Төрөөс олгох тэтгэмжид хяналт тавих хүн алга

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Төрөөс олгох тэтгэмжид хяналт тавих хүн алга

-Дөрвөн аймгийн 265 иргэнд “хөдөлмөрийн чадвараа алдсан” гэх хуурамч бичиг баримтаар  95 сая төгрөг олгожээ-

Хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжийг 2010 онд 265 эрүүл хүнд олгож, улсын мөнгөнөөс 95 сая төгрөг хууль бусаар олгож байсан нь мэргэжлийн хяналтын шалгалтаар илэрчээ. Шалгалтыг Төв, Завхан, Хөвсгөл, Дорноговь аймгуудын нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс (ЭХМК)-ын үйл ажиллагаанд Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай  хууль тогтоомж, ЭХМК-ийн дүрэм, Хөдөлмөр зохицуулалт хийх заавар, журмын биелэлт болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолт  оношийн үндэслэлд  хяналт, дахин магадлал,  дүгнэлт гаргах журам зэргийн хэрэгжилтийн байдлыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас зургадугаар сарын хооронд хийсэн. Энэ шалгалтыг анх удаагаа хийж байгаа бөгөөд дээрхи дөрвөн аймаг нь хөдөлмөрийн чадвараа алдсан тэтгэмжийг хамгийн их авдаг учраас уг шалгалтыг хийсэн байна.

Шалгалтын явцад хөдөлмөрийн чадвараа алдаагүй, эрүүл  мэндийн хувьд өөрийгөө аваад явах чадвартай 265 иргэнд хууль бусаар тэтгэмж олгодог байсныг тогтоолоо. Энэ бол зөвхөн аймгуудын төвд хийсэн шалгалтаар илэрсэн тоо. Хэрэв сумдад шалгалт хийвэл үүнээс ч их тоо гарах байсан гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нийгмийн хамгааллын улсын ахлах байцаагч, магадлалын эмч Г.Баяраа хэлж байна.

Нөгөө талаар Нийгмийн халамжийн сангаас олгодог асаргааны нөхцөлт мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлсэн нь хүмүүс хуурамч баримтаар улсаас мөнгө олох нь ихэссэн гэдгийг шалгалтын ажлын хэсгийнхэн хэлж байлаа. Мөнгөн тэтгэмжийн хувийн хэргийн бүрдэлт, байнгын асаргааны гэрээ, асрагчийн тайлан, эмнэлгийн тодорхойлолт болон өвчтөний оношийн үндэслэл нь хангалтгүй. Учир нь тухайн аймгийн эмч, эмнэлгийн хяналтын комисс болон эмнэлгийн ажилчдын хамаатан садан, танил талаараа материал бүрдүүлэн дээрх мөнгийг шамшигдуулсан байна.  Үүний жишээ нь шалгалтад хамрагдсан дөрвөн аймгийн нийт  265 хүнд олгож байсан 95 сая 400 мянган төгрөг. Шалгалтын комиссийнхон хэлэхдээ “Зөвхөн хөдөө орон нутаг гэлтгүй нийслэлийн хэмжээнд ч гэсэн ийм байдал олон. Жишээ нь Баянзүрх дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний газраас шалгалт хийж өгөх хүсэлт бидэнд ирсэн. Тиймээс бид энэ шалгалтыг шат дараатайгаар хийх шаардлагатай байгаа аж. Дөрөвхөн аймгийн төвд хийсэн шалгалтаар 95 сая гэдэг бага тоо биш. Ерөөсөө тэтгэвэр тэтгэмжийн асуудал хавтгайран, хууль бус, танил талаа ашиглан төрөөс мөнгө авах нь хавгайрсныг энэ шалгалт харуулжээ. Тиймээс цаашид шат дараатайгаар энэ шалгалтыг хийх гэнэ.

Зөрчлийн гол шалтгаан нь эмнэлгийн байгууллагуудын эмнэлэг хяналтын комисс, сумын эмч нар байнгын асаргаанд байх шаардлагагүй хүмүүст тэтгэмж олгохоор зөвшөөрч, зарим сумын амьжиргааг дэмжих зөвлөл үндэслэлгүй шийдвэр гарган иргэдэд тэтгэмж олгосон, мөн халамжийн байгууллагын дотоодын хяналт сул байгаатай энэ бүхэн холбоотой гэж үзсэн байна. Хөдөлмөрийн чадвараа алдсан өвчлөлийн байдлыг авч үзвэл мэдрэлийн систем, зүрх судас, үйлдвэрийн болон ахуйн ослын өвчлөл өндөр үзүүлэлттэй байдаг аж. Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвараа алдсан 97 мянга орчим хүн байдаг. Эдгээр иргэд сар бүр 24-54 мянган төгрөгийн тэтгэмж авдаг гэнэ. Нийгмийн халамжийн тухай хуулийн V бүлэгт заасны дагуу эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ганц бие ахмад настан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, байнгын асрамжид байдаг хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа иргэдэд олгодог нөхцөлт мөнгөн тэтгэмж юм. Хэдийгээр хууль журамдаа ийм байдаг ч хуулийн дагуу мөнгө авдаг нь ховорхон бололтой.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж