Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

-Нууц амрагууд, автомашинууд, бас очир алмазууд. Хятадын хэрэглэгчдийн нийгэмлэг  асар их хурдтайгаар хөгжиж байна-

Хэрэглээний зардлаараа Хятад улс Японыг ардаа орхиод Европын холбоотой зуузай холбож байна. Шар айрагнаас гар утас хүртэл бүхний хэрэглээгээр хятадууд дэлхийд тэргүүлэх болсны шалтгаан юу вэ?

Хятадын шинэ баячуудын тухай телевизийн нэвтрүүлэг хийж, сэтгүүлүүдэд бичиж, тэд поп-соёлын баатрууд болж байна. “Би Travel Channel сувгийг их үздэг. Түүгээр дээд хүрээнийхний амьдралын тухай хэдэн нэвтрүүлэг гардаг юм. Би тэдэн шиг баян болмоор байна. Франц хоол зооглож, “Шанель” ханхлуулж,  Louis Vuitton цүнх бариад тэр хүмүүс шиг дэлхийгээр аялах юмсан. Ярих юм биш, юутай сайхан байх бол!” гэж 24 настай сычуань бүсгүй ярив.

Бусдыг шулан баяжсан, дандаа шахуу хууль бус замаар мөнгөждөг гээд л баячуудыг хичнээн муулахад бэлэн ч энэ бүсгүйн мөрөөдөл унадаг дугуйг автомашин итгэлтэйгээр шахаж байгаа шиг л өнөөгийн Хятадад  зэрэгцэн оршино.

Хэрэглээний аварга шалгаруулалт

Арваад жилийн өмнө тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авдаггүй байсан Хятад өдгөө дэлхийн зах зээлд тэдний гол хэрэглэгчид болсон нь зүй зохицлын хэрэг юм. Баян хятадууд өмнө нь хориотой, үгүйдээ л хязгаарлагдмал байсан автомашин, жуулчлал, махны диет зэрэг бусад хэрэглээнээс хамаарах шинэ эдийн засаг, шинэ нийгмийн тэргүүн эгнээнд явж байна. Энэ өөрчлөлтийн хурд нь гайхмаар. Өөрчлөлт, шинэчлэл нь гурав дахь арван жилдээ орж байхад эх газрын Хятадад үнэтэй цүнх, гутал, гоёл  чимэглэл, үнэртний дэлхийн худалдааны зөвхөн нэг хувь л ноогдож байлаа. БНХАУ 2005 онд гэхэд тийм барааны дэлхийн гурав дахь худалдан авагч болж, худалдааных нь 12 хувийг эзэлсэн байлаа. Гэхдээ л Японоос (41%) хоцорч, АНУ-д (17%) дөхөөд очсон байв. Зарим нэг дүгнэлтээр 2015 он гэхэд хоёуланг нь гүйцэн түрүүлээд дэлхийн тансаг хэрэглээний лидер болох юм байна. Мөн л 2005 онд хятадууд гадаад аялалдаа дэлхийн бүх ард түмнээс нэгдүгээр байранд гарч чадав. Тэд аялал жуучлалдаа дунджаар 1000 гаруй ам.доллар, хэрэв Европт аялж байгаа түүнээс хоёр дахин их мөнгө зарж байв. Иймэрхүү тоонууд үнэ цэнэтэй, тансаг бараа үйлдвэрлэгчдийг сэргээн өдөөж байна. Америк, Европын хий нь гарсан хэрэглэгчдийг залгамжлан аваад мөнгө үл хайрлах наяад оны япончуудыг хятадууд залгамжлан авна гэж тэд үздэг болж байна.

Хятадын хэрэглэгч ангийнхан дээд статуст анхаарлаа  улам ихээр хандуулах болов… БНХАУ 2003 онд стретч-лимузин “Бентли-728” (1,2 сая доллар) хэмээх дэлхийн хамгийн үнэтэй машины томоохон худалдан авагч нь болсон ба “Кадиллак” тус улсад 40 автосалонаа нээжээ. Тэд 2005 онд 23 600 ширхэг BMW худалдан авсан нь өмнөх оныхоос нь бүтэн хагасаар өссөн байжээ. Нэг үгээр Хятад хамгийн алдартай машины дэлхийн томоохон худалдан авагч болж байна. Өнөөдөр таван сая хятад хамгийн үнэтэй машины төлөө мөнгө гаргахад бэлэн байна.

Эдийн засгийн шинэчлэлийн жилүүдэд  тус оронд бараг нэг сая саятнууд бий болжээ. Хятадын брэндийн стратегийн эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Ян Циншанийн хэлснээр одоо тансаг хэрэглээний барааг хятадуудын 13 хувь буюу 170 сая хүн худалдан авах чадвартай бөгөөд тэр үзүүлэлт нь жилдээ 12 хувиар өсч байна…

Сайхан амьдралын барааг үйлдвэрлэгчид Хятад руу хошуурах болжээ. Эдгээр барааг 1992 он гэхэд таван одтой буудлуудаас өөр хаана ч худалдан авч чадахгүй байсан юм. Харин өнөөдөр Louis Vuitton, Calvin Klein, Armani, Prada ба Omega-гийн хамгийн шинэ бараа худалдааны төвүүдэд зарагдаж байна. Бээжингийн төвийн Ванфуциний гудамжны нэгэн дэлгүүрт 2005 онд Lotos-ийн 90 нарны шил хос тус бүр нь 100000-600000 ам.доллараар зарагдсан юм…

Алт мөнгөн эдлэлийн Хятадын зах зээл 2005 онд дэлхийд АНУ ба Европын дараа гуравт оржээ. Тэнд үнэт эдлэлийг 10 тэрбум доллараар худалдан авсан байв. Дэлхийн алмазын томоохон худалдагч  De Beers Хятадад зөвхөн 1993 онд орж ирсэн ч маш эрчтэй ажиллан барууны сэтгэлд шингэсэн очир эрдэнэ ба хайр сэтгэлийн баттай холбоосыг хятадуудад мэдрүүлж өгөв. Тэгээд арван жилийн дараа De Beers-ийн худалдаа БНХАУ-д тэрбумын эргэлттэй болжээ. Алтан эдлэлийн импортын зохицуулалтыг зөөллөсний дараа алтан эдлэлийн худалдааны зах зээлээр Хятад  дэлхийд дөрөвт орж, Энэтхэг, АНУ, Туркийн араас явж байна. Зөвхөн 2005 онд Хятадад 250 тонн алтан эдлэлийг хятадууд худалдан авсан байна. Хятад 2006 онд өмнөх лидер Японыг ардаа орхиж, дэлхийн цагаан алтны томоохон худалдан авагч болжээ. Одоо цагаан алт Хятадад хуримын бөгжний хамгийн алдартай материал болжээ.

Хятад хилийн чанадаас зөвхөн эд бараа зөөгөөд зогсохгүй чөлөөт цагийг өнгөрүүлэх хэв заягийг авч байна… ХХ зууны ихэнх цагаар эдийн засагчид аж үйлдвэрийн хөгжлийн ертөнцийг “гүйцэж түрүүлэх” Хятадын эрмэлзлэлийг хайлуулсан болд, хураасан ургацын хэмжээгээр нь хэмждэг байсан бол Хятадын удирдлага  аж үйлдвэрийн салбарт хандах чиглэлээ багасган илүүтэйгээр үйлчилгээнд чиглэгдсэн эдийн засгийг байгуулах болсноор “өрсөлдөөн” нь чөлөөт цагийг зохион байгуулах салбар дахь барууны хуулбар гэгдэх болов. 1990-ээд оны дунд үе хүртэл Хятадад цанын амралт ганцхан байсан ба тэр нь зүүн хойт Хэйлунцян мужид Ябулийн 1996 оны Азийн өвлийн тоглолтод зориулагдсан байв.  

Харин арван жилийн дараа тус орон 200 гаруй тийм  амралтын газруудтай болоод тийшээ жилдээ гурван сая хүн очиж амрах болжээ. Бээжингээс бүтэн хагас цаг яваад хүрэх Наньшанд есөн энгэр ба 13 олимпийн тосгонтой цанын амралтын газар байгаа. Бээжингийн ойролцоо 1988 онд уулын цанын энгэр гарч ирсний эхний жилд нь тэнд 13 мянган хүн очсон бол найман жилийн дараа тэр энгэр дунджаар хоёр сая хүнд үйлчлэх боллоо. Гэтэл Бээжин рүү цөлжилт идэвхтэй түрж, далайн төвшнөөс дөнгөж 50 метрийн өндөрт орших бөгөөд өвлийн цаг уурыг урьдчилан төсөөлөх аргагүй. Цусны буунууд нь жил бүр 42 мянган хүнийг ундаалах ус ашиглаж байгаа. Цаг уурын болон экологийн асуудлыг шийдэхээр Цяобогийн бэрхээс маягийн хаалттай уулын цанын замыг хөрөнгө оруулагчид босгох болжээ. Энэ бүгд нь Европ, Америкийн зах зээлийг хэтрүүлэн хангасан өвлийн спортын бараа үйлдвэрлэгч нарт “тэнгэрийн умдаг” атгасантай адил. Зах зээлийн энэ салбарынхан ба бусад нэр цуутай брэндийн үйлдвэрлэгч нар орлогоо барьж байхад Хятад туслана  гэж найдацгааж байгаа юм.

Дээд зэрэглэлийг харуулах бас нэг импортын зугаа нь баячуудын хувьд гольф болж байна… 1949 оны коммунист хувьсгалаас хойш анхны гольфийн талбай Хятадад 1984 онд нээгдсэнээс хойш тэдний тоо 350 хүрээд байгаагийн ихэнх сүүлийн 10 жилд нээгдсэн байв. Харьцангуй жижиг хотуудад мянга гаруй гольфийн талбай баригдаж байна. Гольф тоглогчид өдгөө Хятадад сая гаруй хүн байгаа бол ерээд онуудад гольфийн цохиур далласан  мянгаад хүн байв…

Бусад орнуудынх шиг гольф Хятадын элитүүдийн дунд алдартай сонгомол дуурайлт. Хятадын олигархууд гонконг, тайвань, япон, барууны баячуудыг дуурайн тоглож сурчээ. Тэднийг хямд талбай хэрэгсэл ашигласан хүрээлэл нь дагалдаж байна. Шанхай орчмын хоёр давхар хаалттай талбайд цохилтоо сайжруулж байсан залуу гольфчин ярихдаа “Гольф гэдэг нь анги давхрагын хэрэгсэл гэх үү дээ. Баян эсвэл өөрийгөө баян гэдгийг харуулах гэсэн хүмүүс тоглодог тоглоом” гэсэн юм. Сямэнь хотын их сургуулийн захиргаа ирээдүйн хуульч, эдийн засагч, удирдагч, программч нар гольфийн курсийг заавал сурах хичээл болгож, ер нь бүх оюутнуудад сонголтоо хийн тоглож сурахыг зөвлөж байна.

Брэндийн тансаглал Хятадад тодорхой хэмжээний эсэргүүцэлтэй тулгарч байгаа нь мэдээж. Албан ёсоор Хятад коммунист орон бөгөөд тэнд Мао даргын үеэс хүмүүжиж ирсэн арвич хямгач уламжлал амьд байгаа. Хятадын дарга нар АНУ-ын тэргүүнүүд шиг гартаа цохиур бариад талбайд зураг татуулдаггүй. БНХАУ-ын ерөнхий сайд асан Чу Жунци 2003 онд албан тушаалтнуудад гольф тоглохыг хориглохоор оролдсон билээ. Шалтгаан нь Хунань мужид намын өндөр тушаалтан гольф тоглож байгаад нас барсан хэрэг болжээ. Аппаратын ажилтанг гольфийн талбайд ажлаа хийж явсан гэж зарласан ч хүмүүс түүнийг татвар төлөгчдийн мөнгөөр зугаалж явсан хэмээн сэжиглэж байлаа…

“Татвар эмсийн зах зээл”

Шопинг, цаны амралт, гольф энэ бүгдээр Хятадын дунд ангийн баячуудын зугаа дуусахгүй. Нийг­мийн өндөр байр суурийг үзүүлэх нууц амрагтай байх явдал Хятадад дахиад л сэргэж байна. Хэдэн зуун жилийн турш татвар эмсийг бараа товар мэт үзэж, тэднийг худалдан авч худалдаж, яриа хэлцэлдээ ашиглаж байлаа. Мао даргын үед энэ зуршлыг “хөрөнгөтний ялзрал” гээд бараг алга болгожээ. Гэхдээ эдийн засгийн шинэчлэл эхлэнгүүт Гонконг, Тайванийн бизнесменүүд энэ практикийг Гуандунд өргөн нэвтрүүлж эхэлжээ. Тийм эмсийн тоо 2000 он гэхэд Хятад даяар сая биш юм аа гэхэд хэдэн зуун мянгаар тоологдож байв. Гуанжоу мэтийн орон нутагт асуулгад хамрагдсан хүмүүсийн дөрөвний нэг нь нууц амрагтай эрэгтэй эсвэл нууц амраг нь болсон эмэгтэй хүнийг мэднэ гэсэн харуулт өгсөн байв. “Хоёр дахь эхнэртэй” байх заншил (хятадаар “эрнай” гэдэг нь “өөр хөх” гэсэн утгатай бөгөөд хойд зүгт нь “сяо лаопо” гэдэг хэллэг байдаг нь “бяц­хан эхнэр” гэж буудаг) нэлээд тарх­мал Дунгуань, Чэнду ба Шанхай зэ­рэг хотуудын баячуудын хороололд “татвар эмсийн тосгон” нэртэй олон байртай бүхэл бүтэн сууц байдаг ажээ.

Эдгээр “хоёр дахь эхнэрүүд” нь Хятадын хэрэглээний зах зээлийн бүтцэд онцгой байр суурь эзэлдэг. Тэд сексийн үйлчилгээний салбарт дээд ангилал нь болдог бөгөөд гудамжны мэргэжлийн биеэ үнэлэгчид, мөн үе үе мөнгөөр үйлчилгээ үзүүлэх фабрикийн бүсгүйчүүд ба иллагийн салон, караоке клубууд, ямар ч ангиллын хамаагүй шөнийн баар зэргийн хостесууд болох үйлчлэгч нараас бүрэлдэнэ. Тэд дотроо илүү дутуугүй, зөөлөн чихтэйгээс эхлээд үнэтэй, шаардлагатай гээд үзэсгэлэн гоогоор, өнгө үзэмжээр, яс үндэс боловсрол, гарлаар ангилагддаг.  Татвар эмсийн зах зээл бусдын адил эхлээд сүүдэрт байгаад дараа нь нээлттэйгээр ажиллах болжээ. Үнэтэй эмсийг эхнэртэй бизнесменүүд баян чинээлэг, мэдрэмж сайтайгаа харуулахаар шөнийн дээд ангиллын үйлчилгээний газруудаар дагуулан явах бөгөөд хямд үнэтэйг нь ажилдаа нарийн бичгийн даргаар авдаг ажээ.

Нууц амраг байх нь эмэгтэйчүүдэд хангалттай хэмжээний мөнгө цуглуулан өөрсдийн бизнесийг нээх боломж өгдөг… Мөн тэд өөрсдийн ивээн тэтгэгчээ гартаа оруулсан ч байдаг. Шаньси мужийн Баоци хотын олон түмэнд “мэр Гульфик” гэж нэрлэгдсэн орон нутгийн намын нэгдүгээр даргыг түүний 11 нууц амрагуудын нэгийн яриа нь балласан юм. Материарлаг ашиг ба хэрэглээний баяр хөөр байгаа ч гэсэн татвар эм байх нь бас ч үгүй аюултай. Биеэ худалдагч эрнай нар “үг дуугарах эрхгүй, тэднийг диплом, албан ажил, тэтгэвэр хангамж хамгаалахгүй бөгөөд гуч гараад ажилгүй болно. Дээд зэрэглэлийн эрнай нарын амьдралд дуулиан, авлига хүндрэл гаргадаг. Хуулиар хориотой ажилтай тэднийг олны өмнө бардагнан харуулж гайхуулах нь олны зүгээс тэдэнд буруутгал ирүүлдэг” хэмээн гадаад эрнай Рейчел Девоскин ярив.

Татвар эмийн зах зээлийн чөлөөт байдлын гол дайсан нь биеэ үнэлэхийг гарын салаагаар заримдаа харчихдаг төр нь болов. Нэн ялангуяа 2000 оны тайлангаар авлигад автсан тушаалтнуудын 90 хувь нь “хоёр дахь эхнэртэй” байсан гэж бичигдсэний дараа төр энэ үүсч байгаа нууц амрагийн үйлчилгээг үндсээр нь дарахыг оролдож байгаа. Хятадын хэвлэл, олон нийт төгсгөлгүйгээр албан тушаалтнуудыг буруу замаар олсон мөнгөөрөө хоёр дахь заримдаа гурав дахь, дөрөв дэх эхнэрээ тэжээж байна хэмээн шуугиж буй. Энэ хэрэг бүр цагаандаа гараад Авлигын эсрэг тэмцэгч хөдөлгөөний идэвхтэн Ли Синьдэгийн хэлснээр “хулгайч албан тушаалтан бүрийн ард наад зах нь нэг нууц амраг байгаа” гэсэн шог хэллэг Хятадад тархжээ. Засгийн газрын шийтгэл нь ч үүнийг баталж байна. Жишээлбэл 1999 онд Гуандун мужид шийтгэгдсэн 102 албан тушаалтан бүр нэг нууц амрагтай байжээ.

Одоо Хятадад хэрэв нөхөр нь эрнайтай холбоотой нь баригдвал хууль ёсны эхнэр нь бүх хөрөнгөө авна гэсэн хууль байгаа ч шүүхэд хандсан нь цөөн. Энэ талын хамгийн том дуулиан 2008 онд гарсан юм. Хятадын телевизийн нэртэй хөтлөгч Ху Цывэй олимпийн спортын шинэ сувгийн нээлт дээр шууд нэвтрүүлэгт дайран ороод өөрийн нөхөр спорт тайлбарлагч сайхан залууг гэр бүлдээ үнэнч биш гэж буруутгаад Хятад гэр бүлийн энэ холбоонд ингэж хандаж байгаа бол хэзээ ч агуу орон болж чадахгүй гэсэн юм. Хэрэглээний зах зээлийн хөгжлийг дагаад үнэнч биш нөхрийг мөрдөх хувийн мөрдөн байцаагчдийн бизнес одоо Хятадад газар авч байна. Тухайлбал Чэнду хотын “Дэбан” гэх агентлагийг нөхрөөсөө салсан эмэгтэй үндэслэсэн ба одоо агентлагийн салбарууд хэд хэдэн хотод нээгдэн 100 гаруй ажилтантай болжээ. Хятад эмэгтэйчүүд нөхрийнхөө үнэнч биш байдлыг тэвчихгүй болж байгаа учраас салалтын тоо 2007 онд 1,4 сая болсон нь жилдээ 20 хувийн өсөлтийг үзүүлжээ. Ер нь бол шинэчлэл эхэлснээс хойш энэ үзүүлэлт тав дахин нэмэгджээ.

Карл Гертийн “Хятад хаашаа, дэлхий тийшээ: Хятадын хэрэглэгчид тоглоомын дүрмийг өөрчилж байна” гэсэн номыг бүтнээр нь “Юнайтед Пресс” хэвлэлийн газраас гаргаж байна.

Карл Герт  нь Оксфордын их сургуулийн Хятадын түүхийн профессор бөгөөд гүн ухааны доктор. Тэрээр 1966 онд Чикагод төрөөд Харвордын их сургуулийг дүүргэжээ. 1980 оноос эхлээд жил бүр Хятадад ирж байна. Хятадад  коллеж дүүргэсэн байв. Хойд Хятадын аялагатай хятад хэлийг чөлөөтэй эзэмшжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж