Монголд хөрөнгө оруулахад учирч болох улстөрийн эрсдлүүд

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Монголд хөрөнгө оруулахад учирч болох улстөрийн эрсдлүүд

“Reuters” агентлагийн тусгай сурвалжлагч Дэвид Стэнвэйний бичсэн “Монголд хөрөнгө оруулахад учирч болох улстөрийн эрсдэлүүд” нийтлэлийг “Mongolian Economy” сэтгүүл өмнө нь хөрвүүлэн хүргэж байсан.

Тэгвэл “Reuters” энэ оны есдүгээр сарын 1-нд Тавантолгойг тойрсон асуудалтай холбоотойгоор уг нийтлэлээ шинэчлэн гаргасан нь сонирхол татна. Манай Засгийн газрын шийдвэр гаднынханд ямаршуу сэтгэгдэл төрүүлснийг эндээс мэдэж болох юм.

Эрдэс баялгийн асар их нөөцтэй Монгол Улс түүнийгээ ашигласнаар ирэх арван жилд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлнэ гэсэн хүлээлт нэгэнт үүсчээ. Наймдугаар сарын сүүлчээр Америкийн дэд ерөнхийлөгч Жо Байден Улаанбаатарт очихдоо ЗХУ-ын нөмөрт олон жил сульдсанаа үл харгалзан монголчууд ардчилалд шилжиж чадсаныг тэнгэрт тултал магтсан билээ.

Эдүгээ Монгол Улсын хувьд бяцхан эдийн засгаа хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг л эн тэргүүний зорилго юм. Засгийн газар нь энэхүү зорилгодоо хүрэхийн тулд тэвчээргүй ард түмнийхээ шахалт хийгээд хоёр аварга хөрш болох Хятад, Оросын дарамтыг яаж зохицуулах бол? Хөрөнгө оруулагчид үүнийг л хамгийн ихээр мэдэхийг хүснэ. Монголд байж болох эрсдэлүүдийг энд тоймлон хүргэе:

Тавантолгойн маргаан

Нүүрсний нөөцөөрөө дэлхийд толгой цохих Тавантолгойн орд зэс, алтны аварга Оюутолгойтой хамтдаа олон арван жилийн турш Монголын эдийн засгийн “зүтгүүр” болох учиртай. Харамсалтай нь энэхүү ордыг ашиглалтад оруулах ажил олон талын ашиг сонирхлоос болоод саатаад байгаа юм. Гэвч ард түмний дунд их хүлээлт үүсгэсэн хувьцаагаа гаргаж, 2012 оны сонгуулиас өмнө амлалтаа биелүүлэхийн тулд Монгол Улс энэ асуудлаа аль болох хурдан шийдвэрлэх шаардлагатай болоод буй.

Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн зүүн хэсгийн хувьцааг гаргах хөрөнгө оруулалтын банкуудаа хэдийнэ сонгосон боловч энэ нь баруун хэсгийн “дуудлага худалдаа”-ны үр дүнгээс шууд шалтгаалж таарна. Өнгөрсөн долдугаар сард Монголын Засгийн газар баруун Цанхийн хөрөнгө оруулагчаар Хятадын “Shenhua”, Америкийн “Peabody” болон Орос-Монголын хамтарсан консорциумыг нэрлэсэн.

Гэвч Япон болон Өмнөд Солонгосын пүүсүүдийг “анзааралгүй” хассан гэх шалтгаанаар эргэж буцаад, одоог хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй байна.

Энэхүү холион бантан Монголын  геополитикийн дарамт ямар байдгийг харуулаад зогссонгүй, мөн энэ оронд үйл явц ямар замбараагүй, ойлгомжгүй байдгийг давхар илтгэж байгаа юм.

Юуг анхаарах вэ:

-Засгийн газар Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ гадаадын түншүүд болон иргэний нийгэм гээд бүгдийг аз жаргалтай байлгаж чадах уу? Чадлаа ч гэсэн түүнийгээ цагт нь амжуулах уу?
-Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын тунгалаг бус шийдвэрийг ойлгож, эргэж буцсан байдлыг нь хүлээж тэсэх үү?

Популизм

Сонгууль хаяанд ирлээ. Дөрвөн жилийн өмнө ард иргэддээ өгсөн үнэтэй амлалтаа биелүүлэхийн тулд эрх баригч эвслийн гишүүд чадах чинээгээрээ шуурхай  ажиллах хэрэгтэй болж байна.

Монголын Засгийн газар нийгмийн боловсрол болон эрүүл мэндэд анхаа­рахаа амлаж, уул уурхайн орлогоороо дэд бүтцийг сайжруулж эдийн засгаа шинэчлэхэд зарцуулна гэж ярьдаг. Гэсэн ч бэлэн мөнгө хурдан авахын тулд ашигт малтмалын нөөцөө хямд зарж байна хэмээн монголчууд Засгийн газраа буруушаасаар.

Зургаан тэрбум ам.долларын Оюутолгойн ихэнх хувийг Канадын “Ivanhoe mines” компанид өгөх 2009 оны шийдвэр шуугиан дэгдээсний хажуугаар гадаадын хөрөнгө оруулалттай олон тооны жижиг төсөл нийгмийн идэвхтнүүд болон зарим хууль тогтоогчийн дургүйг хүргээд буй.

Жо Байденыг ч Америк, Япон, Өмнөд Солонгосын цөмийн хаягдлыг Монголд булшлах зорилготой ирлээ хэмээн монголчууд сэжиглэж амжсан. Эдийн засаг дахь гаднынхны нөлөө улам нэмэгдэж байгаад сонгогчид ямар дургүй байгаагийн нэг том жишээ энэ юм.

Юуг анхаарах вэ:
-Монголын Засгийн газар эрдэс баялгаа хэрхэн ашиглах вэ? Төсвийн тогтворжуулалтын сан байгуулсан хэдий ч иргэддээ бэлэн мөнгө амласан, тараасан хэвээр л байна.
-Гадаадын хөрөнгө оруулалт Монголын “хөдөөгийн” эдийн засгийг өөрчилж байгаа ч энэхүү огцом өсөлт юу авчрах вэ? Зөвхөн Оюутолгойн хөрөнгө оруулалт л гэхэд энэ орны 2009 оны бүхэл бүтэн ДНБ-тэй дүйцэж байгаа шүү дээ.
-Монголын Засгийн газар ард иргэдийнхээ өсөн нэмэгдэж буй үндэсний үзэл, гадаадын пүүсүүд болон ажилчдын байдлыг хэрхэн зохицуулж байна вэ?

Хараат байдал

Монголын 2.7 сая иргэний олонх нь Хятад болон Оросын манлайлал нэмэгдэж байгаад санаа зовох бөгөөд Тавантолгойд энэ хоёр их гүрэнд давуу эрх олгож байгаа нь тэдний зовинолыг улам нэмэгдүүлэв.

Энэ оны эхний хагас жилд Монголын экспортын 90 хувь нь урд хөрш рүүгээ урсчээ. Хятадууд ашигт малтмалыг ихэнхдээ л хямдралтай үнээр худалдаж авч байгаа нь тодорхой боловч Монголын эдийн засгийн хувьд ямар чухал нөлөөтэйг дээрх тооноос харж болно. Урт хугацааны хараат байдлаа багасгах боломжийг эрэлхийлж байгаа бол Монгол Улсад мэдээж бэлэн мөнгө хэрэгтэй. Харамсалтай нь бэлэн мөнгө зөвхөн урд хөрштэйгээ хийх худалдаанаас л орж ирэх боломжтой.

Түлш, эрчим хүч, тээврийн тал дээр хоёр хөршөөсөө улам л хараат болж байгаа нь Монголын уул уурхайн салбарын гол эрсдэлийг илтгэх загвар юм. ОХУ шатахууны нийлүүлэлтээ хумиж чадна гэдгээ мэдрүүлсэн бол Хятад чухал төмөр замын гарцаа хаахдаа нэг их тоохгүй байж мэднэ. Үүний зэрэгцээ Монгол Улс нүүрсээ Япон болон өмнөд Солонгост хүргэхийн тулд Оросын төмөр замын сүлжээнээс хамаарах нь гарцаагүй.

Юуг анхаарах вэ:

-Хятадаас хараат байдлаа багасгах гэсэн монголчуудын чармайлт Оросын эзэмшлийг нэмэгдүүлэх юм биш биз? Эсвэл эсрэгээрээ, Оросоос хараат байдлаа бууруулах гэж байгаад Хятадын нөлөөг улам ихэсгэх талтай юу? Монголын нүүрс болон бусад ашигт малтмалын хувьд ойрын хугацаанд Хятадын зах зээл гэсэн ганц л сонголт байна гэж үү?

"Mongolian Economy" сэтгүүлийг та  электрон байдлаар  бүрэн эхээр нь худалдан авахыг хүсвэл ЭНД дарна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж