларын шагналын сантай тус тэмцээний тэргүүн тоглогч 360 мянган ам.доллар хүртэж, чансаандаа 900 оноо нэмэх бол дэд аварга 180 мянган ам.доллараас гадна 620 оноогоор чансаагаа ахиулах боломжтой. Мэргэжилтнүүд тус тэмцээнд ОХУ-ын теннисчин Мария Шараповаг түрүүлнэ хэмээн таамаглаж байна.

Японы нээлттэй тэмцээнд Данийн Каролина Возняцки /1/, ОХУ-ын Мария Шарапова /2/, Беларусийн Виктория Азаренко /3/, ОХУ-ын Вера Звонарева /4/, Чехийн Петра Квитова /6/, Австралийн Самана Стосур /6/, Францын Марион Бартоли /7/ нарын тэргүүтэй теннисчид өрсөлдөж буй. Эхний өдрөөсөө л сонирхолтой өрнөж буй тус тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд өчигдөр өндөрлөж, шилдэг найман теннисчин тодорлоо.

Америкийн нээлттэй тэмцээний аварга Австралийн Самана Стосур хоёрдугаар тойрогт Мария Кириленкод 2-6, 6-4, 4-6 харьцаатай хожигдсон бол дэлхийн тэргүүн теннисчин Каролина Возняцки гуравдугаар тойрогт Кай Канепид 5-7, 6-1, 4-6 харьцаагаар хожигдож, Японы нээлттэй тэмцээнийг орхилоо.

Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр шөвгийн наймын тоглолтууд үргэлжилнэ.

Кай Канефи – Агнешка Радванска  /9/
Виктория Азаренко /3/ – Марион Бартоли /7/
Мария Кириленко – Вера Звонарева /4/
Петра Квитова /6/ – Мария Шарапова /2/

Тэмцээний аварга ирэх бямба гаригт тодрох бөгөөд энэ өдөр эрэгтэйчүүдийн тэмцээн эхлэх билээ. Мөн WTA-ын ээлжит цуврал тэмцээн болох Бээжингийн нээлттэй тэмцээн ирэх сарын 1-нд эхэлнэ. 

Ч.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж