Т.Нямдорж холбогдолгүйг шинжээчийн баг тогтоосон

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Т.Нямдорж холбогдолгүйг шинжээчийн баг тогтоосон

Хөдөлгөөнт эргүүлийн машинд дайруулж, амиа алдсан хохирогчийн охин “миний аавыг дайрсан цагдаагийн алба хаагчид хариуцлага хүлээлгэхгүй байна” гэдэг гомдол гаргасан. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Ганболдоос тодрууллаа.

-Цагдаагийн алба хаагчид хариуцлага тооцохгүй байна гэсэн гомдлыг хохирогчийн охин Э.Ононтуул гэдэг эмэгтэй гаргаж байгаа. Энэ талаар тодруулах гэсэн юм?

– 2011 оны зургадугаар сарын 24-нд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутагт Драгон төвийн урд замын хоёрдугаар эгнээгээр албаны “шевролет” маркын Хөдөлгөөнт эргүүлийн машин замын хөдөлгөөнд оролцон үүрэг гүйцэтгэж явахад нь үл таних эрэгтэй хүн гарцгүй газраар зам хөндлөн гарч яваад мөргүүлэн гэмтсэн байдаг. Хохирогчийг гэмтлийн эмнэлэгт хүргэж, эмчилгээнд хамруулсан байдаг. Мөн уг осол гарснаас зургаа хоногийн дараа талийгаач нас барсан болох нь тогтоогдоод байна.  

-Ослын хэргийг шалгаж байгаа нөхцөл байдалд хохирогчийн талаас нэлээдгүй гомдолтой байгаа гэж сонссон. Ингэхэд энэ хэргийг хаана шалгаж байгаа юм бэ?

-Энэ асуудлыг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба хэргийн газрын үзлэг хийж, 2011 оны наймдугаар сарын 24-ний өдөр цагдаа-жолооч, цагдаагийн дэд ахлагч Т.Нямдоржид холбогдох эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Мөрдөн байцаалтын явцад  хохирогч Э-гийн буруутай үйлдлийн улмаас осол гарсан,   Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын цагдаа-жолооч Т.Нямдорж уг хэрэгт холбогдолгүйг шинжээчид тогтоосон юм билээ. Түүнээс гадна энэ асуудлаар Тв-8 телевизийн сэтгүүлч хэт нэг талыг барьсан мэдээлэл цацсан нь Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.5 дахь хэсэгт заасан “Шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй байхад хэнийг ч гэм буруутай гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байгаа. Тиймээс энэ талаар тус телевизэд холбогдох анхааруулгыг  өгсөн.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж