Монгол, гадаад ажилчны цалинг тэгшитгэхээр болсон

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Монгол, гадаад ажилчны цалинг тэгшитгэхээр болсон

-Шалгалтын үед илэрсэн хүний эрхтэй холбоотой зөрчлүүд дээр бид хамтарсан мэдэгдэл гаргана гэв-

Монголын үйлвэрчний эвлэлүүдийн холбоо, Хүний эрхийн үндэсний комисс Оюутолгой, Тавантолгой, “Эрдэнэс МГЛ” компанид шалгалт хийгээд иржээ. Шалгалтын үр дүн болон бусад цаг үеийн асуудлаар МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатараас цөөн асуултанд хариулт авлаа.

-Та бүхэн сая Оюутолгой, Тавантолгой болон “Эрдэнэс МГЛ” компанид шалгалт хийгээд ирсэн. Яг юуг нь шалгав, болохгүй нь юу байв?

-Оюутолгой болон Тавантолгой, “Эрдэнэс МГЛ” компани, бусад нүүрсний замууд гээд бид бүгдийг нь шалгалаа. Хүний эрхийн үндэсний комисс энэхүү шалгалтыг ахалж явсан.
Харин манай холбоо энэхүү шалгалтын хэсэгт орж явсан юм. Үндсэндээ Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж дарга ажлын хэсгийг ахалсан гэж ойлгож болно. Энэхүү шалгалтын үед илэрсэн хүний эрхтэй холбоотой зөрчлүүд дээр бид хамтарсан мэдэгдэл гаргана, хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудал дээр бид голчлон ажилласан. “Энержи ресурс”, “Тавантолгой”, “Оюутолгой”-д үйлдвэрчний хороо байгуулах анхны алхмуудыг хийгээд ирлээ. Шалгалтыг хийж байх явцад эдгээр компаниуд хөдөлмөрийн харилцааны хууль ёсны хэм хэмжээг хангаж байсан нь тогтоогдсон. “Оюутолгой” ХК бусдаасаа илүү үйл ажиллагаа явуулсан учраас ярих юм ихтэй байсан. Өнгөрсөн гурван сараас хойш манай холбооны тавьсан саналыг хүлээн авч дөрвөн зүйл дээр тохиролцоонд хүрч шийдвэр гарлаа. Нэгдүгээрт, 2012 оны наймдугаар сард үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд орно. Нэг ёсондоо уурхай ажиллаж, барилгын ажил бүрэн дуусна гэсэн үг. Уурхайн ажиллагаа эхлэнгүүт тэнд ажиллах хүчний 90 хувь нь монгол хүн байна гэдэг дээр тохиролцоонд хүрлээ.

Үндсэндээ МҮЭХ болон “Оюутолгой” ХК хамтраад энэ 90 хувийн ажилчдыг боловсруулъя, сургалтын хөтөлбөр гаргая гэж тохирч, хөтөлбөрийн эцсийн хувилбарыг ойрын үед гаргахаар болж байгаа. Харин хоёрдугаарт, Оюутолгойн толгой компанид монголчууд их байдаг ч, туслан гүйцэтгэгч компаниудад гадаад ажилчид их байна. Зарим компаниудын гадаад ажилчид 73 хувьд хүрсэн байх ч жишээний. Үүнээс болоод монгол ажилчдын эрх, хөдөлмөрийн харилцаа зөрчигддөг. Биднийг ажиллаж байхад ч гомдол, санал маш олноороо ирсэн. Ярилцсаны дүнд толгой компани нь туслан гүйцэтгэх компани дээр гарч буй хөдөлмөрийн харилцаа болон хүний эрхийн зөрчлүүдийг хүний нөөц нь авч хэлэлцээд шаардлага хүргүүлэхээр болсон. Хэрвээ энэ шаардлагыг авч хэлэлцэхгүй бол хамтран ажиллах гэрээг шууд цуцална гэсэн зарчмын тохиролцоонд хүрлээ. Гуравдугаарт, Оюутолгойд байгаа хөдөлмөрлөх боломжийг нь хангасан ажлын байрны нөхцөл, хоол ундны байдлыг улам сайжруулах дээр тохирлцсон. Харин хамгийн сүүлд олон улсын хөдөлмөрийн эрхийн 100 дугаар конвенцийн дагуу “Ижил хөдөлмөрт, ижил хөлс” гэсэн зарчмыг “Оюутолгой” ХК  хэрэгжүүлэхээр тохирсон. Тэнд гадаад, монгол нийлсэн олон хүмүүс ажиллаж байна. “Оюутолгой” ХК-ийн зарим компаниудад монгол ажилчдын цалин 14 сая байхад, гадны ажилчдын цалин түүнээс илүү байсан. Монгол гадаад ажилчны цалинг тэгшитгэх ажил биднийг ярилцлага хийгээд сууж байх мөчид хэрэгжүүлээд эхэлчихсэн байгаа. Хэрвээ энэ асуудал хэрэгжээгүй байх юм бол МҮЭХ, “Оюутолгой”- ХК-ийн ҮЭХ-нд хандаарай гэдгийг нийт ажилтнуудад мэдэгдсэн. Ийм жишгийг уул уурхайн бусад компаниудад тогтоохоор бид ажиллах болно гэдгээ хэлье.

-Тавантолгойд үйл ажиллагаа явуулж байгаа “Энержи Ресурс” болон “Эрдэнэс МГЛ” компаниуд “Оюутолгой” ХК-ийнхантай адил та бүхэнтэй тулж уулзаагүй гэж ойлгож болох уу?

-Үгүй.  “Энержи ресурс” болон “Эрдэнэс МГЛ”-ийн төлөөлөлтэй бид уулзсан. Бага Тавантолгойд хүний эрхийн олон зөрчлүүд гарсан. Үүнийг хамтарсан мэдэгдэл хийхдээ илүү дэлгэрэнгүй танилцуулах байх. Хамгийн гол нь эдгээр компаниуд “Оюутолгой” шиг удаан ажиллаж, олон хүнийг хамруулаагүй. Тэгэхээр тэнд бэрхшээл цөөхөн байлаа. Бас нэг асуудал гэвэл энэ хоёр компанийн үйлдвэрчний эвлэлийн хороо Оюутолгой шиг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй юм байна. ҮЭХ нь муу ажиллаад байхаар бидэнд хэлдэг бэрхшээлүүд нь бага гэж ажиглагдсан.

-Та бүхний явсан шалгалтын дүнд хийсэн хэлэлцээрийн биелэлтийг энэ жилдээ л анхаараад бусад жилүүддээ орхих уу, эсвэл танай холбооны ирэх гурван жилийн мөрийн хөтөлбөрт тусгагдах уу?

-Энэ бол жил, жилийн төлөв­лөгөөт ажилд байнга явах ёстой. Гэхдээ МҮЭХ-ны ерөнхийлөгч байнга шалгалт хийгээд яваад байх цаг зав нь байна уу, үгүй гэдэг бол тусдаа асуудал. Хэрвээ надад цаг байвал жил, жилд ч биш, сар болгон яваад байж болно. Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭХ, тээврийн ҮЭХ, газрын тосны ҮЭХ гэх мэтчилэн аймаг, сумын ҮЭХ зэрэг байгууллагууд хамтраад жил болгон, улирал болгон хийхээр төлөвлөөд ажиллаж байгаа.

-Улсын гурван талт хэлэлцээ­рийг энэ сард хийнэ гэж байсан ямар шатандаа явж байгаа вэ?

-Өчигдөр хөдөлмөр, нийгмийн асуудлын гурван талт үндэсний хороо хуралдсан. Цалин хөлс, тэтгэвэрээ нэмэгдүүлэх асуудлыг ярилцлаа. Үүний дараа ямар нэгэн шийдэлд хүрсэнгүй. Бидний хоорондын шийдлүүд дэндүү хол байлаа. Тиймээс илүү үр дүнд хүрэхийн тулд тал, талаасаа хоёр хүнтэй баг гарган 10 дугаар сарын 4-нд буюу яг долоо хоногийн дараа эцэслэн шийдэлд хүрэхээр болсон. Ямар нэгэн шийдвэрт хүрнэ гэж найдаж байгаа. Тооцоолоогүй асуудлаас болоод хойшилчихгүй бол ямар нэгэн шийдэлд хүрэх байх.

-Хэрвээ ямар нэгэн шийдэлд хүрэхгүй бол яах вэ?

-Шийдэлд хүрэхгүй бол бид хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ дагуу тэмцэл явуулна. Ийм эрх нь ч бий.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж